Э.Бөхбат: Архи ууж, дүрэм зөрчөөгүй бол шинээр баталсан хуулиас айлтгүй
2015/07/10
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг УИХ-аар баталсантай холбогдуулан Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга,цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг УИХ баталлаа. Олон нийт таатай хүлээж авахгүй байх шиг байна. Машин унахад хэцүү боллоо. Дандаа торгоно, шийтгэнэ, журамлана, хорино гэсэн заалт байна гэж шүүмжлэх хэсэг ч байна. Та мэргэжлийн хүний хувьд ямар санал бодолтой байгаа вэ?
-Согтууруулах ундаа хэрэглээд автомашин жолоодно гэдэг угаасаа аюултай, эрсдэлтэй үйлдэл. Жилд Монгол Улсын 600-700 иргэн зам тээврийн ослоос болж нас барж байна. Дүрэм зөрчсөн, согтуу жолоочоос болж жилд 48-50 хүүхэд амиа алддаг.
Өдөрт хэчнээн хүн амь насаа алдаж, эд эрхтнээсээ салж байгаа билээ. Амь нас, эрүүл мэндээсээ гадна эд хөрөнгөөрөө ч хохирч байна. Амь насаа алдаж, тахир дутуу болж байгаа энэ хүмүүсийн дунд бидний хамаатан садан, үр хүүхэд минь байгаа. Тиймээс хөдөлгөөнд оролцогчид, иргэд энэ хуулийг торгох, шийтгэх гэх мэт мөнгөн талаас нь битгий хараасай.
Бид хуулийн төсөл батлагдахаас өмнө судалгаа, тандалт хийсэн. Авдаг мөнгө нь нэмэгдэж, шорон дүүрэх нь гэсэн бодолтой хүн олон байгаа нь харамсалтай. Ер нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдэл нь дэлхийд хориотой. Дэлхийн улс орнууд ерөөсөө л хуулиа чангатгаж энэ төрлийн гэмт хэргийг бууруулсан байдаг.
Сая баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дэлхийн жишигт нийцсэн. Эрхэм жолооч нар минь, ганцхан юм ойлгочих. Согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд машин барихаа л больчих. Тэгвэл энэ хуулийн харилцаанд оролцохгүй.
Торгуулж, журамлуулахгүй. Дүрмээ биелүүлээд, архи согтууруулах ундаа хэрэглээгүй бол шинэ гарсан хуулиас айх ямар ч шалтгаан байхгүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль жолооч, замын хөдөлгөөнд оролцогчдын сайн найз байх болно.
-Хууль хэрэгжиж эхэлснээр бүсээ зүүгээгүйгээс эхлээд зөрчил болгон дээр торгоно. Зөвхөн жолооч нараас гадна дүрэм зөрчсөн явган зорчигчийг ч торгохоор байгаа. Явган зорчигчийг торгоно гэдэг жаахан итгэл үнэмшил багатай санагдаад байх юм. Тухайн хүн мөнгөгүй явж байвал яах вэ?
-Торгуулийн хэмжээ ерөнхийдөө нэмэгдэж байгаа. 5000-8000 төгрөгөөр торгох нь хүмүүст нөлөөлөхөө больчихжээ. Энэ нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж болохгүй гэдэг байдлаар сэтгэхүйд нөлөөлөхгүй байна. Ийм болохоор дураараа дүрэм зөрчиж, үүнээс болоод хүний амь нас хохироод байгаа.
Үүнээс сэргийлж торгуулийн хэмжээг нэмж байгаа юм. Гэхдээ заавал торгуулах албагүй шүү дээ. Дүрэм зөрчихгүй бол хэн ч торгуулахгүй. Энэ хууль бүхэлдээ өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилготой. Заавал цагдаа, хүчний байгууллага, хуулиар шахуулж байж амь нас, эрүүл мэндээ хамгаалах ёсгүй.
Гэр бүл, үр хүүхдээ суулгачихаад өөрөө согтуу байж таарахгүй. Таны гарт гэр бүлийн чинь аюулгүй байдал байгааг ухамсарлах, тэднийгээ аюул ослоос хамгаалах нь иргэн бүрийн үүрэг.
-Хуулийн төслийг баталснаар ямар үр дүн гарна гэж хүлээж байгаа вэ?
-Согтуугаар машин барих хүний тоо цөөрнө. Энэ төрлийн гэмт хэргийн тоо буурна. Хамгийн чухал нь энэ. Ингэснээр Монгол Улсын нэг иргэний ч болов амь насыг аварна.
Дараагийн нэг чухал зүйл бол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байгуулж Ерөнхий сайд толгойлохоор болж байгаа. Ерөнхий сайд УИХ-д жилд нэг удаа тайлангаа тавина. Ингэснээр зам дээр хүний амь нас хамгаалах эрх зүйн орчин бүрдэх ач холбогдолтой.
-Жолооч нар хүн дайраад амь насыг нь хохироочихдог. Гэтэл санамсар, болгоомжгүй үйлдсэн гэж үзэж дээд тал нь таван жилийн ялаар шийтгүүлдэг. Энэ байдлыг хуулиар зохицуулсан уу?
-Энэ өөрчлөгдөөгүй. Гэхдээ бусад хуулиар зохицуулахаар төсөл явж байгаа. Явган зорчигч замын хөдөлгөөнд бас үүрэг хүлээж оролцдог. Үүргээ биелүүлээгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй болох, амь насаа алдах зэргээр хохирох тохиолдол гардаг. Өмнө нь явган зорчигч гэмтээсэн л бол, ядаж эмчилгээний зардлыг нь өгчих гэдэг байсан. Одоо ийм зүйл байхгүй.
Явган зорчигч гарцгүй газраар явах зэрэг өөрийн буруугаас мөргүүлсэн бол жолоочид учруулсан хохирлыг төлдөг эрх зүйн орчин үйлчилнэ. Явган хүний буруугаас жолоочид учруулсан хохирлыг төлдөг болно гэсэн үг. Тэгэхээр явган зорчигч давуу эрхтэй хэсгээрээ зорч, жолооч дүрмээ баримтал. Дүрмээ зөрчөөгүй нь хуулийн хамгаалалтад байна гэдгээ л ойлгох хэрэгтэй.
-Явган зорчигчийг яаж торгох вэ?
-Манай хойд хөршид гадаад дотоодын гэлтгүй бүх хүн бичиг баримтаа заавал биедээ авч явах журамтай. Ухаан алдаж унах, осолд өртөх гээд янз бүрийн тохиолдол гарахад тэр хүнийг хэн бэ гэдгийг тодорхойлох боломжтой болох давуу талтай.
Манайд ч бүртгэлийн системийг төгөлдөршүүлэх нь энэ ажлын эхлэл. Хууль зөрчсөн явган зорчигч бичиг баримттай бол торгуулийг нь бүртгэлжүүлнэ. Бичиг баримтгүй яваа бол хэн болохыг нь тогтоохын тулд түр саатуулна. Тухайн хүн гэрээсээ бичиг баримтаа авчруулаад явж болно. Энэ мэт олон арга байдаг.
-Жолооч, явган зорчигчоос гадна жолооны курс, замын компани хүртэл хариуцлага хүлээх заалт орсон байсан, тийм үү?
-Бүх тал хариуцлага хүлээхээс өөр аргагүй болчихоод байна. Жолооны курс муу жолооч бэлтгэн гаргаснаас осол гаргаж байна. Энэ судалгаа, статистик Замын цагдаагийн газар байдаг. Хуульд тусгасан зүйл заалтад хэн нэгэн санаанаасаа зохиогоод хийчихсэн нэг ч өгүүлбэр байхгүй.
Бүгд өнгөрсөн хугацааны турш хийсэн судалгаа, шинжилгээ, тоо баримтад үндэслэн боловсруулсан байгаа. Маш олон иргэний санал хүсэлтийг тусгасан. Замын нөхцөл байдлаас болоод, жишээлбэл траншей таггүйн улмаас хэрэг гарсан тохиолдолд түүнийг хариуцсан аж ахуйн нэгж хариуцлага хүлээдэг.
Гэхдээ цаашдаа зөвхөн торгуулах биш эрүүгийн хариуцлага хүлээхээр тусгасан байгаа. Цаашлаад чанаргүй зам тавьсан бол хариуцлага ногдуулахаас өөр аргагүй.
-Урьд өдөр нь архи уучихаад, маргааш архи нь гараагүй, бага зэрэг үнэртүүлсэн явахад хариуцлага хүлээхээр байгаа. Ийм нөхцөлд согтуу байна гэж үзэх үү?
-Манайхан нэг юмыг ойлгох хэрэгтэй. Урд өдөр уусан архи маргааш нь гараагүй байвал тэр хүний элэг нь муу. Согтууруулах ундааны төрлийн зүйлийг тухайн хүний бие хүлээж авч чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр сэтгэн бодох, самбаачлах хугацаа, орчин тойрондоо үнэлэлт дүгнэлт өгөх чадварт согтууруулах ундаа нөлөөлсөн хэвээрээ байна гэж үздэг. Тиймээс хориглоод байгаа юм.
-Хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэхгүй байх зохицуулалт орсон уу?
-Замын хөдөлгөөний дүрмийн 1.7 гэсэн заалт байдаг. Түүнд хөдөлгөөнд бусдад аюултай нөхцөл байдал үүсгэхгүйгээс зорчино гэж заасан. Гарны оролцоогүй утас хэрэглэнэ гэж байгаа. Энэ бүхэн бас л хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой.
60 км/цагийн хурдтай яваа машин нэг секундэд хэр зай туулах вэ. Утсаар оролдоход анхаарал сарниж байдаг. Тэгэхээр тээврийн хэрэгслээ зогсоож байгаад л ярьчих ёстой юм. Ер нь замын хөдөлгөөний дүрмийг цусаар бичсэн гэж ойлгож болно. Тиймээс хайрхамжгүй хандаж, зөрчих эрх хэнд ч байхгүй.
-Хүүхэд автомашины осолд орох нь буурахгүй байгаа. Хүүхэдтэй холбоотой ямар заалт байгаа вэ. Хууль хэрэгжсэнээр хүүхдийн осол буурах тооцоо бий юү?
-10 нас хүртэлх хүүхдийг заавал хөтөлж зам хөндлөн гаргах, бага насны хүүхдийг тусгай зориулалтын суудалд суулгана. Хамгаалах бүсийг заавал хэрэглэнэ гэсэн заалтууд байгаа. Хуулийн заалтуудыг судалгаан дээр үндэслэж хийсэн гэдгийг хэлсэн. Хууль хэрэгжсэнээр осол хэдэн хувь буурахыг хэлэхэд эрт байна. Гэхдээ хууль хэрэгжих эхэлсний дараа 30-40 хувийн амжилттай байна гэж бардам хэлэх байх.
-Ямар нөхцөлд хэдэн төгрөгөөр торгох, яавал хорих юм гэдгийг нарийн тайлбарлаж болох уу?
-Хуулийг дөнгөж өчигдөрхөн баталсан. Албан ёсоор бидний гар дээр ирээгүй байна. Хуулийн дагуу Замын хөдөлгөөний дүрмийг шинэчилнэ. Тэгэхээр одоогоор нарийн хэлэх боломжгүй. Ямар ч гэсэн торгуулийн хэмжээ өссөн, эхний удаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нугалсан гэхээр 400 орчим мянгаар торгуулна.
Давтан үйлдсэн бол дээрх хэмжээг дөрөв дахин нугалж, эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах заалт байгаа. Ер нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, дүрэм зөрчих нь зам тээврийн осол гаргах, хүний амь насыг хохироох эрсдэлд хүргээд байгаа юм.
Үүнээс л хамгаалах гэж торгуулийн хэмжээг нэмсэн. Үүнийг мөнгөн талаас нь харж болохгүй. Мөнгөөр үнэлж болохгүй хүний амь насыг аварч хамгаалах гэдгээр хүлээн аваасай гэж дахин давтан хэлмээр, ойлгуулмаар байгаа юм.
М.Алтанцэцэг
Зочин · 2015/07/10
ЦАГДАА НАРТ АШИГТАЙ Л ЮМ............
Зочин · 2015/07/10
Barun gar talruugaa ergeh uildeliig zuvshuurmuur baigaa yum, shuluun ursgald mashingui, mun gartsaar garj bui yavgan zorchigchgui uyed.. baruunii neg durem baidagdaa..
Зочин · 2015/07/10
Цагдаатай зохицоод байгаа үйлдлүүдийг яах вэ? Цагдаад хэн төгрөг атгуулахад л зүгээр явж болдог шүү дээ. Цагдаа мөнгө авах сонирхолтой, иргэн хэдэн төгрөг атгуулж зүгээр с******** сонирхолтой. Үүнийг яаж зохицуулж байгаа вэ?