Оросууд Улаанбаатарын утааг шийднэ гэв үү?
2013/02/05
Цагаан сарын бэлтгэл ууц, бууз гээд утааны тухай ярианы хүч сулраад ирлээ. Ерөнхийлөгчийн чанга үг сонссон Хотын даргын хэлж буйгаар бол аюулт их утааг арилгах цаг тийм ч хол биш гэж буй.
Гэхдээ л хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг үг санаанд бууж байна. Учир нь Нийслэл хот агаарын бохирдлыг бууруулах тухай хуультай болоод гурав дахь жилдээ хөл тавьж байгаа ч, утаа бахь байдгаараа л байна.
Хэдийгээр Улаанбаатар хотод 2012 оны 10-12 дугаар сарууд буюу халаалтын ачаалалтай үед агаарын бохирдол 20 орчим хувиар, бохирдолд агуулагдах хорт бодис 80 хүртэл хувиар буурсан гэх албан ёсны мэдээ байгаа ч, ихээхэн эргэлзээтэй. Гол нь манай талаас хийгээд гавьсан юм алга. Гэтэл хойд хөршийн нөхдүүд манай утаанд ихээхэн санаа тавьж байх юм. Ямартаа л энэ онд Эрхүүгийн техникийн их сургуулийн дэргэдэх Үндэсний судалгаа шинжилгээний технопаркаас манай улсад 20 мянган ширхэг хосгүй цахилгаан хэрэгсэл нийлүүлнэ гэнэ. Цахилгаан багажууд нь нанотехнологийг ашиглаж үйлдвэрлэсэн бөгөөд хэмнэлттэй аж. Гол нь эдгээр хэрэгслүүд нь Улаанбаатарыг утаа униараас салгахад тустай хэмээн “Термостат” компанийн ерөнхий захирал Игорь Шелехов хэлжээ. Тэрээр “Бид монгол гэрийн бүтэц загварыг авч, гэрийн дулаан хуваарилалтыг тооцож гаргаснаар, гэрт халаалтын хэрэгсэл тавих хамгийн тохиромжтой газрыг тодорхойлсон. Дулааны урсгалууд нь цацрагийн байдал, өөрөөр хэлбэл газрын цахилгаан соронзон болон түүнийг хүрээлэн байгаа зүйлээс шалтгаалж байдаг. Нөгөөтэйгүүр, конвекциооны буюу, дулаан агаар дээшээ гарахад, хүйтэн агаар нь доор үлддэг. Хэрвээ эдгээр урсгалуудын нэг нь байхгүй бол хүний бие махбодь +23 хэмийн үед ч, таатай бус байдалд байна. Энэхүү багажийг бид дулааныг шингээж, дулаан дамжуулдаг нилээд хэдэн элементээр бүтээсэн. Эдгээр элементүүдийг гэрийн периметрээр төв хэсэгт өндөрт өлгөж суурилуулсан. Ингэснээр дулаан нь гэрт тэнцүү хуваарилагдана.