Монгол залуус ухаан, авьяас билгээр дэлхийд улсынхаа нэрийг цуурайтуулж яваа. Ингэж эх орныхоо нэрийг өндөрт гаргаж чадахгүй ч гэлээ ажил хөдөлмөрөөрөө хөгжил, цэцэглэлтэд гар бие оролцох залуус олон бий. Нэг хэсэг нь хөдөлмөрлөж байхад нөгөө хэсэг нь жаргал нь дэндсэндээ юу эсвэл хийх зүйлээ олж хийхгүй байна уу даа гэсэн бодол төрөх юм. Сүүлийн жилүүдэд гадны болоод өөрийн орондоо "хар тамхи" гэгч зүйлийг хэрэглэж байгаад баригдлаа гэх мэдээлэл үл тасарна. 

Хийж бүтээхийн хүслээр тэмүүлж явах байтал мансууруулах бодис гэх зүйлтэй найзалж буй нь тун таагүй, харамсмаар... Нөгөөтэй-гүүр манай улсад энэ төрлийн хэргийн шийтгэлтийг чангатгах цагтай нүүр тулжээ.  Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2009-2013 онд хэд хэдэн судалгаа хийсэн байдаг.  Нийслэлийн ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн өсвөр үеийн залуучуудын дунд хар тамхи, мансуурах бодисын хэрэглээ байгаа эсэхийг судалсан юм. Уг судалгаанд 32 сургуулийн 2232 хүүхдийг хамруулжээ. Өөрөөр хэлбэл, төвийн болон захын болон гэр хорооллын, улсын, хувийн зэрэг сургуулиас төлөөлөл оролцуулж санамсаргүй түүврийн аргаар судалгаа хийхэд нийт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 2.7 хувь нь хар тамхи хэрэглэж үзсэн гэсэн дүн гарсан. Мөн 400 гаруй хүүхдэд хар тамхи хэрэглэж үзэх санал ирсэн байсан. Хэрэглэж үзсэн хүүхдүүдийн дийлэнх нь сонирхож, санамсаргүй, саваагүй, бусдыг дуурайх байдлаар хэрэглэсэн гэсэн хариултыг өгчээ. 

“Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ээс 1999 онд анх хар тамхины хэрэглээ хир байгааг мэдэхээр өсвөр үеийн 1000 хүүхдийн дунд судалгаа хийсэн юм. Тэр судалгаагаар хар тамхи хэрэглэдэг гэж 45 хүүхэд илэрсэн аж. Үүнээс хойш энэ тоо жил ирэх тусам өссөөр байгаа юм. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид гэмт хэрэгт хамгийн ихээр холбогддог гэсэн судалгаа ч бий. Өнгөрөгч онд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 133 хэрэгт 480 гаруй хүн холбогдсон нь энэ төрлийн гэмт хэрэг 4,6 дахин өссөн үзүүлэлт гарсан. Тэгвэл энэ тоо 80 хувиар ихэссэн байна. Тодруулбал, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүхийн Судалгаа, Мэдээлэл, Сургалтын Хүрээлэнгээс “Монгол Улсын шүүхийн 2015 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ”-г танилцуулав.

Монгол улсын шүүх 2015 оны эхний хагас жилд:

  • эрүүгийн 3569 хэрэг
  • иргэний 20033 хэрэг
  • захиргааны 653 хэрэг    нийт 24255 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж,
  • 9314 зөрчилд захиргааны хариуцлага оногдуулж,
  • 676 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах болон ялаас чөлөөлж,
  • 1780 хүнд баривчлах, цагдан хорих арга хэмжээ авсан байна.

Буурсан үзүүлэлт:

Өмнөх жилтэй харьцуулахад тодорхой гэмт хэргүүд буурсан үзүүлэлт гарчээ. Тухайлбал, эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 36,1 хувиар, хүчиндэх 1,1 хувь, танхайрах гэмт хэрэг 11 хувиар буурсан байна.

Өссөн үзүүлэлт:

Харин хүнийг санаатай  алах гэмт хэрэг 16,3 хувиар, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг 80 хувиар, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах 34,9 хувиар нэмэгджээ.

 

Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4287 хэргээр буюу 21,4 хувиар өссөн бөгөөд үүнээс эрүүгийн хэрэг 4,7 хувиар, иргэний хэрэг 25,1 хувиар, захиргааны хэрэг 17,8 хувиар тус тус өсчээ.

Ийнхүү хар тамхины хэрэглээ буурахгүй байгаа нь энэ зууны тахал болоод байна гэхэд буруутахгүй. Мөнгө, хөрөнгөтэй айлын хүүхдүүд хэрэглэдэг гэсэн ойлголт манайханд бий. Тэгвэл өдгөө мөнгөтэй, мөнгөгүй хамаагүй аль ч давхаргынхан хэрэглэж байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцлох болсон. Улсдаа ганц хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх нийгэмлэгт санхүүжилт олгох нь бүү хэл авч хэлэлцдэггүй гэдэг. 

 

Х.Даваа