Монгол улсын өр зээлүүд “дампуурал” д хүргэх үү!!!
2015/06/22
Манай улсын эдийн засаг дээсэн дөрөөн дээр байна гээд хэлчихэд үнэнээс хол зөрөхгүй.
Хэдхэн хоногийн дараа чуулган завсарлаж ирэх намар хүртэл хуралдахгүй, эх орноо төвхнүүлэх асуудал хойш тавигдах гэж байна. Гэтэл эдийн засаг нь найр наадам хэсэж явах хойгуур нь эргэж сэхэхгүй сөхрөх вий дээ гэж. Энэ он гарсаар гадаад валютын үнэ буурахгүй нэмэгдсээр байсан билээ. Тэгвэл өнгөрөгч сараас эхлэн ам.доллар 100 гаруй төгрөгөөр буурав. Гэвч өнгөрөгч долоо хоногт өдөрт 10 төгрөгөөр нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 1917 төгрөгтэй тэнцлээ. Ам долларын ханш мөн улсын өр аюулын харанга дэлдэх гэж буй.
Ноён ногооны ханш дорвитой буурч байсан ч ийн өсөх болсон шалтгааныг одоогоор хэлээд өгөх хүн алга. Харин өнгөрсөн баасан гаригт, Монгол банкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаа ханш суларч буйг "3 дугаар сарын сүүлээр 2000 төгрөг дөхөөд байсан төгрөгийн ханш долоо хоногийн өмнө доод цэгтээ буюу 1860 орчим төгрөгт хүрч, нийт 7 хувиар чангарсан. Энэ нь сүүлийн 3 жилийн хугацаанд хамгийн удаан үргэлжилсэн ханшийн чангаралт болсон юм. Харин долоо хоногийн өмнөөс төгрөгийн ханш буцаад суларч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар банкнууд 1920 орчим төгрөгөөр ам.доллар арилжаалж байна. Валютын зах дээр томоохон хөдөлгөөний дараа энэ мэт тохиргоо хийгддэг нь хөрөнгийн болон хувьцааны зах зээл дээр ажиглагддагтай ижил зах зээлийн хэвийн үзэгдэл. Бид уг тохируулга хийгдсэнээр ханшийн хэлбэлзэл энэ төвшиндээ аажмаар тогтоно гэж харж байна" хэмээн тайлбарласан.
2015 оны эхний 4 сарын байдлаар, төлбөрийн тэнцлийн алдагдал өнгөрсөн 3 жилийн мөн үетэй харьцуулахад 37%-иар буурч, тогтмол өндөр алдагдалтай байсан манай улсын барааны гадаад худалдаа энэ онд анх удаа 418 сая ам.долларын ашигтай гарсан нь Монгол Улсын валютын захын тогтвортой байдалд эерэгээр нөлөөлөхөөр байна.
Мөн тэрбээр хэдийгээр зарим томоохон төслүүдийн үйл явц хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхой бус хэвээр байгаа ч, бидний төсөөлж байгаагаар 2015 онд төлбөрийн тэнцлийн дарамт өнгөрсөн оны үзүүлэлтээс нэлээд хувиар буурах эерэг дүр зурагтай байгаа. Үүний нэг илрэл нь Худалдаа хөгжлийн банк олон улсын санхүүгийн зах зээл дээр 500 сая ам.долларын бондыг арилжаалж эх үүсвэрийг татсан, Монгол банк Хятадын Ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох хэлцлийн эх үүсвэрийн боломж нэмэгдсэн, уул уурхайн төслүүдийн хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдэх эхний алхмууд хийгдсэн зэрэг юм. Иймд эдийн засгийн суурь үзүүлэлт талаасаа валютын ханш огцом сулрах эрсдэл эрс буурсан гэж ойлгож болно гэсэн.
Ийнхүү гадаад валютын зарлага орлогоосоо давж эхэлснээр Монгол Улс төлбөрийн тэнцлийн хямралд орж, улмаар ам.долларын ханш дөрвөн жилийн дотор 60 орчим хувиар чангарчээ. Ингэхдээ төлбөрийн тэнцлийн алдагдал 1.9 тэрбум ам.долларт хүрч рекорд тогтоосон 2013 онд ам.долларын ханш төгрөгийн эсрэг хамгийн ихээр буюу 22 хувиар өссөн байна.
Зарим нөхөд Монгол улс дампуурлаа зарлана гэж үзэж байгаа ажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар эдийн засгийн өнөөгийн байдлыг "жаахан өндийж байсныг нь эргээд цохиод унагачихсан. Одоо бол Монгол Улс энэ жилийн эцсээр ерөнхийдөө дампуурлаа зарлахаас өөр аргагүй болж байна. Намраас цалингаа тавьж чадахгүй болно" хэмээв.
Түүнчлэн улсынхаа өрийн талаар Монгол Улсын гадаад өр сэтгэл зовоох хэмжээнд аль хэдийнээ хүрчихсэн. Бүр даваад гараад явчихсан. Хамгийн сүүлд өнгөрсөн пүрэв гарагт байна уу даа Сангийн сайд Ж.Эрдэнэбат Дэлхийн банкнаас авах 63 сая ам. долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна лээ. Тэр мөнгийг Боловсролын чанарын шинэчлэлийн төсөл, Цахим эрүүл мэнд болон Ухаалаг Засгийн газар гэсэн төслүүдэд зарцуулах юм гэсэн. Түүнээс гадна Засгийн газар нэг тэрбум ам. долларын бонд босгохоор болоод байгаа. Гэхдээ уг бондыг дотооддоо бус гадаад зах зээл дээр гаргахаар шийдвэрлэснийг манай бүлгийн зүгээс дэмжиж байгаа. Учир нь дотоодод бонд босговол аж ахуй нэгж компаниудад улам л хүнд ачаа ирнэ. Харин гадаадад босгож төсвийн ачааллыг жигдлэх, өрийн зохицуулалтын арга хэмжээг авах чиглэлээр урт хугацааны хүү багатайгаар зах зээлд эргэлтэд оруулна гэж харж байгаа учир дэмжиж байгаа юм. Нөгөөтээгүүр энэхүү нэг тэрбум ам.долларын бонд мөн л Монгол Улсын өрийн босгыг нэмэгдүүлнэ. Гэхдээ хуульд заасан 58,3 хувийг арай ч давахгүй гэж харж байгаа гэж өөрийн байр сууриа илэрхийлээд авчээ.
Ийнхүү Монгол улс өрөөс дампууралд хүрэх үү!!! ганц эдийн засгаа хөдөлгөх томоохон төслүүдээ энэ чуулганаар хэлэлцэж амжихгүй тарах гэж байгаа. Гэтэл ирэх намрыг хүлээхгүй эдийн засаг туйлдаа хүрэх сонголтоос өөр зам үгүй бололтой.
Х.Даваа
өндөр болгох нууц · 2015/06/22
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮