Д.Тэрбишдагва Дубайн төлөвлөгөөг эсэргүүцэх даалгаврыг Н.Энхбаяраас авч ирсэн үү
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва саяхан Япон, Солонгост байгаа намын нөхөдтэйгээ уулзаад ирсэн байна. Учир О.Чулуунбат маань Японд мэс засалд ороод эмчилгээ хийлгэж байгаа бол намын дарга болох Н.Энхбаяр БНСУ-д эмчлүүлж байгаа юм. Зургаадугаар сарын 1-нд Н.Энхбаярын төрсөн өдөр байдаг учраас тэрбээр намын даргадаа өөрийн биеэр мэнд хүргээд ирсэн гэх. Энэ тухайгаа тэрбээр “Н.Энхбаяр даргатай уулзсан. Олон л зүйлийг ярьсан. Бид хоёр уулзаагүй удсан юм билээ. Тиймээс ярих сэдэв мундахгүй шүү дээ. Гэхдээ Н.Энхбаяр дарга удаан ярихаар ядраад хэцүү л байдалтай байна. Монголдоо очиж эрүүл агаарт биеэ тэнхрүүлмээр байна л гэж ярьж байна лээ” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна лээ. 

Н.Энхбаяр Монголын улс төрд одоо ч нөлөөтэй нэгэн гэлцдэг нь оргүй зүйл биш.  Түүний хувьд хааяа эх орондоо морилох мөн намын нөхөд нь Сөүлийг зорьж даргадаа “бараалхсан”-ы дараа улс төрд ямар нэгэн асуудал дэгддэг нь ч нууц биш. Тэгвэл энэ удаа Д.Тэрбишдагва Сөүлээс Дубайн төлөвлөгөөг эсэргүүцэх даалгавартай ирсэн үү гэх асуулт гарч байгаа юм. Учир нь “Шударга ёс” эвслээс  “Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АНЭУ-ын Дубай хотноо гарын үсэг зурах арга хэмжээнд оролцсон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх уг төлөвлөгөөг хууль зөрчсөн” гэж үзээд мэдэгдэл гаргасан нь энэ асуултын хариулт болох юм. 

Тус мэдэгдэлд “Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр байгуулсан “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-өөр хэлэлцэн тохиролцсон асуудлын шинж чанар, цар хүрээ, эдийн засаг, санхүүгийн үр дагаврыг авч үзвэл “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй “гэрээ” болжээ гэж үзэж байна. Дээрх гэрээнд тусгагдсан 22 заалтыг нарийвчлан авч үзэж, хууль тогтоомжтой уялдуулах, эдийн засаг, санхүүгийн тооцоо үнэлгээг нарийвчлах, харилцан ашигтай байх зарчимд нийцүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хэлэлцэх, тохиролцон баталгаажуулах шаардлагатай гэж үзэж байна. Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн, Монголын талын эрх ашгийг эдийн засаг, санхүүгийн хувьд илт хохироосон, зөвхөн энэ таван заалтын эдийн засаг, санхүүгийн хохирлыг урьдчилсан байдлаар тооцож үзэхэд Монголын талын эзэмшиж буй 34 хувьд ногдох хэмжээгээрээ 1 тэрбум ам.долларын алдагдлыг хүлээхээр байна” хэмээгээд ажлын 14 хоногийн дотор талууд ярилцан, тохиролцож өөрчлөлт оруулж, УИХ-д илтгэхийг шаардсан юм. Тэгвэл олон нийт дээрх мэдэгдлийг Н.Энхбаярын  даалгавар гэж жиг жуг хийлцэж байгаа юм. 

Түүгээр ч зогсохгүй Г.Уянга тэргүүтэй нөхөд Ерөнхий сайдыг унагах асуудлыг тавьж эхэлсэн. Харин Д.Тэрбишдагва энэ талаар “Миний хувьд засгийг тогтвортой байлгахыг илүүд үздэг хүн. Үнэндээ сүүлийн жилүүдэд Монгол төрийн засаглалын нас 1.5 жил байдаг боллоо шүү дээ. Ийм байхад Монгол Улс яаж хөгжих юм. Засгийн газар тогтвортой ажиллаж байж, бодлого шийдвэрүүд нь үр өгөөжөө өгнө гэж боддог. Манай бүлгээс энэ асуудлаа анхаараач гэдэг санал тавьж байна. Анхаарна биз. Юу юугүй засгаас гарах тухай ярихаасаа илүү бидний тооцоотой дүгнэлтийг хүлээн авч харж үзээч ээ. Гаргасан шийдвэрээ эргэж хараач ээ гэдэг санал тавьж байна. Алдаатай буруу шийдвэрийг засуулахын төлөө явах нь төрд сонгогдсон бидний үүрэг юм шүү дээ. Шууд бие биеэ огцруулна, халж солино гэхээсээ илүү хоорондоо ярилцаад буруу зөвөө тунгаах л учиртай. Миний хувьд одоогоор Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан юм алга” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна лээ. 

Хэдийгээр тэрбээр өөрөө ийн үгүйсгэсэн ч эвслийн бүлгээс шаардлагынхаа хариуг хугацаандаа авна гэж зүтгэх нь ойлгомжтой. Цаашлаад шаардлагын хариуг хугацаандаа өгөхгүй бол Ч.Сайханбилэгийг, Засгийн газрыг огцруулна гэж бойкотлохыг ч үгүйсгэх аргагүй. Учир нь Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү  өмнө нь ярьж, Дубайн төлөвлөөгөөний талаар Ерөнхий сайдад асуулга тавьж мэдээлэл сонсох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Тэгэхээр Д.Тэрбишдагва Сөүлээс чухам ямар тушаал өвөртлөн ирсэн нь тун удахгүй тодорхой болох биз ээ. 

 

П.ТУУЛ