Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг Цагдаагийн албаны тухай хууль өргөн барих үед нь л  хэд хэдэн удаа  ширүүхэн үгс хэлснийг эс тооцвол Хууль Зүйн сайд асан, УИХ-ын гишүүн  Х.Тэмүүжин сүүлийн үед улс төрийн аливаа асуудлаар байр сууриа илэрхийлэлгүй удсан. УИХ-ын 2016 оны ээлжит сонгууль эхлэхэд яг нэг жилийн л хугацаа үлдээд буй энэ үед аль намаас хэн хаана нэр дэвших вэ гэдэг шийдлүүд эхнээсээ тодорхой болж буй.

 

 

Үүнтэй холбоотой нэгэн сонин яриа улс төрийн хүрээнд тархах болсон нь хэдхэн жилийн өмнө АН-ын залуу “од”, бараг “туг” шахуу явсан Х.Тэмүүжинг тус нам УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлэхгүй болсон тухай явдал.

 

2012 онд ч Баянгол дүүргийн АН түүнийг  УИХ-д нэр дэвшүүлэхээс татгалзсан бөгөөд намынхаа жагсаалтанд багтаж, УИХ-ын  гишүүн болсон билээ. Энэ удаад түүнд ийм аз тохиохгүй гэдгийг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд шуудхан илэрхийлсэн. Тиймээс АН-аас аль нэг тойрогт нэр дэвшихээс өөр сонголт түүнд үгүй. 

 

Одоогийн байдлаар Баянгол, СонгиноХайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн АН  Х.Тэмүүжинг багтаах ямар ч боломжгүй, дэвших хүн хангалттай байна гэсэн  тайлбартай байгаа аж. Ганц Чингэлтэй дүүрэгт л боломж гарч магадгүй хэмээж байсан ч одоо  тэр нь боломжгүй болж буй бололтой.

 

Өөрөөр хэлбэл Хууль Зүйн сайд асан, УИХ-ын гишүүн  Х.Тэмүүжинд АН-аас  хотын аль нэг тойрогт УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдохгүй болж байгаа юм байна. Хөдөө орон нутагт найдваргүй тойргууд руу явуулж,  унаган түүнийг бүр “шоглох” санаа ч АН-ын зарим лидерүүдэд байгаа тухай эх сурвалж өгүүлж буй ч Х.Тэмүүжин улс төрийг орхих шийдвэр гаргаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байхаар шийдэж магадгүй бололтой.


П.Энхмандах