23 жил хангалттай биш гэж үү
2013/06/23
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй гурван нэр дэвшигчээс Монголын улс төрд хамгийн удаан хаан суусан баялаг намтартай нь Ц.Элбэгдорж. Тэр цагаан морин жилийн хувьсгалаас хойшхи 23 жилд энэ төрд хашиж болох бүхий л өндөр албан тушаалыг хашжээ. Энэ үзүүлэлтээрээ Н.Энхбаяртай эн зэрэгцэв. УИХ-ын даргын албан тушаалыг эс тооцвол Ц.Элбэгдоржид авч үзээгүй албан тушаал, эдэлж үзээгүй эрх мэдэл гэж нэгээхэн ч үлдээгүй . Түүнийг нь цухас сануулъя.
1990 онд намын дарга, улмаар Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллав. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч хууль хяналтын байгууллагаар шалгагдсан учраас бүрэн эрхээсээ түдгэлзсэн байдаг. 1996 онд тэрээр парламентад дахин орж ирэн 2000 он хүртэл УИХ дахь олонхийн бүлгийн дарга бөгөөд УИХ-ын дэд даргын албан тушаалыг хашсан. Энэ зуур 1998 онд АНУ-аас ирсний дараа, 2005 онд Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдсон боловч хоёуланд нь бүрэн эрхээ дуусгаж чадалгүй огцорсон. 2008 оны УИХ-ын сонгуульд АН-ыг даргалж намаа ялагдуулсны хариуцлагыг хүлээж намын даргаасаа огцров. Харин өөрөө УИХ-ын гишүүнээр сонгогдож 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгууллаа. Ерөнхийлөгчийн дөрвөн жилийн бүрэн эрхээ л бүрэн эдэлсэн болохоос бусад албан тушаалаа хагас дутуу хашсан тэрээр одоо дахин төрийн тэргүүнд нэрээ дэвшүүллээ. Энэ бүх цаг хугацааг нь тоолбол тэр 23 жилийн турш төрд өндөр албан тушаал хашжээ.
Улс төрд хүн удах тусмаа дарангуйлагч л болдог гэдэг. Хашиж байгаа албан тушаал нь, эдэлж байгаа эрх мэдэл нь өөрийг нь мэдээгүй байхад дарангуйлагч болгодог гэдэг. Тойрон хүрээлэгчид нь хүртэл нэг л мэдэхэд дарангуйлагч төрүүлчихсэн байдаг гэдэг билээ. Ц.Элбэгдорж ч яг л энэ замаар явж байна. Тэр 23 жилийн турш улс төрд өндөр албан тушаал хашсан нь манай улс үнэхээр ардчилсан тогтолцоотой улс мөн эсэхэд эргэлзэхэд хүргэнэ. Б.Бат-Эрдэнийг төрийн наадамд босоо явахад “Монголчууд түрүүлсэн бөхөө Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг” гэсэн гаднынхны яриа хүртэл гарсан. Тэрэнтэй адилхан сонгууль бүрийн дараа даргын суудалд Ц.Элбэгдорж л суудаг байлаа.
Ардчиллыг бамбайгаа болгодог, өмчөө гэж боддог Ардчилсан нам хүртэл Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг өрсөлдөгчгүй, 100 хувийн саналаар нэр дэвшүүлсэн. Энэ бол тойрон хүрээлэгчид нь тал засч байгаа хэлбэр болов уу. Одоо тэр дахин Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ төрд Ц.Элбэгдорж 27 жил голлон “тоглох” нь. Түүгээр ингэж тоглуулмааргүй байна. 23 жил хангалттай. Шахаад шахаад хошгируулахаас өөр үр дүн түүнээс гарахгүй байна. Үндсэн хуулиараа зөвшөөрсөн ардчилсан тогтолцоотой, олон намын системтэй улс гэдгээ санаж сонголт хийе. Ардчилсан улс орнуудад манайхаас өөр хаана ингэж нэг хүн 23 жил ганцаар засаглаж байна вэ.
Улсынхаа бүхий л албан тушаалыг хашсан хүн улс төрд удах тусмаа дарангуйлагч болон хувирдаг гэдгийг дэлхийн түүх өөрөө нотолдог. Аман дээрээ ардчилал ярьж, ажил хийхдээ дарангуйлал бий болгосон ийм хүмүүсийг олон нийт торолгүй нэрлэж чадах байх.
Сирийн удирдагч Башар Ассад үүний нэг л жишээ. Иргэний дайны улмаас 90 гаруй мянган хүн амь насаа алдчихаад байхад албан тушаалтайгаа зууралдаж, эрх мэдэлтэйгээ үлдэхийн тулд Башар Ассад тэмцсээр байна. Яг л манайд хууль, шүүх, засагтайгаа нэг талд гарчихаад өрсөлдөгч нараа намнаж байгаа шиг.
Дэлхий нийтээрээ дарангуйлагч гэдгийг нь мэдэх Египетийн удирдагч асан Хосни Мубарак байна. 30 гаруй жил улс орноо удирдсан тэрээр төрийн эргэлтээр л албан тушаалаасаа буусан. Ливийн удирдагч агсан Муаммар Каддафи ч бас улс орноо 40 орчим жил удирдсан байдаг. Тэгтэл манайх тэндхээс огт өөр тогтолцоотой.
Ер нь л 20-иос дээш жил улс орноо удирдсан хүн дарангуйлагч болдог гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрчээ. Нэг хүнийг тэгж тахин шүтэх нь өөрөө ардчилал байхгүй болж байгаагийн илрэл ч гэдэг юм байна. Манай Ерөнхийлөгч шиг 23 жил засгийн эрх барьсан Тунисын Ерөнхийлөгч Зин эль-Абидин бен Алиг 2011 онд ард түмэн нь түлхэн унагасан байдаг. Яагаад гэвэл, Тунисын ард түмэн дарангуйлагч төрүүлэхийг хүсээгүй болохоор түүнийг татан унагасан юм. Харин Монголын ард түмэн энэ лхагва гаригт саналаа өгөхдөө л өөрчилчих боломж байна.
Улс орноо удирдах албан тушаалыг нэг хүнд, нэг улс төрийн хүчинд “өмчилж” өгснөөр Ливи, Египет зэрэг улс шиг дарангуйлагчийг л төрүүлдэг. Түүн шиг Ерөнхийлөгчийн суудал, энэ төр ямар Ц.Элбэгдорж гэдэг ганц хүнд зориулагдсан албан тушаал уу. Үгүй ээ, 23 жил хангалттай. Энэ удаа түүнийг сонгохгүй байх нь ардчиллаа аврах, Ц.Элбэгдоржийг дарангуйлагч болохоос хамгаалах, ардчиллын “алтан хараацай”-нуудын нэгээр нь үлдээх сүүлийн боломж юм.