Засгийн газар өнөөдөр Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журмыг баталлаа. Журамд урьдчилгаа төлбөрийн баталгааны нөхцөлийг инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ орон сууцны үнийн дүнгийн 10 хувийг бэлнээр харилцах дансанд байршуулан төлж, ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд орон сууцны үнийн дүнгийн 20 хүртлэх хувьд Хөгжлийн банкнаас баталгаа гаргуулахаар тусгажээ.

Хөгжлийн банк нь ипотекийн зээлийн баталгаа гарган хамтран ажиллахаар санхүү, төсвийн болон барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, арилжааны банкуудтай гэрээ байгуулах бөгөөд зээлдэгчийн сар бүрийн үндсэн төлбөрөөс эхний ээлжинд Хөгжлийн банкны баталгааны дүнтэй тэнцүү хэмжээний төлбөр бүрэн төлөгдөж дуусмагц баталгаа дуусгавар болох юм.

Орон сууцны ипотекийн зээлийн баталгаа гаргуулах иргэнд тавигдах шалгуур үзүүлэлтийг анх удаа үндсэн зээлдэгчээр шинэ орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авч буй, тогтмол орлоготой, сүүлийн хоёроос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн, ипотекийн зээлийг эргэн төлөх орлого нь банкны шалгуураар нотлогдсон, “Өрхийн мэдээллийн сан”-ийн VII-XV бүлгийн иргэн байхаар тодорхойлжээ.

Орон сууцны ипотекийн зээлийн баталгаа гаргуулах иргэний хүсэлтийг хянан шийдвэрлэх, ипотекийн зээлийн баталгааг тайлагнах, хяналт тавих үйл ажиллагаа болон бусад холбогдох асуудлуудыг журамд оруулсан байна. Энэ журам батлагдан гарсантай холбогдуулан Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д “Ипотекийн зээлийн хугацаа 20 жил хүртэл байна” гэсний дараа “Орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувийн баталгаанд хамрагдсан иргэний ипотекийн зээлийн хугацаа нь 30 хүртэл жил байна” гэж нэмэхээр боллоо. “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д өөрчлөлт оруулах санал боловсруулж, энэ оны 10 дугаар сард багтаан танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болголоо.