Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага нэн тэргүүнд иргэдийнхээ дуу хоолойг олон нийтэд хүргэхийг эрмэлздэг билээ. Манай сайтын редакцад Монгол улсын иргэн Пүрэвийн Оюунгэрэл гуай өөрийн үзэл бодлоо болон өнөөгийн нийгмийн төрхийн талаар хуваалцахаар хандсан юм. Ингээд Чех улсад 18 жил амьдарч, багшилж байгаад эх орондоо ирээд гурван жилийг үдэж буй түүнтэй хөөрөлдсөнөө уншигч авхай танд хүргэж байна. Та бүхэн түүний яриаг оюун ухаандаа эргэцүүлэн бодож нэгийг тунгаах буй за.

-Та өөрийгөө манай сайтын уншигчдад танилцуулна уу?

-Миний нэрийг П.Оюунгэрэл гэдэг. Би 1996 онд Чех улсын  иргэнтэй гэрлэсэн. Тухайн үед манай гэр бүлийн хүн Монгол улс дахь элчин сайдын яаманд ажилладаг байсан юм. Ингээд нөхөртэйгээ Чех улсад 18 жил амьдарч байгаад монголдоо ирсэн. Монголын геологийн салбарт их хувь нэмэр оруулсан хүн. Олон улсын геологийн салбарыг харьцдаг байсан.

Би багш мэргэжилтэй хүн. Монгол улсад амьдарч байхдаа Европ, Америкийг хариуцан улсын иргэний бүртгэлд ажиллаж байсан. Мөн УИХ-ын гишүүн Батбаатар гишүүний туслах, англи хэлний багшаар дээд сургуулиудад багшилсан. Би таван гадаад хэлтэй. Эрхүүгийн их сургууль, Сингапур, Моска, Чех улсын Карлийн их сургуульд сурч явсандаа баяртай байдаг. Өөрийнхөө бүх цаг зав, мөнгө санхүүг толгойгоо цэнэглэхэд зориулсан.

-Таны манай сайтад хандсан зорилго юу вэ?

-Танайд хандах болсон зорилго гэвэл, би удаан хугацааны дараа эх орондоо ирэхэд нийгмийн бүхий  л давхаргад маш олон өөрчлөлт оржээ. Гэхдээ миний бодлоор хүн оюун санааны өөрчлөлтийг илүүтэй оруулах ёстой. Энэ нь хүн хүндээ сайхан сэтгэлээр хандах ямарваа нэгэн асуудалд орвол зөв талаас нь авч үзэхгүй больж. Тухайлбал, миний эрхийг зөрчсөн байя гэж үзье. Тэгэхэд тэр хүнийг шийдэгдэхдээ биш хуулийнхан болон зөв талаас нь яаж ийж байгаад туслах сэтгэл алга байна. Би сурган хүмүүжүүлэгч учраас аливаа зүйлийг зөв талаас нь ойлгуулахыг хичээж явдаг юм. Монголын ард түмэнд оюун санааны баялаг нэн тэргүүнд хэрэгтэй байна. Түүнчлэн эрдэм мэдлэгтээ мөнгөө зориулах ёстой шүү.

Та хүүхдээ номтой нөхөрлүүлвэл толгойд нь эрдэм оруулаад өглөө гэсэн үг. Номноос мэдэж авсан арвин баялаг чухал. Таны зан суртахуун хүмүүжлийн суурь үндэс сайхан чанар юунаас ч үнэтэй гэдгийг харуулсан байдаг. Тийм учраас ном уншдаг хүн мянган хүний амьдралаар амьдарна. Харин ном уншдаггүй хүн зөвхөн хүний амьдралаар амьдардаг. Та энэ дэлхийд зөвхөн нэг хүн боловч гэр бүл, үр хүүхдүүд хайрласан, тусалсан, амийг чинь аварсан, дэмжсэн тэр хүмүүстээ та бүхэл бүтэн ертөнц юм шүү гэж хэлье. Түүнчлэн бид нар Чингисийн үр сад гэж чээжээ дэлдэхээс илүүтэйгээр хүнийг хайрлаж байж Чингис гэсэн нэрийг өргөж явна.

-Ном бичиж байгаа гэлээ. Энэ талаараа?

-Монголын тухай ном гаргана. Америкууд надаас хүссэн Монголын түүх болон одоогийн нийгэмд өрнөж буй асуудлыг бичиж өгөөрэй гэсэн. Үүнийг бичнэ гэж бодож байгаа. Өнгөрсөн хугацаанд би цагдаагийн байгууллагад ажиллаж явсан. Энэ хооронд эрүүгийн цагдаагийн дарга байсан н.Жамъянсэнгээ хурандаа өөд болсон. Даргынхаа намтарыг өгүүлсөн номыг үр хүүхдүүдтэй нь хамтарч англи хэл дээр гаргахыг бодож байна.

Барууны оронд нэг жийп уначихаад бензиндээ мөнгө үрээд байдаггүй. Харин мөнгөө хүүхдийнхээ толгойд мэдлэг болгож оруулдаг. Хий хоосон баярхах биш, оюун санаа, ухаанаа хөгжүүлэхэд зарцуулах нь зөв. Зөвхөн өөрийнхөө хүүхдүүдэд биш нийгмийн хүрээнд хэн хаана ямар зүйлээр дутагдаж байна түүнд хүрч туслахыг хичээн яваа. Хөгжиж байгаа орны мессежүүд ийм л байдаг.

 

 

-Та одоо ямар ажил эрхэлж байна?

-Би 2012 оны наймдугаар сард эх орондоо ирсэн. Тэгэхэд намайг тагнуулч гэж худлаа мэдээлж дарамталж, доромжилсон хүмүүс бий. Гэхдээ энэ хүмүүст муу санахгүй, уучилсан. Хүний хувийн амьдрал руу яагаад оров. Тэд нарт ямар ч эрх байхгүй.

Монголдоо ирснээс хойш гэр бүл, найз нөхөд маань туслаж хөрөнгө оруулалт хийсэн. Ингээд би их, дээд сургуулийн оюутнууд, сурагч, насанд хүрэгчдэд гээд олон хүнд англи хэлний хичээл заасан. Тэгэхэд бол тэдний мэдлэгийн хүрээ маш дорой байна. Сургуулиудын сургалт маш их хоцрогдсон нь ажиглагдсан. Барууны орнуудад сургалтын төлбөрийг нь улсаас нь төлөөд өгдөг. Дараа нь ямар нэг хэмжээгээр буцааж төлбөрөө төлөх янз бүрийн зарчимтай байдаг юм. Тухайлбал, Чех улсын дунд сургууль нь үнэ төлбөргүй. Харин дээд сургууль нь билэг тэмдгийн төдий төлбөр авдаг. Гэтэл манай улсын сургуулиуд өндөр төлбөртэй хирнээ сургалтын чанар доогуур байна. Багш нарынх нь цалин бага. Тиймээс сургалт их муу байдаг байх гэж харьцуулалт хийсэн. Чех улсад амьдарч байхдаа гадаадын иргэнд монгол хэл, англи хэл заадаг байсан.

Бэрхшээлийг өөрийн гол зорилгоо болгодоггүй юмны үр дүнг харахын төлөө чармайсан. Одоо есөн сараас эхэлж англи хэлээ зааж эхэлнэ. Мөн энэ хооронд номнуудаа бичиж гаргахаар ажиллаж явна.

-Монголчууддаа хандаж юу хэлэхийг хүсч байгаа юу?

-Монголын хүмүүсийн нийтлэг алдаа бол хээл хахуульд автагдсан байна. Бараг хахууль өгөөгүй нь хүн биш болж хувирсан. Үүнийг арилгахын төлөө бүгдээрээ тэмцэх хэрэгтэй. Мөн  хүүхдүүдийг зөв сургах ёстой. Барууны оронд жоохон хүүхдүүд ингэж манайхан шиг гудамжинд тэнээд байдаггүй. Эцэг, эх нь сургалтанд явуулж, бие бялдрыг нь хөгжүүлэхэд цаг завыг нь зориулдаг. Ерөөсөө хий дэмий цаг өнгөрөөхийг хүсдэггүй. Гэтэл манай хүүхдүүд гудамжинд мод, чулуу бариад цагийг дэмий өнгөрөөж байна. Хүнийг гүн хайрлана гэдэг бол их гүн утгатай. Хүнийг хайрлаж байж хүнээс хүндэтгэл авна. Хүүхдээ дөрвөн нас хүрэхээр нь сайн юмыг зааж өг. Яагаад гэхээр хүүхэд энэ насандаа сурсан зүйл насан туршид нь мартагдахгүй үлддэг юм. Тиймээс эмээ, өвөө, гэр бүлийнх нь юу гэж сургаж байсан нь суурь хүмүүжил болдог.

 

Ярилцсан Х.Даваа