Гадны орнуудад Засгийн газ­рын сайд нар, парламентын гишүүд нь сонирхолтой шалтгаа­наар огц­рох нь бий. Манайхны хувьд тог­лоом наргиан болоод өнгөрөх асуудал тэдний хувь заяаг өөр­чил­дөг бололтой. Ямартай ч иймэр­хүү сонирхолтой жишээнүүдээс дурьдъя.

Францын Гадаад хэргийн сайд Мишель Альд Мари Тунист очиж амарснаас хойш хэдхэн сарын дараа Тус улсад үймээн гарч төрийн эргэлт болсон юм. Арабын орнуудыг тэр чигт нь сандаргасан энэхүү үймээнийг дэлхий нийт “Арабын хувьсгал” хэмээн нэрлэж байв. Харин тухайн үед Тунист очсон Францын Гадаад хэргийн сайд үүнтэй холбогдуулан хариуцлага хү-лээсэн байна. Францчууд Ми­шель Альд Мари Тунист очсон нь тус улсын эрх баригчдыг дэмжсэн хэрэг гэж үзээд огцрохыг шаард­сан гэдэг.

Малайзын Эрүүлийг хамгаалахын сайд Чуа Сой Лек зочид буудалд найз бүсгүйтэйгээ цуг оржээ. Гэвч мөнөөх буудлын камерт тэдний хамт байгаа бичлэг үлдсэн байна. Харин өөр нэгэн нь тэрхүү бичлэгийг эротик кино болгон тарааж орхижээ. Ийнхүү 2008 онд Малайзын Засгийн газрын нэг гишүүн нь огцрох өргөдлөө өгсөн юм.

Манай томчууд туслахаа энд  тэнд гайгүй албан тушаалд томилох нь бий. “Тэрний туслах энэ яаманд очиж гэнэ” гэж дуулдах нь их. Түүнээс гадна туслах нь тийм хамаатан нь гэнэ гэх яриа ч сонсогдсон. Тэгвэл Англид ингэсэн тохиолдолд хүнд байдалд ордог аж. Тухайлбал,  Их Британийн Батлан хамгаалахын сайд Лиам Фокс өөрийнхөө найзыг туслахаараа ажиллуулж байсныг нь хэвлэлийнхэн мэдээлжээ. Үүнээс болж тэрбээр Батлан хамгаалахын сайдын албаа өгсөн байна.

Тайландын Ерөнхий сайдаар  2008 онд Самак Сундаравеж ажиллаж байв. Багаасаа хоол хийх дур­тай, үүнийгээ өөрийн хобби болго­сон энэ эрхэм үүнтэйгээ холбоотой ном хүртэл бичиж байжээ. Тайландчууд хүртэл түүнийг нь хүн­дэтгэн үздэг байсан гэнэ. Гэвч нэг удаа тэрбээр хоолны нэвтрүүлэгт оролцож, ток шоу хөтөлсөн юм байх. Телевизийн камерын цаа­наас ард түмэн рүүгээ хандан жигтэйхэн найрсгаар инээмсэглэж “Хоол хийх гэдэг нь ...” гэж ирээд л ярьж гарчээ. Харин түүнээс хойш төд удалгүй Тайландын улс төрийн тогоонд 30 жил чанагдсан энэ эрхэм огцрох өрөгдлөө өгсөн юм. Тус улсын Үндсэн хуулийн Цэцээс С.Сундаравежийг телевизийн нэвтрүүлэг хөтөлсөн нь хууль бус гэж үзээд Засгийн газрын тэргүүний албан тушаалаас нь өчиггүй авч хаяжээ. Учир нь төрийн сайд хүн аль нэг телевизийн нэвтрүүлгийг сурталчилж болохгүй гэнэ.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Энэтхэгт нэгэн шуугиан дэгдэв. Тус улсын Хөгжлийн асуудал хариуцсан сайд Лаксман Савади, Эмэгтэй­чүүд, хүүхдийн асуудал эрхэлсэн сайд Сиси Патил нар гар утсан дээрээ байсан порно бичлэгийг үзэж байжээ. Гэхдээ бүр парламентын чуулган хуралдаж байхад ийм яв­дал болсон байна. Хоёр сайдын барьж байсан утас нь Энэтхэгийг Да­лайн тээврийн асуудал хариуцсан сайд Кришне Палемеру­гийнх байж таарав. Харин энэхүү үйл явдлыг харуулсан бич­лэгийг цахим ертөнц, телевизээр цацаж, энэт­хэг­чүүд сайд нараа эсэр­гүүцэн томоохон жаг­саал зохион бай­гуулжээ. Эцэст нь мань гурав огцорсон юм.

Өмнөд Солонгосын Хууль зүйн дэд сайд Ким Хак Уи өнгөрсөн хавар ажлаа өгсөн. Түүнийг туслахтайгаа дотно харилцаатай байсных нь төлөө ийм “шийтгэл” ногдуулжээ. Ши­нээр сонгогдсон Ерөнхийлөгч Пак Гын Хе ийм шившигтэй явдал болсны төлөө ард түмнээсээ ууч­лал гуйж, иймэрхүү болчимгүй томил­гоо дахин хийхгүй гэдгээ амласан гэдэг. Гэвч уг нь Хууль зүйн дэд сайд энэ хэрэгт холбоогүй хэмээн  дахин дахин нотолсоор байсан юм.

Японы сайд нар огцрох тохиолдол элбэг байдаг. Тэдний үйл ажиллагаа, бодлогод багахан догол­дол гарахад л хамаг албан тушаа­лаасаа татгалзаж, ёс журмыг дагадаг гэдгээ илэрхийлдэг. Ромд 2009 онд Их долоогийн уулзалт болох үеэр Японы Сангийн сайд Шойчи Накагава илтгэл тавихдаа үгээ тод хэлэлгүй амандаа бувтнасан бай­на. Эндээс “Тэр яагаад үгээ тод чан­га хэлсэнгүй вэ” гэх асуулт гарч, асуудал даамжирсаар байгаад тухайн үед Ш.Накагаваг халамцуу байсныг нь нотолжээ. Хэдийгээр Японы Ерөнхий сайд нь түүнийг аваад үлдчих санаатай нэлээд тэмцсэн боловч эцэст нь Ш.Накагава огцрох өргөдлөө өгсөн юм. 2011 онд Японд цунами болж, олон хүний амь эрсэдсэн. Мөн олон хотод байшин барилга нурж, сүйдсэн билээ. Гэвч байгалийн гамшгаас шалтгаалж бий болсон энэхүү хор хохирлын хариуцлагыг тус улсын Сэргээн бос­голтын сайд нь хүлээж, сайдын суудлаасаа буусан байна. 

Өнгөрсөн хавар Шинэ Зеландын парламентын гишүүн Аарон Гилмор ажлаа өгч байв. Тэрбээр нэгэн ресторанд хоолож байх үедээ зөөг­чийг нь хэл амаар доромжилсон гэнэ. Тухайн үед зөөгч түүнд сог­тууруулах ундаа хэрэглэхгүй бай­хыг зөвлөхөд А.Гилмор “Чи намайг хэн гэдгийг мэдэх үү” гээд загнаж орхижээ. Гэхдээ энэ нь түүний хувьд ажлаа өгөх хангалттай шалтгаан болсон юм.

Энэ мэтчилэн шалтаг шалтгаан тоочиж, суудлаас нь буулгахыг алийг тэр гэхэв. Гэвч манайд иймэр­хүү тохиолдол тун ховор. Тэр тусмаа гадныхны хувьд чухалд тооцогдох ч бидний хувьд үл ялих асуудлаас болж албан тушаалаа өгсөн жишээ огт байхгүй гэж ч хэлж болох юм.

 

Т.Элиса