-Орлогоосоо зарлага нь давсан улс-

 

Манай улсын эдийн засаг тогтворгүй өр зээл ихтэй зэрэг олон шалтгааны улмаас эдийн засгийн хүндрэл цааш үргэлжлэх бололтой.

Улсын нэгдсэн төсөв нь орлогоосоо зарлага нь давж орхижээ. Энэ оны 6 дугаар сард улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 542.3 тэрбум төгрөг, зарлага 729.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас тэнцвэржүүлсэн орлого 119.4 тэрбум төгрөг буюу 28.2 хувь, зарлага 203.7 тэрбум төгрөг буюу 38.8 хувиар өслөө.

Харин нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 187.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх сарынхаас 84.4 тэрбум төг буюу 82.0 хувиар өсжээ. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 19.9 тэрбум төг буюу 0.9 хувиар өсөхөд нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 126.0 тэрбум төг буюу 19.8 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 23.9 тэрбум төг буюу 13.6 хувиар буурсан хэдий ч нийгмийн даатгалын орлого 72.3 тэрбум төг буюу 15.9 хувь, онцгой албан татварын орлого 44.2 тэрбум төг буюу 20.1 хувь, бусад татвар, төлбөр, хураамжийн орлого 42.5 тэрбум төг буюу 14.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Ийнхүү улсын төсөв нь алдагдалтай байгаа цагт мөнөөх өрөө яаж төлнө дөө. Арай Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлсэн үгийг давтах аавын хүү 76-д байхгүй гэж найдаж сууя. 

 

 

-Улсын өр ДНБ-ээсээ бараг хоёр дахин их боллоо-

Монгол банкнаас манай улсын нийт гадаад өрийн хэмжээ энэ оны эхний улирлын байдлаар 20.9 тэрбум ам.доллар буюу 41.4 их наяд төгрөг болоод байгаа юм. Энэ нь манай улсын өнгөрсөн оны Дотоодын нийт бүтээгдэхүүнээс /ДНБ/-ээс 1.9 дахин их тоо гэсэн үг.  ДНБ-ээсээ бараг хоёр дахин их гадаад өртэй байна гэдэг нь дан ганц уул уурхайн салбараас хэт хамааралтай, эдийн засгаа төрөлжүүлж чадаагүй, үйлдвэрлэл хөгжөөгүй, эдийн засгийн дотоод потенциал муутай манай орны хувьд маш хурдан хугацаанд гадаад өрийн дарамтад орох боломжийг нээж өгч байгаа нь энэ. 

Зээлжих зэрэглэл нь таагүй байгаа манай улсад хөрөнгө оруулалт хийхэд тун бэрх байгаа гэдэг. Үүн дээрээ нэмээд их өрөөсөө болж дампуурах магадлалтай орны наймдугаарт бичигдэж дэлхийн даяар зарлаж орхилоо. Хэзээ мөдгүй дампуурч мэдэх улсад хэн хөрөнгө зарах уу гэдэг нь бас л бүрхэх. 

Эдийн засагчдын дүгнэж буйгаар, Зөвхөн Засгийн газрын өрөнд тогтоосон хязгаар яриад байна. Гэтэл манай улсын хувьд хувийн хэвшлийн өр үүнээс илүүтэй чухал. Тиймээс эдийн засагт чухал нөлөөтэй хувийн хэвшлийн өрийг орхигдуулж байгаа үед Засгийн газрын өрийг хэчнээн яриад өнөөгийн бодит дүр төрх, эдийн засагт учруулж байгаа өрийн эрсдэлийг харж чадахгүй гэж эдийн засагч Х.Батсуурь хэлсэн. Ийнхүү улсын гадаад өр өсөх тусам гадаадын хамаарал нэмэгдэж, дарамт ихсэх нь тодорхой. 

 

 

Х.Даваа