- Иргэдээс амь амьдрал буюу амьсгалах агаарыг нь дээрэмдэхээ зогсоо-
Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний газрын дээрэм хэрээс хэтэрлээ. Түүний эл увайгүй үйлдэл эмнэлгийн өргөтгөлийн байрыг эрх мэдлээр далайлган булааснаар эхэлж, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн судалгааны газраар үргэлжлэв. Одоо иргэний хувийн өмчид халдах л дутуу байх шив. Хууль зүйн сайд нь түмний нүдэн дээр илт хууль зөрчсөн шийдвэр гаргаж байхад эрх мэдэлтнүүд юу ч хараагүй юм шиг царайлж сууна. Төрийн ордонд тохой нийлсэн журмын нөхөд түүний увайгүй үйлдлийг таслан зогсоохын төлөө хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Тиймээс Шинжлэх ухааны академийн эрдэмтэд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг Ботаникийн цэцэрлэгээс савраа татахыг сануулан өнгөрсөн баасан гаригт Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийлээ. Тэд “Хууль зүйн сайд шинжлэх ухааныг уландаа гишгэж байна”, “Унаган байгалийнхаа ургамлын зүйлийг хамгаалцгаая” “Савраа тат” гэсэн уриа лоозон барин ногоон туузаар ижилсэн эсэргүүцлээ илэрхийлэв. Жагсагчид цэцэрлэгийн хэр хэмжээний талбайг устгах гэж байгааг иргэдэд ойлгуулахын тулд зурагт самбарууд авчирсан байлаа. Эрх мэдэлтнүүдийн ам ажил зөрж байдаг нь хэвийн үзэгдэл болжээ. Үүний тод жишээ нь Ботаникийн цэцэрлэгийн газрыг булаах гэж байгаа явдал юм. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хотоо ногооруулья хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон ч удаа ярьсан даа. Гэтэл түүний орлогчоос эхлээд Ботаникийн цэцэрлэгийн ажилчдыг газраа хэл амгүй өгөхийг ятган албан бичгээр айлгаж сууна. Анх Хууль зүйн яам шүүхийн цогцолбор барих нэрийдлээр 4.5 га газар авах хүсэлтэй байгаагаа өнгөрсөн хоёрдугаар сард илэрхийлсэн юм билээ. Гэтэл араас нь нийслэлийн удирдлагууд дайрч Ботаникийн цэцэрлэг эрх мэдэлтнүүдийн “идэш” болоход ойрхон болжээ. Анхандаа Ботаникийн хүрээлэнгийнхэн ямар ч сайд, дарга байсан цэцэрлэгт барилга барихыг УИХ- ын гишүүд зөвшөөрөхгүй байлгүй дээ гэх нууцхан горьдлоготой байж. БОНХ- ийн сайд С.Оюун Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэгийн асуудлыг хэлэлцвэл дэмжихгүй гэдгээ хэлжээ. Ердөө л энэ. Уг нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээс нь өмнө эл хууль бус үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй биз дээ. Ботаникийн цэцэрлэгийнхэн ч ийм л зүйлийг хүсч, салбарын сайд даа хандсан нь тодорхой. Үүнийг ч Шинжлэх ухааны хүрээлэнгийн Үйлдвэрчний эвлэлийн дарга П.Баяр “Бид цэцэрлэгийн газрын асуудлыг шийдэж чадах холбогдох бүхий л албан тушаалтанд хандсан ч тоймтой хариу ирүүлсэн хүн алга” гэж хэлснээр баталж болно. Тэрбээр Хууль зүйн яам Ботаникийн цэцэрлэгт шүүхийн цогцолбор нэрийдлээр шорон барих гэж байгааг эсэргүүцэж байна гэлээ. Жагсаалд оролцсон иргэд эрх мэдэлтнүүд иргэдээс амьсгалах агаар буюу амь амьдрал булааж байгаад хамгийн их дургүйцэж буйгаа хэлэв. Учир нь таван га ногоон байгууламжийг устгахад 1200 хүний амьсгалах агаар устсантай дүйцдэг ажээ.

 

БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ НАСААРАА АЖИЛЛАСАН ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ХӨДӨЛМӨРИЙГ ХЭРХЭН ҮНЭЛЭХ ВЭ 
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн 34.9 га талбайтай. Үүнийх нь 24.3-га-г Нийслэл болон Хууль зүйн яамныхан нийлж булаах гэж байна. Тэд энэ талбайдаа сургууль, цэцэрлэг, зам, шүүхийн цогцолбор барихаа хэлж байгаа юм. Хэрэв тус цэцэрлэгт барилга барихаар болбол маш олон төрөл зүйлийн ховор ургамал, бут сөөг устах аюулд өртөх юм. Түүгээр ч зогсохгүй газар доогуур явсан шугам хоолойг эвдэхээс эхлээд зардал нь тэрбумаар тооцогдоно гэдгийг тус цэцэрлэгийн эрхлэгч С.Жамьянсүрэн анхааруулж байсан юм. Өнгөцхөн дүгнэхэд арчилгаа муутай том талбайн нэг буланд нь барилга барих гэж буй мэт харагдавч үнэндээ Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтдийн нэг насны хөдөлмөр, эрдэм шинжилгээний ажил уруу нулимсантай ялгаагүй хэрэг юм. Манай урд, хойд хоёр хөршөөс авахуулаад Ботаникийн цэцэрлэгтээ анхаарал хандуулж арчилж торддог улс олон бий. Гэтэл манайх нурааж барилга барихаар санаархаж байдаг. Ботаникийн цэцэрлэгт улсаас өгдөг хөрөнгө мөнгө нь жилээс жилд багассаар байгааг эрхлэгч нь учирлаж байсан. Хэдийгээр санхүүгийн бэрхшээл байгаа ч судлаачид нь шалтаг тооцохгүйгээр бор зүрхээрээ ажилладаг аж. Харин манай эрх мэдэлтнүүдэд ногоон байгууламжийг хайрлах сэтгэл, сэтгэхүй дутагдаж байна гэдгийг тэд хэлсэн.

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГЭЭС БОЛЖ ТУРКТ ЮУ БОЛОВ. ХАРИН МАНАЙД … 
Гезийн цэцэрлэгт хүрээлэнг нурааж худалдааны төв барих эрх мэдэлтнүүдийн шийдвэрийг эсэргүүцэн туркийн иргэд Таксимийн талбайд олон хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Иргэдийн жагсаал сүүлдээ мөргөлдөөн болж 5000 иргэн гэмтэж дөрвөн хүн амиа алдсан. Туркийн дотоодын нөхцөл байдал олон улсын анхаарлын төвд орсноор Ерөнхий сайд Эрдоганд бууж өгөхөөс өөр сонголт үлдсэнгүй. Ингэж Гезийн цэцэрлэгт хүрээлэнгийн төлөөх тэмцэл иргэдийн ялалтаар дуусав. Үүгээр иргэдийг Сүхбаатарын талбайд майхан бариад жагсахыг уриалсан юм биш. Ногоон байгууламжаа хайрлаж хамгаалах сэтгэлтэй байхыг чухалчилсан хэрэг. Зарим оронд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж хүний алтан амьтай дүйцэхүйц үнэ цэнээр олдож байна шүү дээ.