Хөршийн “хаялга”
2015/06/21
Өмнөд хөрш маань түүхий эдэд суурилсан хурдтай хөгжлийн загвараас аажмаар татгалзаж эхэлсэн.Энэ нь Азийн хөгжиж буй орнуудад нэг талаар багагүй төвөг удсан. Товчхондоо, Хятад руу ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолж ирсэн улсууд өөрсдөө эрсдэлээ үүрэх болов. Хятадын эдийн засгийн тэлэлт Монгол Улсад өнгөрсөн хугацаанд чамгүй боломж олгосныг СЭЗДС- ийн Санхүүгийн тэнхимийн багш Д.Мөнхзаяа хэлж байна.
Хятадгүйгээр энэ дэлхий эдийн засгийн хувьд удаан оршин тогтнох боломжгүй гэсэн зарим судлаачийн дүгнэлт ч эхнээсээ биеллээ олоод эхэлсэн.
Учир нь тэд өнгөрсөн 10 хүрэхгүй жилийн хугацаанд даян дэлхийн хамгийн нөлөө бүхий эдийн засгуудын нэг болж амжсан. Өөрөөр хэлбэл, урд хөрш түүхий эдийн зах зээлд ноёрхлоо тогтоогоод байгаа нь энэ. Тэдний эрчтэй хөгжлийн “хаялга” Монголын эдийн засагт нарны тусгал болохын сацуу сүүдэр болсон нь бий.
Тоймлон хэлбэл, сүүлийн 30 орчим жилд дунджаар 9.3 хувьтай буюу тогтмол хурдацтай өссөн хөршийн эдийн засгийн өсөлт манайд шууд болон шууд бусаар нөлөөлж байна. Монголбанкны судлаачдын бэлтгэсэн “Хятадын эдийн засгийн Монгол Улсад үзүүлэх нөлөөлөл” судалгаанд дээрх нөлөөллийг илүү тодорхой өгүүлжээ.
Улсын нийт импортын 28 хувийг дангаараа Хятад улс эзэлж байгаа гэсэн статистик бий. Уг судалгаанд хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг онцолжээ. Үүний зэрэгцээ хилийн тээвэр, аялал жуулчлалын салбар цаашид эрчимтэй тэлэх хандлагатай байгааг дурдсан байна.
СУДЛААЧИЙН ҮГ
Өмнөд хөрш Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд хөрөнгө оруулалтын ихэнх хувь нь уул уурхайн салбарт орж иржээ. Манай эдийн засаг дан ганц уул уурхайн бүтээгдэхүүнээс хэтэрхий хамааралтай байгаа нь бидний сул тал гэж хэлж болно. Энэ нь санаа зовоох асуудлын нэг боловч зах зээлийн хувьд дан ганц худалдан авагчтай байгаа нь эрсдэлээ бүр ч нэмж буй хэрэг болохыг судлаач Д.Даваасүх анхааруулжээ.
Хөршийн эдийн засгийн өсөлт, экспортын гол бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээл дэх үнээс хамаарч манай орны эдийн засгийн өсөлт өөрчлөгдөж, таамаг зөрөх болсныг Д.Даваасүх дурджээ.
Хятадын эдийн засаг төө хэмжээтэй уруудахад манайх дагаад алдын зайтай доройтох нь бий. Ингэж үзэх шалтгаан нь нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр гээд манай экспортын голлох түүхий эдийг энд дурдаж болно. Эдгээр түүхий эдийн үнийг Хятадын үйлдвэрлэгчид тодорхойлж буй гэхэд дэгсдэхгүй болов уу. Голлох бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээл дээрх үнийн “самбар” нь одоогоор Хятад хэвээр байна. Тэнд томоохон худалдан авагчид бий учраас түүхий эдийн “төв цэг” нь өмнөд хөрш болоод байгаа.
ИНФЛЯЦИ “ИМПОРТЛОХ” ХУДАЛДАА
Урд хөрш сүүлийн үед эдийн засгийн тогтуун өсөлтийг чухалчилсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд л гэхэд өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт нэг оронтой тоонд буюу долоон хувиас огт хэтрээгүй. Ийм нөхцөлд манай эдийн засаг болон тус улсад нийлүүлэх уул уурхайн түүхий эдийн үнэ өсөх найдвар алсарч байгааг судлаач, эдийн засагч Б.Дөлгөөн хэллээ.
Тэрбээр энэ онд ч ялгаагүй өмнөх жилийн хандлага хэвээр үргэлжлэх төлөвтэй гэв.
Зөвхөн экспортын үнээс гадна хөршийн инфляцийн нөлөөлөл манай зах зээлд орж ирдэг байна. Энэ нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүний ихэнх хувийг Хятад улсаас импортолж байгаатай холбоотой аж.
Ингэснээр Хятадын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт манай улсын инфляцийн түвшинд нөлөө үзүүлэх гол суваг болж байгааг дээрх судалгаанд өгүүлжээ. Сонирхуулахад, Хятадын ДНБ болон инфляцийн түвшин өсөхөд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ нэмэгддэг гэсэн дүн гарсныг уг судалгаанд дурдсан байв. Үүнийг Хятадад эрэлт нэмэгдэхэд дэлхийн зах зээлд дээрх нүүрсний үнэ нэмэгдэх хандлагатай гэж ойлгож болно. Нүүрсний үнэ нэмэгдсэнээр манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл эерэг утгатай байна гэсэн үг.
Монголын нийт экспортын 91 орчим хувь, гадаад худалдааны эргэлтийн 54 хувийг урд хөрш эзэлж байна. Манайхаас хөршдөө нийлүүлж буй бүтээгдэхүүний 80-90 хувьд мал аж ахуйн болон байгалийн гаралтай түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн зонхилох аж. Тэгвэл Хятадаас Монголд экспортолж буй бүтээгдэхүүний дийлэнх хувийг хүнс, өргөн хэрэглээний бараа, барилгын материал бүрдүүлж байна.
Эдийн засаг өсөхийн хэрээр үйлдвэрлэл эрчимжиж, нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн үг. Ингэснээр манайхаас худалдан авч буй түүхий эдийн үнэ болон хэмжээ өснө. Энэ тохиолдолд Хятадын эдийн засгийн өсөлт Монголд томоохон “хаялга”- тай. Тодруулбал, Хятадын эдийн засаг сэргэсэн, нүүрсний үнэ өссөн нь 2011 оны манай улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувьтай гарахад гол нөлөө үзүүлсэн нь үүний баталгаа юм. Хятадын аж үйлдвэрийн салбарын өсөлт манай орны эдийн засгийн өсөлтөд төдийгүй инфляцийн түвшинд хүртэл нөлөөлж буйг тогтоожээ.
АНУ-ын эдийн засгийн төлөв сэргэсэнтэй холбоотойгоор Хятадын эдийн засгийн өсөлт тогтворжих хандлага илэрч эхэлсэн байна. Үүнээс гадна урд хөршийн үл хөдлөх хөрөнгийн салбарын идэвхжил буурснаас шалтгаалж дотоодын хөрөнгө оруулалт нь эрчимтэй саараад байгааг “Bloomberg” нэг бус удаа мэдээлж буй. Мөн банкны зээлийн чанар муудаж байгаа нь “луу”-гийн эдийн засагт хүчтэй доргилт өгөхгүй ч сөргөөр нөлөөлөх талтай ажээ. Засгийн газрын зүгээс шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалтыг өсгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн удаатай. Иймд урд хөршийн эдийн засаг цаашдаа долоон хувиас доош буухгүй гэж зарим гаднын эдийн засагч үүнийг үзэж байна. Хөршийн эдийн засгийн өсөлт нь 2015-2016 онд 7-7.1 хувьд хүрч ялимгүй саарах шинжээчдийн таамаг бий.
ТЭЛЖ БАЙВАЛ ОЛЗ
Бүс нутгийн хөгжлийг жолоодох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд шинэ амжилт тогтоогоогүй. Өмнөд хөрш санхүүгийн зах зээлээ чөлөөлж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэн үргүй зардлыг бууруулах зорилт дэвшүүлсэн.
Түүнчлэн экспортоос дотоодын хэрэглээг урамшуулахад шилжих замаар эдийн засгийн өсөлтийн загвараа шинэчлэн өөрчилж байгааг эхэнд өгүүлсэн билээ. Үүнээс үүдэн аж үйлдвэрлэлийн өсөлт нь удааширч эхэлсэн. Одоогийн жигд өсөлтөө тэд “бодит өсөлт” хэмээн хүлээж аваад байгаа. Үйлдвэрлэл, бүтээн байгуулалт эрчимжсэн жилүүдэд Хятадын ДНБ-ий хэмжээ жил бүр 10 хувиар хурдтай өссөн. Хөгжиж буй орны эдийн засаг өндөр дүнтэй тэлэх нь зүй тогтол аж.
Одоогоос 35 жилийн өмнө эдийн засгийн шинэчлэл хийсэн өмнөд хөрш дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй орны тоон багтаж чадсан. Эдийн засгийн энэхүү хурдацтай өсөлтийн шалтгааныг олон улсын эдийн засагч, эрдэмтэн судлаачид дотоодын хадгаламж болон гадаадын шууд хөрөнгө оруулалтаар санхүүжсэн их хэмжээний хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хурдацтай өсөлттэй холбон тайлбарлаж байна.
ДНБ-ий өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх Зүүн Ази, Номхон далайн бүс Хятадын эдийн засгийн өсөлтөөс ихээхэн хамааралтай. Энэ онд Хятадын эдийн засаг 6.9 хувиар тэлэх төсөөллийг Дэлхийн банкны ахлах эдийн засаг Судхир Шетти мэдэгдсэн. Энэ нь 15 сая тонн нүүрс нийлүүлэхээр зорьж буй манай улсын хувьд таатай мэдээ биш юм. Үүнээс илүү өсөлт бидэнд хэрэгтэй. Ингэж байж нүүрсний үнэ сэргэж, экспорт эрчимжиж, тэргүүлэх салбар өндийнө гэж салбарынхан учирлах аж. Хөршийн эдийн засаг агших нь манай эдийн засгийн өсөлт дагаад хумигдахын нэр. Харин тэлж байвал бидний хувьд алдаж болохгүй боломж.
Б.Баяртогтох