УИХ-ын нэгдсэн чуулган “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр хийсэн. Гишүүд тэтгэвэрт гарах насны ангилал дээр санал зөрж байгаа юм. Үүнтэй адил иргэдийн нэг хэсэг нь тэтгэврийн насыг нэмж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Харин нөгөө хэсэг нь Монголчуудын дундаж наслалт нэмэгдсэн тул тэтгэврийн насыг нэмэх хэрэгтэй ч гэж үзэх хүмүүс байна.

 

 УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хэлэхдээ “Эцсийн хэлэлцүүлгийн асуудал дээр би хэдэн зүйл хэлэх гэсэн юм. Гишүүд та нар гэж их хэлээд байна. Бодвол АН-ыг хэлж байх шиг байна. АН ер нь 90 оны ардчилсан хувьсгал гарснаас хойш өөдрөг байсан. Бид гаргасан бодлогынхоо хүрээнд Монгол хүний дундаж наслалт нэмэгдэж байна, нэмэгдсээр байх болно гэж бодож байна. Гэтэл зарим нэг нь түүнийг үгүйсгэх юм. Нэмэгдүүлэх сонирхолгүй байгаа юм уу. Ямар хараалын өнгө аястай юм. Төр өөрөө ард түмнийхээ ирээдүйд ямар төвшинд хүрэх үү гэдэг бодлогоор хөдөлж явдаг. Түүнээс биш хөдөө оччихоод өөрсдөө хуулийн заалтуудыг дургүйцэж ухуулаг хийгээд түүнийг нь дагаад ард түмэн муухай болжээ гэж хэлдэг. Энэ хадны цуурайгаасаа салмаар юм даа” гэлээ.

 

Мөн хэлэлцүүлгийн явцад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тэтгэврийн насыг нэмэгдүүлэх зүйл заалтын талаар шүүмжлэлтэй хандсан. Мөн МАН-аас санаачилж буй тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг тусгаагүй гэдгийг шүүмжилсэн. Ажлын хэсэг болон төсөл санаачлагчдын зүгээс тогтоолын төсөлд тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудал тусгагдаагүй гэдгийг тайлбарласан. Гэсэн ч МАН-ынхан тэтгэврийн шинэчлэлийн асуудалд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг тусгаагүй учраас завсарлага авна гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогоор МАН-ынхан 5 хоногийн завсарлага авсан юм.

 

УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт тайлбарлахдаа "Энэхүү бодлогын баримт бичигт 2017-2027 он хүртэл эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 60, эрэгтэй хүнийхийг 62 болгох санал оруулж ирсэн. Тэтгэврийн нас нэмэх гэж байгааг нийгэмд хүлээж авах сэтгэл зүй байна уу, үгүй, юу. Байхгүй шүү дээ. Бид цаг үеэ мэдрэх ёстой. Хэрэгжихгүй тунхгийн шинж чанартай, хөрсөнд буугаагүй, агаарт явж байгаа бодлогыг батлах ямар шаардлагатай юм бэ. Өнөөдөртөө бодлого бол тулгамдсан асуудал биш. Өнөөдрийн тулгамдсан асуудал бол ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдээгүй байж ахмад настны тэтгэврийн насыг нэмэх тухай ярьж болохгүй биз дээ. Нэгэнтээ тэтгэврийн бодлого батлах гэж байгаа бол тэтгэврийн зээлийн хүүтэй холбоотой асуудлыг яах вэ гэдгийг шийдэх ёстой. Гарц гаргалгаа нь байхад энэ асуудлыг үлдээж болохгүй” гэж байлаа.

 

Г.Мягмарсүх