Сүүлийн үед Өршөөлийн хуультай холбоотой асуудлаар улс төр хийгээд нийгэм бужигнаантай байна гэхэд болно.  Зарим иргэд өөр хоорондоо талцаж, улс төрийн хүрээнийнхэн ч хагаралдахад хүрээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хууль олон эерэг хийгээд сөрөг үр дагаваруудыг авчирж байна. Хамгийн гол нь Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан нь байдлыг улам хурцатгаад байгаа гэхэд болно. Түүний саналыг дэмжихээсээ дэмжихгүй талын гишүүд их байгааг эх сурвалж хэлж байна.  Уг нь түүнийг хоригийг эрхэм түшээдүүд дэмжвэл Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт орж ч мэдэх байдалтай байгаа юм.


Мөн Өршөөлийн хууль батлагдаж дуусангуут “Авлигын загалмайлсан эцэг” гэгдэх Н.Энхбаяр эх орондоо ирсэн нь учир мэдэх хүмүүсийн дургүйцлийг хүргээд байна. Тэрбээр эх орондоо ирэх бүртээ нутгийнхаа сайхан агаарыг амьсгалж, хөдөө орон нутгаар амарч сувилуулахаар ирсэн гэж хүүрнэдэг бол энэ удаад ч тийм зүйл ярьж байв.


Гэвч тэрбээр ааруул идэхийн оронд ордны хоол зооглож, агаар амьсгалах гэж бус “хор хутгах” гэж ирснийг олон түмэн олон харж байна.


Түүнийг ямар зорилготой Монголд ирж, юу амжуулж явааг гадарлах хүмүүс ч олон байгаа юм.


Төрийн ордоноор хааяахан эргэлдэж нэр бүхий хэдэн хүнтэй ажил амжуулаад сэмхэн гарч одох түүнийг өчигдөр үдээш хойш л гэхэд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт , Ө.Энхтүвшин, М.Энхболд нартай уулзаад гарсан гэх бор шувуу нисч байна.


Тэд нийлж нэгдэж Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахгүй хэмээн ярилцсан гэх  шум ч байгааг энд дурдах нь зүйтэй биз.


Цаашлаад “Жаст”-ын Г.Батхүү, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх нарын нэр бүхий хүмүүсийн Өршөөлийн хуультай холбоотой асуудлаар гишүүд рүү утасдаж байгаа сурагтай.  


Тиймээс ч энэ удаагийн Өршөөлийн хуулийн хоригийг хүлээж авч, засч залруулахад багагүй хүндрэл учирч мэдэхээр байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна.   

Д.Дуулим

http://www.24tsag.mn