Ирэх онд болох сонгуулийн марафонд улс төрийн намууд ил, далд байдлаар эрчимтэй бэлдэж эхэллээ.  Хаврын чуулган хаахын өмнөхөн засгаас хөөгдсөн МАН ирэх сонгуулиар олонх болохын төлөө шаргуу хэлэлцэж эхэлжээ.
 
Гэвч намын сонгуулийн хэлэлцүүлэгтэй холбогдон ууган намын дунд томоохон хагарал үүсээд байна. Тодруулбал, намын залуу нэр дэвшигчид “хөгшчүүл”-тэйгээ тойрог, суудлаа булаацалдаж эхэллээ.
 
Наадмын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Занданшатар, МАН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ нар “Ардын хүч” гэсэн шинэ фракцтай болжээ. “Ардын нам-Ардын хүч” фракцынхан 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хурал хийж, намаа шинэчлэх тухай асуудлыг хөндсөн хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
 
Өнөөгийн улс төрийн мухардлаас гарах зорилготой, сонгуулийн өмнөхөн “ургасан” МАН-ын шинэ жигүүрийг У.Хүрэлсүх, Сү.Батболд нарын гар хөл гэх мэдээлэл ч байна. Гэтэл АН-ынхны хувьд 2016 оны сонгуульд гарвал хэн хэн засагт орох вэ гэсэн хувиараа ярилцаж, амь амиа бодон сонгуульд бэлдэж байна.
 
Тавантолгойн хуулийн төслөөс эхлээс З.Энхболд тэргүүтнүүд намтайгаа хагаралдах болсон нь илт. Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл л гэхэд хувийн тоглолтоо ирэх сард болох Улаанбаатар хотын даншиг наадмаар эхлүүлэх гэж байна. 
 
МАХН-ын тухайд УИХ-д цөөн хэдэн суудал авахыг зорьж байгаа. Дуучин С.Жавхлан МАХН-аас сонгуульд нэр дэвшинэ гэсэн яриа бий. С.Жавхлан өнгөрсөн сард МАХН-ын дарга Н.Энхбаяртай очиж уулзсанаас энэхүү мэдээлэл үнэний ортой гэдэг нь харагдана. Тиймээс МАХН цөөн хэдэн “эх орончид”-доо найдах бололтой. 
 
Харин Хөдөлмөрийн үндэсний намынхан хөдөө орон нутгуудаар яваад эхэлжээ. СХД, ЧД-т хороодоо байгуулсан ХҮН намынхан нийслэлийн бусад дүүргүүд болон аймгуудад намын хороогоо байгуулж, гишүүдийн тоогоо зузаатгаж байна.
 
Өнгөрсөн  зургаадугаар сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг бүх ард түмнээр хэлэлцүүлэхийг шаардаж, жагсаал зохион байгуулсан ХҮН-ынхан ирэх есдүгээр сард эл асуудлаар томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. 
 
Эх сурвалж  http://www.sonin.mn