Г.Дэнзэнг “аврах” төлөвлөгөө буюу Н.Алтанхуягийн “13 мэх”
“Хүргэн” Г.Дэнзэнг АТГ-аас  саатуулаад 10 гаруй хонож байна. АТГ-аас түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр сэжигтнээр татаж, өнгөрсөн тавдугаар сарын 18-нд саатуулсан. Улмаар Г.Дэнзэнш цагдан хорих 14 хоногийн хугацаа өнгөрсөн долоо хоногт дуусч, шүүхийн шийдвэрээр дахин хоёр сар үргэлжлүүлэн хорихоор болсон юм. Үндсэндээ Г.Дэнзэн хоёр сар хоригдохоор болчихоод байгаа нь энэ. 

    Тэгвэл Г.Дэнзэн АТГ-т дуудагдсанаар түүнийг “аврах” үйл ажиллагаа ч дагаад өрнөсөн гэхэд болно. Тодруулбал, экс Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хүргэнээ аврахаар эрвийх дэрвийхээрээ л хөдөлж байгаа сурагтай.  Уг нь Г.Дэнзэн “Н.Алтанхуяг дарга манай хадам аав биш. Би дүүгийнх нь охинтой хамт ажиллаж байхдаа дотносож танилцаад гэр бүл болсон энгийн л нэг залуу”  хэмээн мэдэгдсэн ч Н.Алтанхуяг түүний төлөө эцсээ хүртэл тэмцэхээр сэтгэл шулуудсан бололтой. Учир нь  Г.Дэнзэнгийн эхнэр Г.Уянгын ажиллуудаг “Говь повер” компанийн оффис болон “Хаан жимс”-ийн оффист нэгжлэг хийж, хэрэгт холбоотой байж болзошгүй баримтуудыг хураан авах үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ирж АТГ-ынхны ажилд саад учруулж, хөөж туусан талаар зарим сайтад прокурорын байгууллагын эх сурвалж мэдээлсэн. 

Сүүлийн үеийн мэдээллээр дээрх үйл явдал “Хаан жимс”-т ч өрнөөгүй гэнэ. Тодруулбал, хуучин Гэмтлийн эмнэлгийн хажууханд байх протейзын үйлдвэрийг экс Ерөнхий сайд хувьчилж авсан бөгөөд  АТГ-ынхан тэнд нэгжлэг хийх үеэр Н.Алтанхуяг гэнэт гарч ирээд  “Та нар миний юманд битгий хүр. Би юу ч өгч явуулахгүй” гээд АТГ-ынхны өмнө тэгнээд хэвтчихсэн сураг байгаа юм. Түүгээр ч зогсохгүй  Г.Дэнзэнг баривчилсны дараа “Н.Алтанхуяг АТГ-аас Прокурорын мөрдөнг салгах тухай хуулийн төсөл санаачилсны дараа Г.Дэнзэнг баривчиллаа” гэх мэдээллийг зохион байгуулалттай гэмээр цахим сүлжээ, сайтуудаар тарааж эхэлсэн байдаг. Мэдээж Н.Алтанхуяг ганц хуулийн төсөл санаачилснаас болж Г.Дэнзэнг  баривчилна гэж байхгүй. 

Гэсэн хэдий ч Н.Алтанхуягийн шинээр санаачилсан хуулийн төсөл нь цагаан захтуудыг өөгшүүлсэн хуулийн төсөл болж байна гэж олон нийт үзэж байгаа юм. Мөн тэрбээр Улсын Ерөнхий прокурорын харьяанд байсан Мөрдөх албыг АТГ-т шилжүүлснийг эрс эсэргүүцэж буй. Тиймдээ ч дээрх Мөрдөн байцаах албыг АТГ-аас салгахаар хуулийн төсөл санаачлаад байгаа нь энэ юм. Ингэснээр цагаан захтнууд өршөөгдөх боломж үүсэх талтай. Тэгэхээр хуулийн төслөөс болж Г.Дэнзэнг баривчилсан биш Г.Дэнзэн мэтийн цагаан захтнуудад зориулж хуулийн төсөл санаачилсан мэт харагдаж байгааг дурдахгүй өнгөрч боломгүй. Үндсэндээ Н.Алтанхуяг өөрийнх нь охин болон тойрон хүрээлэгчдийг нь шалгасны болон барьж хорьсны хариуг авахын тулд АТГ-ын эсрэг хувийн ашиг сонирхол бүхий хуулийн төсөл санаачилжээ гэж үзэхээс аргагүй байгааг ч олон нийт хэлж байгаа юм. 

Ямартай ч Н.Алтанхуяг сүүлийн үед “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа” хэмээн ийш тийш бичиг захидал илгээж, хуулийн төслөө батлуулахыг ч яаруулж байгаа нь нууц биш. Мэдээж тэр УИХ-ын гишүүний бүрэн эрхээр түрээ бариад АТГ-ын шалгалтаас сугарч үлдэх магадлалтай. Харин “хүргэн” Г.Дэнзэнд ингэж эдлэх эрх ямба байхгүй. Тийм ч учраас Н.Алтанхуяг хадмын хувьд хүргэнээ “аврах”-аар зүтгэх нь аргагүй. Ийнхүү Н.Алтанхуяг төлөвлөгөө боловсруулж, “13 мэх”-ээ ашиглаж эхлэв бололтой. Учир нь “Хуулийн төсөл санаачиллаа”, “АТГ-ын ажилд саад учрууллаа”, “АТГ-аас нэгжлэг хийхэд бичиг баримт дээр нь тэгнэж хэвтлээ” гэх зэргээр өдөр бүр хэвлэлийн хуудсыг чимж байгаа мэдээллүүдээс харахад Н.Алтанхуяг үнэхээр “хичээж” байгаа бололтой. Мэдээж энэ мэтхэнээр түүний арга төлөвлөгөө дуусахгүй нь лав. Тэгэхээр цаашид хэрхэхийг цаг хугацаа л харуулах биз ээ. 

 
Г.НАРАН