Засгийн газар энэ онд их хувьчлалыг зохион байгуулах гэж байна. Тодруулбал, энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах тухай үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Уг тогтоолын төсөлд тусгаснаар бол Шивээ-Овоо, Хөрөнгийн бирж, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дулааны 1, 2, 3-р цахилгаан станцаас эхлээд Төрийн өмчит 20 орчим компанийг хувьчлахаар байгаа юм. Яг ямар компаниудыг хувьчлах талаарх  дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

Гэхдээ Засгийн газрын явуулж буй энэ удаагийн хувьчлал энгийн иргэдэд ихээхэн халгаатай болж мэдэхээр байна. Бүр тодруулбал ард түмнийг элгээр нь мөлхүүлэх хуулийн төслийг Засгийн газар боловсруулжээ. Тэд нийгмийн салбарт хувьчлал явуулж, эмнэлэг, сургууль зарим соёл урлагийн салбарыг хувь хүнд шилжүүлэхээр болсон байна. Монголд энэ гурав л нийгмийн салбар дахь төрийн өмч. Өөр юу ч байхгүй. Тус хуулийн 4.2-т энэ талаар “Нийгмийн салбарын төрийн өмчийн зарим байгууллагын бие даасан байдлыг хангах зорилгоор тэдгээрийн засаглалын орчинг ашгийн бус компанийн хэлбэрт шилжүүлэн удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн тогтолцоотой болгоно. Гурав дахь шатлалын төрийн өмчит эмнэлэг болон төрийн өмчийн их, дээд сургууль, зарим соёл, урлагийн байгууллагыг ашгийн бус компанийн хэлбэрт шилжүүлэн удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн тогтолцоотой болгон дараах хэлбэрээр ажиллуулна” гэж заажээ.

 

Үүнээс үзвэл

Нэгдүгээр эмнэлэг /гурав дахь шатлалын эмнэлэг/
Хоёрдугаар эмнэлэг / гурав дахь шатлалын эмнэлэг/
Гуравдугаар эмнэлэг /гурав дахь шатлалын эмнэлэг/
Халдварт судлалын үндэсний төв /гурав дахь шатлалын эмнэлэг/
Хавдар судлалын үндэсний төв /гурав дахь шатлалын эмнэлэг/
МУИС
ШУТИС
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Хөдөө Аж Ахуйн сургууль
Төрийн өмчит коллежүүд зэргийг 100 хувь хувьд шилжүүлнэ гэсэн үг юм.

 

Соёл урлагийн байгууллагууд болон сургуулиудыг хувьчилж болдог юм аа гэхэд эмнэлгийг хувьчлах нь яав ч эрүүл сэтгэлээ биш. Хэрвээ тийм зүйл болбол иргэд маргааш гэхэд эмчлүүлэх эмнэлэггүй болно. Эмчлүүллээ гэхэд төлбөрийг нь дийлэхгүй үхэж мэдэхээр байна.

 

Монголд хамгийн их ачаалалтай Хавдар судлалын үндэсний төвөөр ганц жишээ авъя. Тус эмнэлэгт хавдраар өвчилсөн хүмүүс хэвтэж эмчлүүлдэг. Хөрөнгө, мөнгөтэй нэг нь гадаад руу явж доод тал нь 200-300 сая төгрөгөөр хавдраа эмчлүүлээд ирдэг бол иргэдийн олонх буюу бэл, бэнчин муутай хүмүүс улсдаа ганц Хавдрын эмнэлгээ зорьдог. Ингээд оочерлож, дугаарлаж байж үнэгүй хагалгаанд орж чаддаг билээ. Харин уг эмнэлэг хувьчлагдвал бүх эмчилгээ, хагалгаа нь өндөр төлбөртэй болно. Хувийн компани ашгаа олохын тулд эмчилгээ, үйлчилгээний төлбөрөө нэмэх нь бизнесийн зарчим. Тэгээд ирэхээр эмчлүүлэх иргэд хэдэн арван саяыг тус эмнэлэгт төлж байж өвчнөөсөө салахаар байгаа юм. Одоо бол улс эмчилгээ, хагалгааны зардлыг даагаад иргэддээ үнэгүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Харин одоо бол бүгд үнэтэй болохоор байна. Хэрвээ ингэвэл хүмүүс өвчнөөсөө салахын тулд байр, орон сууц, машин тэргээ зараад ч болов хагалгаанд ордог болно. Энэ нь цаагуураа иргэдийг туйлдуулах нь тодорхой. Хавдрын өвчлөлөөр толгой цохидог Монгол орны хувьд энэ яавч нийцэмжтэй бодлого биш юм. Эдийн засаг хямралтай үед энэ цаг үед иргэдийнхээ эсрэг хийж буй Засгийн газрын бодлого энэ.

 

Хамгийн ноцтой нь УИХ дахь АН-ын бүлэг үүнийг дэмжихгүй гэж мэдэгдсэн мөртлөө байнгын хороон дээр дэмжчихлээ. Иргэдийн өмнө эмнэлгүүдийг хувьчлахгүй гэж худлаа хэлэнгүүтээ кнопоо дарахдаа хэлснээсээ эсрэг зүйл хийсэн үг. АН-ынхан ард түмнийг ингэж зальдлаа. Харин УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэрхэн, юу гэж хэлэхийг одоо харъя.

 

Ер нь эрх баригчид тус хуулийг нууцаар, нуугдаж зүтгүүлж байна. Хэлэлцэх эсэхийг нь хаврын чуулганы хаалтын өдөр буюу цагаан сарын битүүний өдөр шийдсэн. Хүмүүсийн анхаарал цагаан сар, бөх дээр төвлөрсөн үед зүтгүүлсэн гэсэн юм. Харин одоо наадмын өмнөх өдөр буюу 10-ны өдөр эцсийн хэлэлцүүлгийг хийгээд батлах гэж байна.Өөрөөр хэлбэл хүмүүс наадам гээд зугаа цэнгэл, морь , бөх яриад явж байхад эмнэлэггүүдээ хувьд гаргаж туух нь ээ.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ын дээрх санаархлыг МАН-ынхан дэмжихгүй бөөн хэрүүл болж байгаа гэнэ.

Т.Энхэлээ