Ажлын байр олдохгүй байна уу эсвэл...
2015/07/16
Улс орны эдийн засгийг хүндэрсэн гэж улс төрчид дүгнэсэн. Тэгвэл хүндэрсэн эдийн засгаа хөл дээр нь хурдан босгохын төлөө мэрийхгүй байна уу даа гэлтэй. Иргэдэд ажлын байр хомс учраас ажилгүйчүүдийн тоо нэмэгдсээр байгаа юм. Ажилд орохоор бүртгүүлсэн иргэд зургаадугаар сарын эцэст 32.7 мянга болж өмнөх сарынхаас 0.7 мянгангаар 2.3 хувиар өсчээ.
Уг нь оны эхэн үед 4.2 мянган хүн буюу 11.5 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 мян.хүн буюу 3.4 хувиар буурч байсан. Гэвч ийнхүү ажилгүй иргэдийн тоо нэмэгдсэн нь эдийн засгийн хүндрэлтэй холбон тайлбарлаж болохоор байна. Учир нь ирэх сард дампууралаа зарлах хэд хэдэн байгууллага бий гэж худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдэгдсэн. Гадаадын хөрөнгө оруулалт нь хасах заалттай байгаа өнөө үед ажилгүйчүүдийн эгнээ хүрэээгээ тэлсээр байх болов уу.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 53.2 хувь буюу 17.4 мянга нь эмэгтэйчүүд байгаа аж. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад оны эхний хагас жилд ажилгүй 58.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 11.0 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ. 62.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 47.2 хувийг бүрэн дунд, 27.9 хувийг дипломын дээд болон бакалаврын, 7.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.8 хувийг суурь, 6.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.4 хувийг бага, 0.9 хувийг магистр, доктор, 0.9 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.1 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа юм.
Хэдий эдийн засаг хүндрэлтэй байгаа ч гэсэн ид хийж бүтээх насны залуучууд ажилгүй байгаа нь дэндүү гэмээр харамсалтай байна. Улс орноо хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож өөрсдийн амьдралаа тэд өөд татахыг хүсэхгүй байна уу эсхүл залхуурч байна уу. Ажлын байр олдсон ч цалин хөлс нь бага гэх шалтгааныг бакалаврын зэрэгтэй хүмүүс голдог бай жишээтэй.
Х.Даваа