Болор цом наадмын нэр хүндийг “шалны алчуур” болгосон хүмүүс бол яруу найрагчид өөрсдөө. Ялангуяа цом авна гэж сэрүүн зүүдлээд “байнд ч үгүй, банзанд ч үгүй” хоцорсон нөхдүүд атаархлаа хов жив болгож бичнэ.

Зарим нь үнэний ортой юм бичдэг бол зарим нь шууд санаанаасаа зохионо. Шүүгчид ч гэсэн хорлож байгаа юм шиг хамгийн муу бүтээлийг шалгаруулдаг болж. Шүүгчдийн бүрэлдэхүүнд “орон тооны” Галбаатар багшаас бусад нь бүгд яруу найрагчид суудаг болсон байна. Миний бие энэ наадмын үүх түүхийг сонирхон судалж үзсэний хувьд нэрээ нууцалж байгаад яг үнэнийг нь хэлье. Итгэх нэг нь итгэж, итгэхгүй нэг нь хараал урсгана биз, гоё ш дээ.


Болор цом хоёр нийгэм дамжсан 30 жилийн түүхтэй наадам. Тэр ч утгаараа 90-ээд оноос өмнө их яруу найрагч Д.Пүрэвдорж гуайн

“Америкийн цагаан ордонд
Аюулын хар дайн амиллаа
Амьдралын чинь халуун зүрхэнд
Атомын цэнэгт пуужин ониллоо” хэмээдэг “Хүн төрөлхтөнд өргөх үг” (1983 он), Б.Лхагвасүрэнгийн

“Орчлонг хувьсгасан Ленин
Одонгүй байсан
Ленин өөрөө дэлхийг шагнасан” хэмээдэг “Шагнал” (1984 он) гэх мэт үзэл суртлын шинжтэй шүлгүүд мэр сэр шалгарч байв. Цаг төр “хэцүү” байсан болохоор үүнд буруу өгөх аргагүй.  Гэхдээ тухайн үед  Т.Галсан гуайн

“Танай нутагт эрийн гурван наадам болдог юм гэв үү
Таван зуун арван хоёр бөхөөс нь нэг нь үзүүрлэдэг юм гэв үү
Нар тэр өдөр жаргахаа мартан наадамддаг юм гэв үү
Мянган морь уралдаж гав ганц нь түрүүлдэг юм гэв үү” хэмээдэг “Афган андын асуулт. Жирмийн сүлжээ” (1988 он) зэрэг өрөвдөлтэй дөрвөн мөртүүд шалгарч байсныг бодоход мэр сэр “арын хаалга” бас чиг байсан бололтой байдаг. Гэвч энэ наадмын өндөр нэр төр сэвтэх яагаа ч үгүй байлаа. 1989 онд хэдийгээр ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн ч   

“Мал буянаа яаж адгуулан маллахыг
Марксизмаар заалгахгүй ээ...” хэмээн  уншиж түрүүлсэн Ц.Чимэддорж агсны эр зоригийг хүндэтгэх хэрэгтэй. Д.Цоодолын “Нэр нь тодроогүй баатрууд” (1984 он), Т.Очирхүүгийн “Чулууны магтаал” (1986 он), П.Бадарчийн “Тэмээ” (1987 он) зэрэг шүлэг Монголын уран зохиолын түүхэнд жишээ болохуйц сайн бүтээлд тооцогдохгүй боловч тухайн үеийн шалгуураар гайгүй “эд” байжээ.

Харин 1990 ээд оноос хойш улс төрийн өөрчлөлтийг дагаад уран зохиолын ертөнц орвонгоороо эргэснийг хэн хүнгүй мэднэ. Б.Ичинхорлоогийн “Тэнгэр” (1990 он), “Эх нутаг” (1991 он) шүлгүүд дуулиан тарьж, Б.Лхагвасүрэнгийн “Хил дээр бичсэн шүлэг” (1992 он), Д.Цоодолын “Миний муусайн найз нар” (1993 он) наадмын нэр хүндийг өргөж байжээ. Нэн ялангуяа 1994 онд Ц.Хулангийн уншиж түрүүлсэн “Ганцхан ээждээ унших шүлэг” бол харьцангуй шинэлэг санаатай бүтээл байсныг хэлэхгүй өнгөрч үл түвдэнэ. Түүнээс хойших Б.Доржпаламын “Хөөрлийн шүлэг” (1995 он), Д.Төрбатын “Ижий шүлэг” (1996 он), Д.Цоодолын “Хуучин дэр модны дууль” (1997 он), Б.Лхагвасүрэнгийн “Ижийтэйгээ байхад” (1998 он), Ц.Чимэддоржийн “Элсэн тасархай” (1999 он) шүлгүүд бол яахын аргагүй сайн бүтээл. Тийм ч учраас тэр үед Болор цом нэр хүндтэй байж.

 Болор цом наадам хуучин мянганы бөгсөн дээр атаа жөтөө, ар өврийн хаалга, хар цагаан хэл амтай болж эхэлжээ. Дампуурлын эхийг тавьсан, “булган сүүлтэй” хүн бол өдгөө Монголын Зохиолчдын Эвлэлийг тэргүүлж, ирэх хаврын зохиолчдын ээлжит их хурлаар суудлаа тавьж өгөхгүй хэмээн “үхэлдэн тэмцэж” буй хатагтай билээ. 2000 онд цэл залуу, гоо үзэсгэлэнтэй найрагч Г.Мөнхцэцэг ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгээр эргэлдэн тухайн үеийн байнгын ерөнхий шүүгч асан Сампилдэндэв гуайг архидуулж явдаг ажилтай болж билээ. Ажил хийвэл ам тосддог ёсоор “Янжинлхам бурханд гуйж мөргөх шүлэг”-ээрээ Эгшиглэнт эхийн хөргийг “гуйж” аваад айхавтар хэл аманд орж, хожим нь зурагтаар хоёрын даваанд уншсан “Дагуулахдаа л дагуулна” хэмээх дэмий шүлгээ уншиж тайлбар хийж байлаа. Б.Лхагвасүрэн гуайн “Ижийтэйгээ байхад” шүлгийн  
“Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье” гэдэг давталтыг Г.Мөнхцэцэг овжноор ашиглаж “Үгээ барж хэлье, үнэнээ дэлгэж хэлье” хэмээн Янжинлхам бурхандаа “хулгайн өргөл” барьсан байдаг.

Өдгөө төрийн соёрхол хүртсэн Ц.Бавуудорж хэдийгээр сайн найрагч боловч 2001 оны тэргүүн шүлэг “Хүрэл чоно” нь түүний бусад бүтээлийн хэр хэмжээнд хүрэхгүй. Харин А.Эрдэнэ-Очирын “Зам” (2002 он), Д.Урианхайн “Шөнийн онгоц” (2003 он) бол хэлэх юмгүй сайхан шүлэг. Ж.Баяржаргалын “Арга билгийн ертөнц” (2004 он), Ж.Мөнхбатын “Бурхан хүсэл” (2005 он) шүлгүүд бол ёстой нөгөө “яахав дээ л” гэмээр санагддаг юм. Б.Галсансүх монголын яруу найргийг шинэчлэхэд багагүй үүрэг гүйцэтгэсэн цул авъяас мөн боловч түүний “этгээд” имижээ алдахгүй хэмээн хичээж бичсэн “Англи хэлтэнд итгэж зориулав” (2006 он) бол яавч сайн бүтээл биш. Ерөөсөө тэр сүүлийн үед модернист шүлэг бичиж чадахаа болиод “Цагдаа” энэ тэр гэсэн реалист “хараал” бичих болсон. Харин Ш.Лхамноржмаагийн “Газрын үг” (2007 он) бол Болор цомын нэр нүүрийг баастах бүтээл биш.    

2008 оны Болор цом жинхэнэ “хулхи цол” болов. Б.Хасарын “Миний нэг өдөр ингэж санагдаад” шүлэг муу бүтээл, тэр жилийн наадам сайн луйвар байсан гэдэгтэй “хүү найрагч” хүртэл санал нийлдэг юм билээ. Харин ерөнхий шүүгч Б.Лхагвасүрэн ямар тактик хэрэглэснийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Хүүдээ Болор цом өгөхийн төлөө “эцэг найрагч” гурван жил дарааллан Болор цомын шүүгч хийж, ёстой ядартлаа ажилласан билээ. Тэр бүртээ Хасарыг ёс юм шиг айрагдуулаад сонин хэвлэлд “Уг нь Б.Хасар түрүүлэх ёстой байсан, миний хүн чанар зулгаагаад оноог нь дарсан юм” гэсэн утгатай ярилцлага өгнө. Гурав дахь жилдээ ерөнхий шүүгчээр ажиллахдаа “хүү найрагчаас” гадна А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Х.Эрдэнэбаатар мэтийн олонд танигдсан авъяаслаг шүлэгчид, мөн Э.Цэнд-Аюуш хэмээх хэний ч мэдэхгүй оюутан хүүг үлдээсэн юм. Тэднийг шүлгээ уншмагц Хасар, Цэнд-Аюуш нарыг оноо тэнцсэн, дахин уншуулна хэмээн үлдээж, бусдыг нь хасав. Түүний дараа хорь ч хүрээгүй, шавилхан хүү Цэнд-Аюушийн дэргэд 30 настай Хасар “баавартай” уншиж түрүүлсэн. Ийм л юм болсон юм даа. Тэр наадмаас хойш Б.Лхагвасүрэн гуай Болор цомыг шүүх нь бүү хэл очиж үзэхээ ч больсон, хойтон жил нь наадмын салхийг хагалах ёстой Хасар үл тоож ирээгүй нь хамгийн гоё байгаа юм. Цэнд-Аюуш минь, чи тэр наадмаас хойш олонд танигдаж, Болор цомд жил бүр айрагдах  болсон нь бавгар Лхагваа ахын чинь ач шүү.

2009 онд Х.Эрдэнэбаатар тэртээ 90-ээд онд бичсэн “Түрэг охин” мэтийн хуучин шүлгээ эхний хоёр даваанд уншиж, эцэст нь нэргүй шүлэг хэлснээр түрүү магнайд хүрэв. Энэ бол Ж.Баяржаргалын цом авсантай агаар нэг, 90-ээд оныхны үеийнхнээ дэмжих бодлого байлаа. Өөрийгөө шинэ цагийн Удвал ахайтан хэмээн бодож явдаг Г.Мөнхцэцэг Монголын Зохиолчдын Эвлэлийн гүйцэтгэх захирал болсноос хойш гурван цом хорыг булбарай гараараа хутгасан билээ. Жамц баяны “Хорин сайхан шарыг минь хоёрхон хулгана идчихлээ гэж үү” гэдэг шиг “Гучин жилийн түүхийг гуравхан наадам баастаж” орхив. 2010 онд Ц.Хулангийн

“Нямсүрэн Цагаан Шүхэрт болсон
Наранцацралт Сандуйн жүд болсон
Намуухнаар хожмоо би
Цагаан Дарь Эх болноо! “ хэмээн эхэлдэг шүлгээс тэр жил гутгаар байранд орсон Н.Гантулгын 

“Холын замд улдаж, эцэж туйлдсан хүлэг морь шиг хүн чулуу минь
Хорвоогийн бүхий л өнгийг өөртөө шингээж,
гоо үзэсгэлэнгээ гайхуулах бүсгүй шиг хүн чулуу минь
Дотоод ахуйдаа уусч мянган жил дүрээ харуулаагүй
                                       нууцлаг ертөнц хүн чулуу минь
Доголон нулимсаа хэнээс ч нуулгүй арчиж
                                   талын салхинд зүлгэгдсэн уулсаа түших хүн чулуу минь”

хэмээх шүлэг төө илүү.  2011 онд Д.Болдхуягийн уншиж түрүүлсэн “Монгол хэлийг хятад шанзны гансарсан аялгуутай зүйрлэдэг” шүлгээс, дэд байранд орсон Ж.Мөнхбатын “Төрд хэлэх үг” толгой илүү байсныг хүн бүхэн ярьдаг. Отгон Болор цомд оролцсон найрагчдаас нэг хүн цойлж гарсан сайн найрагтай, нэг хүн авах юмгүй муу шүлэгтэй, бусад нь чанар чансаагаар ойролцоо шүлэг уншсан гэлцдэг. Шүүгчид наадмын “нэр төрийг унагах зорилготой” юм болохоор ганц муу шүлэг “Уулсын сэтгэлгээний тэлэлтийг” “намын даалгавар”-аар шалгаруулж Л.Ганзулын

“Гоо сайхан гэдэг
Түүний минь зүрхэн тус газар оршдог
Тод үзэсгэлэн юм
Голын цүнхээлд загас цойлох үдшийн
Хацар шүргэсэн бүдэгхэн хүсэл юм” хэмээн үргэлжлэх үнэн тансаг яруу найрагт “нэрээ бодоод” үзэгчдийн шагнал өгч байх жишээтэй.

Монголын яруу найраг хөгжиж байгаа юу гэвэл хөгжиж байгаа. 90-ээд онд манай яруу найргийн хөгжилд үсрэлт гарсан бол түүнээс 20 жилийн дараа буюу 2010-аад онд тэсрэлт болж байна. Тэдний туурвиж буй гүн ухааны шүлэг, урлагийн төгс бүтээлүүдийг 90-ээд оны яруу найрагтай зүйрлэх аргагүй болжээ. Тэгвэл тэр залуу зохиолчид яагаад Болор цом авахгүй, тэдний шүлгийг олон түмэн яагаад олж сонсохгүй байна вэ гэвэл өнөөгийн юм бодож сэтгэдэг, шинэчлэгч залуус маань муу наадамд сайн шүлэг унших хүсэлгүй учраас тэр. 90-ээд оны төлөөлөгч, яруу утгын мастер Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Р.Эмүжин, Т.Баянсан зэрэг дэвшилтэт хүмүүс энэ наадмын бузар булайг сайн мэдэх учраас холуур явж, салхин дээгүүр нь өнгөрөх болжээ.    

Сүүлийн гурван жил Болор цомд тэргүүлсэн шүлгийг уншиж үзэхэд энэ наадмын чанар чансаа хэрхэн доройтсоныг төвөггүй олж харна. Нийтлэлч Баабар “П.Очирбат гуай маш муу ерөнхийлөгч, Н.Багабанди түүнээс долоон дор муу хүн. Харин Н.Энхбаяр бол өмнөх хоёроо нийлүүлснээс хэд дахин муу, жинхэнэ адгийн амьтан” хэмээн бичсэн байдаг. Тэгвэл Ц.Хулангийн “Би-Цагаан дарь эх” бол маш муу шүлэг. Д.Болдхуягийн “Монгол хэл” түүнээс ч долоон дор. Харин Н.Гантулгын “Уулсын сэтгэлгээний тэлэлтийг” бол дээрх хоёрыг нийлүүлснээс хэд дахин муу. Хэл найруулга, гоо сайхан, гүн ухааны үнэр ч үгүй хоосон хийрхэл. Эдгээр шүлгийг шалгаруулж, энэ сайхан наадмыг үнэ цэнэгүй болгоход хамгийн их нөлөө үзүүлсэн Г.Мөнхцэцэг дарга ажлаа өгөөд Б.Ичинхорлоо, Ц.Хулан нараас дутахгүй хоёр дахь цомоо авах хор найруулахыг хүсэхгүй байгаа нь харин гайхах зүйл мөн.

 

 
Ц.Хулан. 2010 он. Би-Цагаан дарь эх

 
Нямсүрэн Цагаан Шүхэрт болсон
Наранцацралт Сандуйн жүд болсон
Намуухнаар хожмоо би
Цагаан Дарь Эх болноо!

Шүүдрээр нэрсийм шиг тунгалагхан гэж хорвоог би санасийм
Шүлгээр бус өөрөөр ярьдагтай нь хэл амаа олсонгүй
Бүгдийн түрүүнд ээж минь л өрөвдөж сэм уйлаад болохгүй нь
Бүсгүй амьтныг ачилдаг Цагаан Дарь Эх болноо

Хоосрошгүй танан бумбанаасаа цутгаж
Хонгор ижий үрс үрсээ цэцэг шиг ургуулдаг байтал
Хонгор ижийн тэнцүүхэн ургуулсан тэр цэцгүүд
Хотлоороо яагаад нэгэн зүгт найгадаггүй юм гэж гайхахдаа би

Цагаан Дарь Эх болноо

Арван наймтын идэр цогцоо жийнсрэгийн элс шиг нурааж
Алс ойртоо одох харгуй, чулуу бүхэн дээр цацаж зулсныг,
Алмай үр биднийхээ эндүүрэл эндүүрлийн шанд
Алдаршингуй хар гэзгээ мөнгөөр цувиж бурханд өр төлснийг
Анзаарсандаа би Цагаан Дарь Эх болноо

Шагжтивийн хамаг амьтан эхдээ мөргөнө гэж би горьдсийм
Шандуурлын далайд живсэн хүмүүс ижийтэй манатай явдгийм байна
Шалдрайхан дусал би ч тэдэн дунд хөвж л яваа
Шаралхсандаа би Цагаан Дарь Эх болноо…

Дунд нь бороо шиг орж холилдсон
Дунгуй орчлонд хүнийхээ төрлөөс
Дуртайдаа би салаагүй юм шүү

Дэлэнгүй ч үрээ тэжээх шувуунаас
Уучлал гуйгаад би эргэж ирнэ
Дэгдэх хөлгүй ч үрдээ яарах могойноос
Адис аваад би эргэж ирнэ!

Үйзэн цэнхэр уулнаас туурь үлдэж
Үйтэн хуар талаас буурь хоцорч
Дэлхий нурахаас өмнө би олон олон ирнэ!

Тэмтэрч үзээгүй лусын бараа,
Тэнгэрт үзэгдээгүй луун дунаас ч цочоохгүй гэхдээ
Тэврээсээ үрээ салгах дургүй

Ялгуун ялгуун тэрбум байтугай
Ядаж ганцхан өөрийн ээжийн ачийг хариулсан
Энэ л цагт би эргэж ирнэ
Энэнээс наана, түүнээс цаана
Би цагаан Дарь Эх байнаа!

 

 

Д.Болдхуяг. 2011 он. Монгол хэл

 
Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм
Хагацлын гунигийг уртын дуугаар аргадах нь өндөр газрын салхи юм
Эртний нутагт өндрийн салхи хүүгэх нь амаржих эхийн дуншил юм
Эхээс төрөөд тэнхээ мэдэн чарлах нь миний монгол хэл юм аа

 

Хэрэмний чинадаас адуу нутгаа гүйх нь аадар борооны товшоо юм
Хээр талд аадар шаагин орох нь амраг шанзны аялгуу юм
Төвөнх аргааж амраг шанз цурхирах нь сэтгэлээ илчилсэн үг юм
Түгдчин байж хайр сэтгэлээ илчлэх нь миний монгол хэл юм аа

 

Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм
Элэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм
Өд нь бууралтсан бүргэд шувуу бөөрөх нь эцгийн алтан гэрээс юм
Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа

 

Байгаль далай дэлээ хийсгэн давалгаалах нь дун хясааны цуурай юм
Баруун чихэнд дун хясаа цууриалах нь ойн салхины шуугиан юм
Түрэмгий салхинд модны орой шуугих нь цэрэг эрсийн уухай юм
Түүх шастираас Чингисийн баатрууд уухайлах нь миний монгол хэл юм аа

 

Энэ дөрвөн хязгаарын хил дээсэн дотор
Элсний ширхэг бөмбөрөхөөс аянга ниргэх хүртэл
Эх байгалийн дуулсан авиа бүхнийг сонордож
Элэнцийн элэнцээс туурвисан даанч яруу монгол хэл ээ



 Н.Гантулга. 2012 он. Уулсын сэтгэлгээний тэлэлтийг  

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг би дотоод ахуйгаасаа мэдэрдэг
Уулсыг хэчнээн хайрлаж ижий шигээ, амраг бүсгүй шигээ санана
Уулс намайг яг л тэгж хайрлан толгод шигээ, хэдэн зууны өмнө
                                                                              өврөөс нь алга болсон
Уусмал ягаан чулууд шигээ санана, зүрхнийхээ хөндүүр шиг л хүлээж авна

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг энэрэн хайрлахуйн цаг хугацаанаас мэдэрдэг
Эрх жаахан үр минь хүзүүнээс зүүгдэн шулганаад дээдийн жаргалыг амсдаг ч
Элэг зүрхний таталцлын гүүр-ганихралын дамжуурга модны үзүүрээс
Дэлхийн татах хүч шиг уулс ер бусаар соронздон, хацартаа энхрийлэн наадаг

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг омог барданамлын хөх дөлөн дундаас мэдэрдэг
Өөрөө өөрийгөө ч шатааж чадах эр зоригтоо эрдэн
                                                                           энэхэн замбуулинд багтаж ядахад,
Өмнө минь мэхийсэн олон сөхөрсөн согоо шиг санагдан
                                                                         хангайн буга шиг сэрвэлзэхэд
Өөрийн мэдэлгүй уулсын сүр хүчээр дутан жижигхээн толгодынх нь өвөрт
                                                                      нялх янзага шиг бохирон унадаг даа

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг гоо сайхны хамгийн төгс илэрхийллээс мэдэрдэг
Эмзэг ялдам охидын арван долоохон нас сэтгэлийн зовлон болж
Эгчмэд хонгор бүсгүйн уяхан ааль, ер бусын бие галбир
                                                                                  нүдийг минь дахин цэлмээхэд
Цээжнийхээ гүнд уртаар санаа алдаад өнөө муу зүрх минь уулсын зүг хэдийнэ
                                                                                         алсарч оддог

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг яруу найргийнхаа эрчимлэг долгионоос мэдэрдэг
Хүмүүний ертөнцийг цагийн цагт гэрэлтүүлэн асааах ид шидийн наран бөмбөлөг
                                                                                       цээжинд минь байгааг
Хүслийн цэнхэрлиг огторгуйд оюун билгийнхээ даль жигүүрээр
                                                           судрын чуулган титэмлэж явааг уулс л мэдэрнэ
Цагийн буданд ч надаас өмнө мянга мянган жил найрагч нөхдийг минь
                                                                                ингэж л мэдэрч байсан биз ээ
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...

шүүмж бичсэн С.Баатар