Дэнж хотойтол наадах монгол наадам юу юугүй эхэллээ. Хойтон жилийн наадам хол байна даа гэж гуниглан одсон хүмүүс хэдийнэ гуниг нь үргэж хулжаад бөөн баяр бялхуулан баяр наадмын өнгийг шинжицгээнэ.

Хэний хурд хэдэд ирэх бол, хэн хэн барилдаж наадамчин олноо баярлуулах бол гэдэг наадмын урьтал яриа мэт боловч бүхэлдээ наадмын үндэс нь болж байдаг билээ. Тэгж л ярьж, тэгж таамаглаж, тэгээд онож буудах нь наадам хэмээх баярын мөн чанар.

Бөхийн барилдаанд аль болох дархан аваргууд барилдвал бүр ч их баярладаг. Олон давахдаа биш ерөөсөө тэд наадмаар үзэгдэжл байвал болчихдог юм, наадамчин олонд. Дархан аваргатай наадам аав нь ирээд хоол ундаа идээд бужигнаж байгаа айл шиг халуухан, галтайхан байдаг сан. Сүүлийн жилүүдэд дархан аваргууд зүлэг ногоон дэвжээн дээрээ барилдахаар гарч ирэх нь цөөрч, наадам болдгоороо болох ч найраг шүлгээр дутаж буй мэт л байсан билээ. 2006 онд дархан аварга Ж.Мөнхбат, 2007 онд дархан аварга Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, 2011 онд дархан аварга Х.Баянмөнх нар зодоглож, наадамчин олноо баясгасан. Түүнээс хойш аавгүй баяр шиг дутуухан явсаар ирэв. Харин өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн зарлигаар Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар дархан аварга цол хүртсэнээр ид залуухан дархан аваргуудтай болж, бүгд л магнай тэнийтлээ баярласан даа. А.Сүхбат аварга эргэн барилдаж байна, идэр залуу дархан аваргуудтай сайхан наадам болох нь гэсэн хөөрөлхөл тэгсгээд гурвын даваа хүрэв үү, үгүй юу унтарч, үнэндээ юу болоод байгааг нь ойлгоогүй өнгөрсөн. Тэгж их хөөрч дэрвэсэн сэтгэл ус хийлгэх мэт унтарсан болохоор цэнгэлдэхийг орхиод гарсан хүмүүс ч олон байсан гэдэг.

Өнөө жил ч “Наадмаар хоёр залуу дархан аварга маань барилдах нь дээ. Бөх сайхан болох нь ээ” гээд хэдийнэ яриад эхэлжээ. Бас хэн нь зүүний магнайд зогсох бол гэж хэвлэлээр таамаг яваад эхэлсэн нь ноднингийн хэрэг явдалтай холбоотой. Хоёр дархан аварга барилдах нь гэж хөөрсөн хүмүүс олон ч бас өнгөрсөн жилийнх шиг юм болчих вий гэж битүүхэн түгшиж байна. Үнэндээ хүүхэд байхаасаа нэг зүлэг ногоон дэвжээнд зодоглож, хамтдаа унаж босч, өсч өрсөлдөж байхыг нь харсаар ирсэн түмэн олонд хамгийн хэцүү даваа тэр л байдаг юм билээ. Яг яах гээд байгаа юм, юу болоод нэг нь амлаад тэгснээ элэг бүсээ тайлаад өгчихөж байгаа юм. Түүнд нь ямар утга учир, ёс ёмбо, өс хонзон яваад байгаа юм бүү мэд. Наадамчин олны мэдэх зүйл эр бярын хүчээр, унавал чиг унаад, давбал чиг даваад түмэн олноо цэнгүүлэх л явдал байдаг. Үнэндээ тэд нарт чинь хэн нь зүүнээс босох, хэн нь баруун дээр тунах нь падлий ч байхгүй. Үнэнч шударгаар, эр бярын хүчээ гайхуулахад л хөөрч, уухайлаад явчихдаг хүмүүс. Дархан аваргыг унасан чдавсан ч “Аварга сайхан байна аа, яагаа ч үгүй байна шүү” гэнэ.

Тиймээс өнөө жилийн наадмаар энэ хэдэн бөх ухаантайхан байгаасай гэж эрхгүй хүсэх юм. Бөхчүүдэд гавьяа цол, орох орон, унаа тэрэг, хайр хүндлэл, эрх ямбыг монголчууд харамлаж байсан удаагүй ээ. Байгаагаа дэлгээд л тэднийг угтдаг. Түрүүлсэн бөхөө хийморь лундааны сүр болсон мөрөн дээрээ тавиад л гүйдэг. Тийм л ард түмэн. Заалны нэг барилдаанаас нөгөө барилдааны хооронд хөлстэй хувцсаа үүрээд гүйсэн залуучуудыг монголчууд тэгж тэнхрүүлж, тэгж борвийг нь тэнийлгэдэг юм. Тэдэнд хайр хүндэтгэл, гавьяа цол өгөх эсэхээ ард түмэн мэднэ харин тэд өгсөнгүй, харсангүй гэж гоншигнох учир байхгүй. Харин тэд жилдээ ганц болдог монгол наадмаар ард түмнээ баясган цэнгүүлэх л үүрэгтэй. “Цэргийг зуун жил тэжээж нэг өдөр ашиглана” гэдэг шиг л наадмаар ганц сайхан барилдаан үзэх гэж тэр шүү дээ. Гэвч бөхчүүд маань зодоон хийлээ, хүн буудлаа, хүүхэн зодлоо гээд юм, юм л сонсгох юм даа.

Ард түмэн анх гарч ирсэн цагаас нь хайрандаа өлгийдөж авсан нэг сайхан бөх бол А.Сүхбат аварга. Түүний хурдан шаавай хөдөлгөөн, уран гоё мэх, унаж явснаа босч үлддэг урлаг. Үнэхээр гайхмаар, бахархсандаа аньсага чийгтмээр. Монгол бөхийг уран гоё болгож, уяа бөх гэсэн ойлголтыг халж, хүн унагадаг мэх нь шинжлэх ухааны судлагдахуун болох шахсан бөх. Гэвч сүүлийн жилүүдэд тэгж хайрлаж бахаддаг бөхөө харах тоолонд эмтрээд байх боллоо.

Уулзах бүрийдээ зовлон тоочоод байдаг хүмүүсээс зугтмаар байдаг даа. Түүн шиг л ам нээх болгондоо А.Сүхбат маань нэг л их гадуурхагдаж, зовсон амьтан байх юм. Түүний яриагаар энэ Халхын хавтгайд түүн шиг өөд нар үзээгүй хүн үгүй бололтой. Дийлдэшгүй их гомдол, туниас. Зодог тайллаа гэж олон хүний сэтгэлийг шархлуулж, хэдэн жил зовоосон. Тэгээд нэг эргэж ирэхдээ баруунаас биш зүүний магнай болж зогсоно гэж зовоосон. Тэгснээ хоёр дархан аварга барилдаж байгаа наадмынхаа нэгийг нь амлан авч, тэгснээ өөрөө бууж өгөөд. Ерөөсөө хүмүүсийн сэтгэлзүйгээр бүтэн наадчихаж байгаа юм. Тааруухан зүрхтэй амьтан бол аль хэдийнэ чад хийчихмээр л байсан. Хоёулаа нэг зарлигаар цол хүртсэн дархан аваргууд атлаа нэг нь нөгөөгөө амлан авч байгаа нь дэндүү жудаггүй, хүний гэхэд хүний чанарын зий ч үгүй байсан билээ.

Тийн хэрэг өдөөж алга болчихоод одоо дахин гарч ирэхдээ бас л дүүрэн гомдол. Тайлагдаж болдоггүй гомдол юм уу. Өөрийгөө хэлмэгдсэн талаар аварга маань их ярина. Үнэхээр энэ үнэн үү гэж түүнээс асуумаар байх юм.

Монголчууд хайр халам­жаар бөхчүүдээ дутаадаггүй гэж дээр дурдсан. Эр эрийн дотроос бөх тэхээ дээдэлдэг учраас тэднийг гар дээрээ өргөөд л амьдруулчихдаг. Оюун санааны бядтай зохиолч сэтгэгчид, баялаг бүтээгчдээ ч тэгж дэмждэггүй атлаа бөхчүүдийг л гэдэг.Төрийн шагналт зохиолчоо Төрийн ордноос мөрөн дээрээ авч гардаггүй атлаа, Төв цэнгэлдэхээс бөхчүүдээ мөрөн дээрээ залаад л гардаг шүү дээ. Монгол түмний хайр халамжаар бөхчүүд юугаар ч дутаж үзээгүй улс. Дархан аварга А.Сүхбат та ч Монголын ард түмний хайр халамжинд умбаж яваа юм биш үү. Танд бүх зүйл бий, бүр хэд хэдээрээ ч бий. Гавьяа шагнал ч ер дутаагүй. Дархан цаазтай ууландаа нэг ам хашиж өгчихөөд дэргэдүүр нь явахдаа аваргын буян хишиг хэмээн сүслээд өнгөрдөг. Тийм л ард түмэн. Таныг хаана ч яваад очсон “Аварга минь” гээд ухасхийдэг хүмүүс. “Ганц улаан дээлтэй муу хүү минь” гэсээр таны барилдааныг үзэх гэж Бөхийн өргөөнд жилийг бардаг хөгшид ч байдаг байлаа.

Ийм ард түмэнтэй атлаа юунд гомдож туниж, нус нулимс болж явна вэ. Сүүлийн хэдэн жилийн турш л Монгол их түмний баяр наадмын хойморт хар нулимс савируулж, хадмынхаа суганд толгойгоо хавчуулаад сууж байхыг чинь үзлээ. Эсвэл барилдаж биш лоозон барьж дэвэх юм. Үнэндээ тэнд цугларсан хүмүүс уран гоё барилдааныг чинь үзэх гэж ирдэг болохоос уран гоё донгодсон лоозонг чинь харах гэж ирдэггүй.

Энэ жилийн наадмаар жижиг Сүхбатаа үзнэ гэсэн олон хүн цугларна. Элдэв юм яриад байгааг нь ойлгохгүй ч зүгээр л сайхан барилдчихаасай гэж найдсан бүр ч олон хүн ирнэ. Ард олныхоо итгэлийг хүлээж, хайрыг дааж сайхан барилдаарай, аварга минь. Урьдынх шигээ уран гоё барилдаанаа үзүүлж, бууж өгөлгүй, бусдад аархаж амлалгүй наадамчин олноо баясгаарай. Хоёр идэр залуухан дархан аварга маань зүүн, барууны магнайдаа ханхайтал зогсч, аль болох олон даваанд хоёр биедээ дэм болж үзэгдэж ард түмэндээ цэнгэлийн магнайг эдлүүлээсэй гэж эрхгүй хүсч байна. Аварга минь, ард түмнийхээ хайрыг л даагаарай даа.