Хэдхэн хоногийн өмнө манай нэгэн залуу улс төрч надад Наоми Кляйн-ы (Naomi Klein) “The Shock Doctrine: The Rise of Disaster Capitalism” (“Цочроох номлол: Сүйрлийн капитализмын цэцэглэлт”) номыг уншихыг санал болгосон юм. Эхэндээ нэг их тоосонгүй. Манайд өөрөө уншихгүй байж хүн хүнд ном уншихыг санал болгодог сэхээтэн маш олон байдаг болоод тэр. Би унших номнуудаа болж өгвөл өөрөө сонгож уншдаг. Яахав, хүн өгсөн юм чинь эргүүлээд хэдэн хуудас харав. Гэтэл энэ нь жинхэнэ бүтээл аж. Учир нь манай Монголын эдийн засаг яагаад сүйрсний учир шалтгааныг тэнд бүрэн гаргаж. Мэдээж Монгол гэж хэлээгүй л дээ. Гэхдээ манай байдал нүдэнд дурайтал харагдаж байна. Ингээд Наоми Кляйн болон түүний номноос хийсэн өөрийн товчлолыг хүргэж байна. 

Бусад оронд бол “ийм сайхан ном гарсан байна, бүгдээрээ уншаарай” гэж хэлээд л гүйцэх юм. Гэвч манай монголчууд “халзан” Д.Ганболд, Баабар, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын “цочир эмчилгээнд” ороод оюун сэтгэлгээний хувьд үлэмж муудаж, бие сэтгэлийн залхууралд нилдээ автсан учраас энэ хорвоогийн дээд зэргийн алхаг залхуу болчихсон гэдгийг сайн мэдэх монгол судлаачийн хувьд товчлол хийхээр шийдэв. Угаасаа ч манайхан “товчлол” хуулах буюу ярихдаа тун дуртай.
 
Нөгөө талаас Баабарын “Непко” компани Монголд хэрэгтэй ийм номыг хойт насандаа ч орчуулж гаргахгүй учраас түүний агуулгыг монголчууддаа товч болов хүргэх нь монгол судлаачийн үүрэг гэж үзсэн юм.
Гэвч энэ нь зөвхөн миний л товчлол учраас энэ сайхан номны маш олон санаа, баримт хийгээд гаргалгаа дүгнэлтийг орхигдуулсан нь мэдээжийн хэрэг. Иймээс залхуугаа хүчдэн хаяад уг номыг олж унших л хэрэгтэй л дээ. Ингэмэгц өөдөөс: “Та нэг сайхан орчуулаад өгөөдөх, би, бид нэг сайхан “ойлгоодохъё” гэвэл би “битгий хуц” гээд эртхэн шиг хэлчихье. 558 хуудастай дэлхийд алдартай ланжгар номыг миний ачаар “уншиж” байгаагаа их юм гэж бод…
 
Наоми Кляйны тухай
 
 
Наоми Кляйн бол 1970 онд Канадын Монреаль хотноо төрсөн, канадын сэтгүүлч, зохиолч, социологич, альтернатив глобализмын лидерүүдийн нэг юм байна. Америкаас Канад руу нүүн ирсэн еврей цагаач угсаатай аж.
2000 онд “Лого үгүй” (“No Logo”) ном бичсэн нь альтернатив глобализмын тунхаглал болсон байна. Өөрөөр хэлбэл тэр империализм, неоглобализм хийгээд өнөөгийн эдийн засгийн хэт шударга бус дэг журмын эсрэг тэмцэж эхэлжээ. Гуравдагч орнууд байнга ядуу зүдүү байгаагийн үндсэн шалтгаан нь том корпорациуд, империалист улсууд хийгээд түүнчлэн ОУВС, ДБ зэрэг олон улсын байгууллагууд мөнөөсөө мөн гэж тэр үзжээ.
Ингээд 2005 онд Английн “Prospect”, АНУ-ын “Foreign Policy” сэтгүүлүүд хамтран уншигчдаасаа санал авах замаар дэлхийн хамгийн нөлөө бүхий интеллектуаль 100 хүнийг шалгаруулахад Наоми Кляйн 11 дүгээр байр эзэлжээ. Дэлхийд эхнээсээ 11-д орох ухаантан гэсэн алдрыг хүртэнэ гэдэг бол гайхамшиг юм.
Ингээд Наоми 2007 онд бидний үзэж буй “Цочроох номлол: Сүйрлийн капитализмын цэцэглэлт” алдарт номоо бичжээ. Энд Баабарын “багш-шүтээн” Фридман болон Чикагогийн сургууль зэрэг неолиберал номлол, практикийг бутартал авчээ. 2009 онд энэ номоор баримтат кино хийсэн нь их алдаршсан ба энэ нь нетэд байдаг юм билээ. Тэнд лав л Наоми Кляйн өөрөө юм уншиж харагдана лээ, гэхдээ би нетээс киног нь бүрэн үзээгүй…
 
 
Наомийн номын товчлол. 
 
 
Эхлээд бяцхан тайлбар. Нэгэнт товчлол (конспект) учраас маш товч сэдвүүд (тезис) байх нь мэдээж. Иймээс сэдвүүдийг дугаарлав. Энэ нь Танд амар гэж бодож байна. Гэхдээ товчлолын гарчиг болон дугаар номонд байхгүй буюу номын гарчигтай шууд таарахгүй.
 
1. Неолиберализм 
 
 
– Неолиберал программыг газар сайгүй нэвтрүүлж байгаа нь нийгмийг нийгэм-сэтгэл зүйн цочролд оруулдаг, энэхүү гэмтүүлэгч цочролын үр дүнд нийгэм бүхэлдээ эрүүлээр үнэлж дүгнэх, ялангуяа неалиберал дарлалыг сөрөн зогсох чадваргүй болгодог.
– 70-аад онд Чили, 80-аад оны эцэст Хятад, 90-ээд онд Орос, 2001 оны 9 дүгээр сарын 11-ээс хойш Америкт хийж байсан шиг эдийн засагт цочир эмчилгээ явуулахад нийгэм эсвэл ардчилын үйл ажиллагааг зогсоодог, эсвэл түүнийг бүрэн хаадаг асар хүнд гэмтэл авсан байдаг.
– Үзэл суртлын энэхүү загалмайтны аян дайн нь Өмнөд Америкийн дарангуй дэглэмүүдээс эхлэлээ авсан бөгөөд өнөөг хүртэл харгис засгуудтай зэрэгцэн оршиж, ихээхэн орлого олж байна.
 
2. “Тамлалын лаборатори” I бүлэг. 
 
 
– 50-60-аад онуудад ТТГ-ын захиалгаар психиатрын доктор Эвен Камерон цахилгаан шокыг хүн тамлахад хэрэглэж иржээ.
Харин эдийн засгийн доктор Мильтон Фридман бол үүнтэй адил юм. Учир нь Фридманы дүрмийг бүх хүн мэддэг. Энэ нь:
– Засгийн Газрууд ашиг олоход саад болж буй бүхий л дүрэм журам, хуулиудаа халах ёстой.
– Засгийн Газрууд улсынхаа активыг зарах ёстой бөгөөд үүнийг том корпорициуд ашиглан ашиг олох ёстой.
– Засгийн Газрууд нийгмийн бүхий л төрлийн хөтөлбөрийг санхүүжүүлэх явдлаа эрс багасгах ёстой гэж үздэг.
 
3. Шокын үр дүн. 
 
– Үр дүн нь улс төрийн болон цэргийн эргэлт, террорист үйлдэл, зах зээлийн нуралт, тэр ч байтугай энэ бүхэн цунами, хар салхиар өдөөгдөх ба улс орнуудын хүн ам хамтын шокын байдалд ордог.
– Нөхдөөсөө урван тэрсэлж барьж өгсөн юмуу итгэл үнэмшлээсээ хагацсан улс төрийн хоригдолтой адил болж, шоконд нэрвэгдсэн тэр хүмүүс өөр үед байсан бол амь хайргүй хамгаалан тэмцэх ёстой байсан тэр үнэт зүйлсээсээ татгалздаг.
 
4. Чөлөөт зах зээл 
 
 
1. Үнийн хяналтаас татгалзах
2. Орон нутгийн үйлдвэрлэгчдийг хамгаалахаас татгалзах
3. Хамгийн бага (минималь) цалингаас татгалзах
4. Эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр, үндэсний компани, нөөцийг (ресурс) хувьчлах (хувь хүмүүсийн мэдэлд өгөх)
 
5. 1950-иад онд Латин Америкт удирдлагат хаос эхлэв. 
 
1950-иад онд Аргентин Өмнөд Америкийн хамгийн хүчирхэг дунд ангитай улс байжээ. Бусад улс орнууд ч гэсэн энэ замаар явж байв. Гэтэл энэ нь Америк дахь олон улсын корпорацийн удирдагчдад таалагдсангүй.
Юу боллоо гэж татвар болж, ажилчдад хэвийн цалин өгөх ёстой гэж ?
 
6. АНУ санаачлан Аргентин, Чили, Бразил, Мексикт “шинэ элит” бий болгох мөнгө шилжүүлж эхлэв. 
 
Латин америкийн нийгмийн хамгааллын бүтэц, үндэсний аж үйлдвэртээ санаа тавих, худалдааны хориг, үнийн хяналт зэргийг шүүмжлэхэд эхлээд оюутнуудыг сургав.
1963 он гэхэд Чилийн Католик Их сургуулийн эдийн засгийн салбарын орон тооны 13 ажилтны 12 нь Чикаго-ийн Их Сургуулийн төгсөгчид болсон байв.
 
7. Гэхдээ АНУ-д бэлтгэгдсэн эдийн засагчид Латин Америкт засгийн эрх авч чадсангүй.
 
 
Улс орнуудын засгийн газрууд тэдний үгийг сонссонгүй. Жишээ нь: 1962 онд Бразилийн Ерөнхийлөгч Жоау Гуларт цалин нэмэхийн төлөө зүтгэв, учир нь гадаадын компаниуд орлогоосоо бразилийн эдийн засагт хувь оруулах ёстой гэж тэр үзжээ.
 
8. Эвээр болохгүй бол хүчээр.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Тагнуулын Төв Газрын захирал Ричард Хелмс-т “Тэдний эдийн засгийг чарлуулаад өг !” гэсэн тушаал өгчээ.
 
9. Чилийн эсрэг хуйвалдаан. 
 
АНУ-ын Засгийн Газар, том корпорацууд хоёр нэгджээ. Чилийн телефоны компанийг эзэмшиж байсан америкийн ITT компани Чилийн сөрөг хүчинд 1 сая долларын хахууль санал болгов.
Харин үүнтэй зэрэгцэн АНУ-ын Засгийн Газар нууц тушаал гаргаж: “Ойрын 6 сарын туршид чилийн бараа таваар худалдан авахгүй байх, мөн Чилээс зэс авахгүйн тулд америкийн зэсийн нөөцийг ашиглах, Чилид америк долларын хомсдол үүсгэх” тухай заасан байна.
 
10. Чилид төрийн эргэлт гарав. 
 
1973 онд АНУ-ын шууд дэмжлэгтэйгээр Аугусто Пиночет Чилийн төрийн эрхийн булаан авав. Чикагогийн эдийн засгийн сургуулийг төгсөгчид түүний эдийн засгийн гол гол зөвлөгчид болов.
 
11. Чили дэх үр дүн.
 
1976 онд Чили дэх улс төрийн хоригдлуудын 80% нь ажилчин, тариачид байжээ.
Пиночет засгийн эрхэнд байх үедээ 125 данс нээсэн байна. 2005 онд АНУ-ын Сенатад тавьсан тайлангаас үзэхэд Вашингтон дахь Riggs Bank-д Пиночетийн 27 сая доллар илэрч байсан юм.
 
12. Индонези дань эргэлт
 
Индонезид ОУВС, Дэлхийн Банктай хамтран ажиллахыг үл хүсэгч Сукарно Ерөнхийлөгч байсан юм.
ТТГ Сукарно-г устгах тушаал хүлээн авав. Пентагон сөрөн хүчнийг зэр зэвсэг, холбоо харилцааны төхөөрөмжөөр хангажээ.
 
13. Индонезийг худалдав. 
 
1965 онд Индонезид төрийн эргэлт гарав. Шинэ Засгийн Газрын эдийн засгийн программыг АНУ-ын Чикаго-гийн Их Сургууль төгссөн бразилийн (?!) залуу эдийн засагчид хийж өгөв.
Ингээд ердөө л хоёр жилийн дараа Индонезийн зэс, никель, каучук, нефть, ой модны үйлдвэрлэл дэлхийн хамгийн томоохон уулын олборлох болон эрчим хүчний компаниудын мэдэлд бүрэн оров.
 
14. Аргентин дахь төрийн эргэлт.
 
 
“Чикагогийн залуус” Аргентины засгийн газрын бүхий л гол албан тушаалыг эзлэв.
Ингээд:
– Махны үнэ 700% өсөв.
– Үйлдвэрчний эвлэлийн ажил хаялтыг хориглов.
– Үндэсний зуу зуун компанийг гадаадын хөрөнгө оруулагчдад худалдав.
– Нэг жилийн дотор цалин 40% буурав.
– Үйлдвэр заводууд хаагдав.
 
15. 1985 он. Боливид “чөлөөт” зах зээл хөгжүүлж эхлэв. 
 
 
“Хэрэв Боливи улс цочир хөтөлбөрийг хүлээн авсан зөвхөн тэр тохиолдолд л АНУ түүнд тусалж болох юм” – Боливид суугаа АНУ-ын элчин сайд Эдвин Корр.
Бидний сайн мэдэх Харвардын профессор Жерри Сакс Боливи улсад 220 хууль санал болгов. Жишээлбэл:
– Хүнсний бүтээгдэхүүний хөнгөлөлтийг бүрэн халах.
– Үнийн хяналтыг бараг бүрэн халах.
– Нефтийн үнийг 300% өсгөх.
– Импортын бараанд зориулж хилээ бүрэн нээх.
 
16. Үүнийг ингэж дүгнэв.
 
 
“Энэ тухай ОУВС-ын ажилтнууд зөвхөн мөрөөдөж л чадна.” – Боливи дахь ОУВС-гийн ажилтан.
“Бид өөрсдийгөө Хиросимо дээр байгаа нисгэгч шиг төсөөлөх ёстой. Программаа эхэлнэ. Дараа нь харин “Өө, уучлаарай” гэж хэлнэ” – Энэ Программын үндсэн зохиогч Бедрегаль.
– “Тэд (ард түмэн) бидний ална ш дээ.” – Программыг зохиогчдын нэг Фернандо Прадо.
 
17. Боливи дэх үр дүн. 
 
 
– Хоёр жилийн дотор ажилгүйдэл 20%-иас 30% болж өсөв.
– Цалин 40-70 % унав.
– Зуун мянган ажлын байр цомхтгов.
– Комендантын цаг тогтоож, гудамжинд танк оруулав.
– Үйлдвэрчний эвлэлийн зүтгэлтнүүдийг баривчилж, Боливийн хойт хэсэгт цөлөв.
Ингээд ядуус арга буюу кок ургуулж худалдаалах болов. 1989 он гэхэд Боливид энэ ажлаар 350.000 амь залгуулах болов.
 
18. Үүнийг ингэж дүгнэв. 
 
 
“1983 онд бидний хийсэн зүйл бол бид өөрийн үүргээ шинээр ухамсарлаж, өмнөдийг эсвэл өмчөө хувьчлах, эсвэл турж үхэх хоёрын аль нэгийг сонгоход албадсан явдал юм. Энэ зорилгынхоо үүднээс бид хортой арга хэрэглэж, 1983-1989 онуудад Латин Америк, Африкийн орнуудын эдийн засгийг бантан болгосон юм” – 1980-аад онд ОУВС-гийн ахлах эдийн засагч асан Дэвид Баху.
 
19. 1980-аад оны сүүлчээр Польш коммунизмаас чөлөөлөгдөв. 
 
 
Жорж Сорос Польшийн шинэ Засгийн Газарт өмнө нь Боливид зөвлөж байсан мөнөөх Жефри Саксыг санал болгов. 1989 онд Жефри Сакс Польшид дараах зүйлсийг санал болгов:
– Үнийн хяналтыг бүрэн халах.
– Хөнгөлөлтөөс бүрэн татгалзаж, төсвийн зардлыг бууруулах.
– Хөрөнгийн зах зээл байгуулах.
– Хүнд аж үйлдвэрээс хэрэглээний барааны үйлдвэрлэлд шилжих.
– Уурхай, усан боомт, үйлдвэр заводуудыг хувь хүмүүст худалдаж тараах.
 
20. 1991 он гэхэд Польшид гарсан үр дүн.
 
 
– Хоёр жилийн дараа аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэл 30% унав.
– Импортын хэт хямд бараа орж ирснээр зарим нутагт ажилгүйдэл 25% хүрэв.
– Польшуудын 60% хүнд аж үйлдвэрээ хувьчлахаас татгалзав.
– “Солидарность”-ын удирдагчид ажилчдаас урваж, улс орныг ОУВС-гийн хяналтад өгч, худалдаж эхэлмэгц Польшид бүх нийтийн ажил хаялт эхэлж, өмч хувьчлалыг зогсоов. Яг энэ үеэс эхлэн неолиберал бүхий л прогнозын эсрэгээр эдийн засгийн өсөлт эхэлсэн юм.
 
21. ЗХУ-ын задралын дараах Орос. 
 
 
1991 онд ОУВС, Дэлхийн Банк М. С. Горбачевт Польшийн жишээгээр эдийн засгийн цочир хөтөлбөрийг хүлээн авч, чөлөөт худалдаанд зориулж хилээ бүрэн нээхийг санал болгов.
1991 онд “Washington Post” сонинд: “Пиночетийн үеийн Чили бол Зөвлөлтийн эдийн засгийн хувьд дуурайл загвар мөн” гэсэн өгүүлэл гарав.
 
22. 1991 оны сүүлчээр Оросын засгийн эрх Ельцинд ирэв. 
 
Б.Ельцин Парламентаасаа онцгой бүрэн эрх шаардаж, мөнөөх Жефри Саксыг эдийн засгийн зөвлөхөөрөө урив.
1991 оны 10 дугаар сард Б.Ельцин үнийн хяналтыг халж, чөлөөт худалдаа нэвтрүүлэв.
Төрийн 225 мянган компанийг хувьчлах нүсэр ажил эхлүүлэв.
 
23. Үүнийг ингэж дүгнэв. 
 
 
“Оросын парламентыг тараахыг дэмжих нь АНУ-д их хүнд. Гэхдээ энэ нь онцгой нөхцөл байдал юм.” – АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Уоррен Кристофер.
“Би амьдралдаа ийм их баяр баясгалан хэзээ ч мэдэрч байгаагүй” – Дэлхийн Банкны Оросыг хариуцсан эдийн засагч Чарльз Блицер.
Наоми Кляйн: “Орос бол Чилийг давтсан явдал биш, энд Чилид болсон явдал урвуу дарааллаар болсон юм. Пиночет төрийн эргэлт хийж, ардчилсан институтыг устгаад дараа нь цочир эмчилгээнд орсон. Харин Ельцин бол ардчиллын нөхцөлд цочир эмчилгээ эхлээд, дараа нь ардчиллыг устгаж, төрийн эргэлт хийснийхээ дараа ардчиллыг хамгаалах болсон. Хамгийн хачирхалтай нь энэ хоёрыг хоёуланг Барууныхан халуунаар дэмжиж байлаа.”
 
 
24. Орос дахь үр дүн. 
 
Оросын хамтралуудын 80% дампуурав.
70 мянган улсын үйлдвэрийн газар хаалгаа барив.
74 сая оросын иргэн ядуурлын шугамын гадна хаягдав.
1993 оны 3 дугаар сард Парламент Ельциний онц бүрэн эрхийг халах шийдвэр гаргав. Үүний хариуд Ельцин Парламентын ордон руу буудах тушаалыг армид өгөв.
 
 
25. 1990-ээд оны сүүлчээр Азийн хямрал эхлэв. 
 
 
Олонхи улс орон ОУВС-аас зээл авахыг гуйх болов. Үүний хариуд ОУВС дараах шаардлагуудыг тавьж байв:
– Тайланд гадаадын хүмүүст өөрийн банкууд дахь зээлийн ихээхэн хэсгийн эзэмших эрх олгох ёстой.
-Индонези хүнсний бүтээгдэхүүний үнийн хөнгөлөлтөө зогсоох ёстой.
– Солонгос хүмүүсийг бөөнөөр нь халах үедээ ажилтнуудыг хамгаалсан хуулиудаасаа татгалзах ёстой.
 
26. Ази дахь үр дүн. 
 
 
1990-ээд оны төгсгөлд гэхэд Азийн орнууд дараах байдалд оров.
– Индонези дахь ажилгүйдэл 4-өөс 12 % болж өсөв.
– Тайландад өдөр бүр 2-оос 60 мянган хүн ажлаа алдах болов.
-Өмнөд Солонгос сар тутам 300 мянган ажилтнаа ажлаас халах болов.
– Үндэстэн дамжсан корпорациуд эдгээр улсын үндэсний зуу зуун брендийг зах зээлээс шахан гаргав.
 
27. Иракийг хүчээр дээрэмдэв. 
 
“Ирак бол манай бүхий л хүлээлтийг даван гарч байна.” 2006 оны 11 дүгээр сард “Halliburton” эрчим хүчний компанийн аналитик.
Учир нь “Halliburton” компанийн ашиг 20 миллиард доллар, харин Иракийн энгийн хүн амын хохирол 3709 хүн.
 
28. ОУВС-аас 2015 онд Украинд тавьсан шаардлагууд. 
 
– Нийтийн үйлчилгээний тарифыг дахин нэмэх.
– Тэтгэврийн насыг дахиад 5 жилээр нэмэгдүүлэх.
– Эмнэлгийн байгууллагуудыг өөрийгөө санхүүжүүлэх зарчимд шилжүүлэх.
 
29. Дүгнэлтүүд. 
 
 
“ОУВС-ийн хөтөлбөрүүд дэлхийн түүхийн сүүлийн тавин жилд улс орнуудын баялгийг гадаад хүмүүсийн гарт энх тайван үед шилжүүлэн авдаг агуу том зүйлийн эхлэл байх” -Лиссабон дахь Хөрөнгийн биржийн эдийн засагч Роберт Уэйд.
Наоми Кляйн: “Гэмт хэргийн шалтгааныг биш, харин зөвхөн гэмт хэрэгт анхаарлаа хандуулж байснаараа хүний эрхийн төлөө хөдөлгөөн Чикагогийн цуст лабораторид олон зүйл болж байснаас үл хамааран нэр хүндээ бүтэн авч гарах боломжийг Чикагогийн сургуулийн үзэл сурталчдад олгосон юм.”
Наоми Кляйн: “Зах зээлийн “үл үзэгдэх гар” гэдэг бол ээлжит домог юм. Чөлөөт худалдаа бол хямралын эсрэг арга хэмжээтэй ямар ч хамаагүй гэдгийг ойлгож байгаа атлаа энэ талаарх мэдээллийг “таг дуугай дардагт” неолиберал эдийн засагчдын заль мэх оршдог. Тэд хүнд байдалд орсон улс орнуудад: “Та нар улс орноо аврахыг хүсч байна уу ? Тэгвэл түүнийгээ зарчих” гэж хэлдэг.
 
ххх
Энэ асуултад Монголын эрх баригчид “Тэгье, Бид хямралаас гарахын тулд Эх орноо зармаар байна” гэж нэгэн дуугаар хариулж байна. Хариулахаар үл барам Монгол Эх орноо бүхэлд нь зарахаас улайран дайрч байна.
 
 
Энэ хүнд үед ашгүй Наоми Кляйны ном гараад ирлээ. Наоми Кляйн бол Барууны өөрийнх нь хүн учраас түүний хийсэн дүгнэлт бидэнд ихээхэн энэ цэнэтэй. Хэрэв хэн нэгэн өөр хүн, тухайлбал орос эрдэмтэн ингээд биччихсэн бол манайхан огт тоохгүй гэж би бодож байна.
За ингээд Та бүхэн Наоми Кляйны 558 хуудас бүхий шилдэг номыг “уншаад” дуусгачихлаа. Их л олон зүйл бодогдоно байх. Хэрэв Таны толгойд элдэв хангайн онол биш, Монгол оронд болсон болон болж буй үйл явдлууд жирэлзээд буугаад ирвэл би тун их баярлах байна.
 
Цаашлаад неолиберализмын Монгол дахь төлөөлөгчдийг: “онолч” Баабар, удирдан хэрэгжүүлэгч “бэлэн үгт, бүлтрээ” Ц.Элбэгдорж, “хослон дуулагч” Ч.Сайханбилэг, “оффшор-хувьсагч” С.Баярцогт, “халзан луухаан” Д.Ганболд, “төслийн наймаачин” М.Энхсайхан гэхчлэн тоолчихож хэн ч чадах бөгөөд энд миний хэрэг байхгүй гэж бодож байна…
 
Судлаач Х.Д.Ганхуяг