Энэ он гарсаар гадаад валютын үнэ буурахгүй нэмэгдсээр байсан билээ. Тэгвэл өнгөрөгч сараас эхлэн ам.доллар 100 гаруй төгрөгөөр буурав. Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ханш 1869 төгрөгтэй тэнцэж байна.

Харин Найман шарга, Ард арилжааны төвүүд авахдаа 1865-1866 төгрөг бол 1869-1871 арилжаалав.  Мөн банкууд 1855-1862-аар авч, 1875-1883 төгрөгөөр худалдаалж байна.

Эдийн засагчид долларыг 2000 хол давна магадлалтай хэмээн үзэж байсан. Энэ ч утгаараа гуравдугаар сард 2000 гараад авсан "ноён ногоон" чангарч, төгрөг хүчгүйдэж эхэлсэн. Гэтэл манай улсын эдийн засгийн сэхэрэлийн үе нээгдэж байна уу гэлтэй үйл явдлууд өнгөрөгч тавдугаар сард ар араасаа боллоо. Тухайлбал, Засгийн газрын баталгаатайгаар Худалдаа хөгжлийн банк 500 сая долларын бонд амжилттай арилжсан нь Монголын хар зах зээлд зарагдаж байгаа долларын ханшийг унагасан. Наадмаас өмнө Оютуолгойгоос 40-50 сая доллар орж ирэх юм бол оны сүүл гэхэд долларын ханш өшөө илүү буурах боломж байгаа нь харагдаж байна. 

Төгрөг чангарч, долларын ханш сулралтыг  долларын эргэлт харьцангуй багассан. Үнийн өсөлттэй үед долларыг дарж байсан хүмүүс зарахаар хав дарсан ногооноо гаргаж ирсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр доллар элбэгшсэн гэсэн үг. 

Нөгөөтэйгүүр доллараар ирэх сонгуулийн шоу хийгээд байна уу хэмээн хардах хүмүүс цөөнгүй байна. Учир нь ханш буураад байхад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ буурахгүй нэмэгдэх хандлагатай. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа ам.доллараар нэлээдгүй шоу хийсэн гэхэд болно. Ханшийг 1384 төгрөгт барина гэсэн ч биелэлээ олоогүй. Түүнчлэн ам.долларыг зориудаар үнийг нь өсгөж байна гэж мэдэгдэж удахгүй эзнийг нь зарлана гэсээр суудлаасаа буусан. Одоо харин ам.доллар буурч ирэх саруудад 1400-1500 хүрчихвэл сайшаалтай хэрэг.

Гэвч өчигдрөөс хөрөнгө оруулах таатай нөхцлийн индексээр хоёр байр ухарсан таагүй мэдээ сонслоо. Тодруулбал, Германы Хамбург хотын дэлхийн эдийн засгийн хүрээлэнгээс олон улсын аудитын “BDO” компанитай хамтран хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс орнуудын индекс “International Business Compass 2015”-ийг гаргажээ.

Хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад туслах зорилготой тус индексийг тухайн орны эдийн засаг, улс төр хууль эрх зүй, нийгэм-соёл гэсэн гурван салбарын үзүүлэлтээр дүгнэн гаргадаг. Энэ жил чансаанд дэлхийн 174 орон багтсанаас Швейцарь, Сингапур, Хон- конг, Норвеги, Нидерланд, Канад, Их Британи, Швед, Шинэ Зеланд улс тэргүүлж, Хойд Солонгос, Судан сүүл мушгилаа. Монгол Улс 174 орноос 84 дүгээр байр эзэлсэн бол ОХУ 100, Хятад 83 дугаар байрт оржээ. Манай улсын хувьд эдийн засгийн үзүүлэлтээр 115 дугаар байр эзэлсэн бол улс төр хууль эрх зүй 86, нийгэм соёлын салбарын үзүүлэлтээр 82-т жагсаж, нийт 51.15 оноо авснаар 174 орноос 84-т жагсав. Энэ нь өмнөх жилийнхээс хоёр байр ухарсан үзүүлэлт билээ.

Ямартай ч удахгүй эдийн засгаа хөл дээрээ босгож байраа урагшлуулж хөрөнгө оруулагчдаа илүүтэй татах биз.

 

Х.Даваа