Б.Лхагвасүрэн: Б.Бат-Эрдэнэ бол амьдралд хатаагдсан, шаргаагдсан, эх газрын татах хүчинд ямагт ойр байдаг хүн
2013/06/23
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн
-Та сайхан зусаж байна уу, уран бүтээлийн олз омог ихтэй л биз дээ?
-Сайхан зусаж байна аа. Би ч уран бүтээлээс өөр хийх юмгүй хүн шүү дээ. Тийм болохоор юмаа нухаж л сууна. Бодлоо нухаж, тархиа эвхэж суух юм даа. Гурав, дөрвөн жүжиг бичлээ. Нэг кино зохиол бичлээ. Шүлэг, дуулийн нэг номоо хэвлэлд шилжүүллээ. Наадмын өмнө гаргах санаатай байна. Хаширлаад юм хийхэд хэцүү болжээ. Он цагаас айх юм, амьддаа үхэхээс айх юм. Ухаан нь муу юм хийхээс айх юм гэсэн үг шүү дээ.
-Наадам гэснээс энэ жилийн наадамд хэн түрүүлэх бол?
-Би ч бөхийг гэрээсээ хардаг хүн дээ. Шинэ цолтон олонтой, аваргатай наадам болох болов уу. Гэхдээ энэ жилийн наадам, сонгуулийн сүүл дарж буй наадам. Тэгэхээр сонгууль ямар янзтай болохоос наадмын хийморь их шалтгаална. Нээх хүнээсээ эхлээд түрүүлэх хүнээ хүртэл.
-Сонгууль ч бас л наадам юм даа?
-Сонгууль наадам биш том шоглоом. Өөрөөр хэлбэл тоглоом биш гэсэн үг. Би сонгуулиас юу ойлгов гэвэл сонгуулийн үед уран бүтээлч хүн юу ч хийх хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Юм л хийвэл сонгуулийн юм хийж байна гэж ойлгох юмаа. Энэ явдал зөвхөн уран бүтээлд ч биш бололтой. Тэгэхээр сонгууль бол хөгжил зогсох цаг юм байна. Сонгуулийн үеийн утга учиргүй дуулиан, гүтгэлэг, мэлзээ, гоё харагдах гэж жиргэх, нэг рүүгээ ичгүүргүй дайрах зэргээс залхах юм.
-Та нэр дэвшигчдийн сурталчилгааг хэлээд байна уу?
-Сонгуулийн үед бусдын санаа бодолд ятгаж оролцох, бодолд нь засвар хийх гэж дуугардаггүй юм. Харин “Миний бодол ийм байна. Та юу бодож байна” гэсэн асуултыг сонгуулийн сурталчилгаа гэдэг. Монголчууд хүнийг шинжиж чаддаг ард түмэн. Хэнийг сонгох вэ гэдгээ сэтгэлдээ сонгочихсон байдаг. Тэрийг нь сатааруулж үймүүлэх, хуйвалдан гүтгэх, худалдаж авах мэт нь зүй зохистой зүйл биш. Эрх чөлөөг өгсөн бол өгсөн шиг өгөх хэрэгтэй. Монголын түүхэнд өрсөлдөгчөө муу хэлсэн зүйл ер байхгүй. Харин өрсөлдөгчөө билүү, намайг ирлэгч гэж үздэг. Энэ сайхан уламжлалт чанар мартагдахуйд шингэсэн байна. Хоёр хүн явж байгаад би энэнээс илүү гэж хэлэх их ичгүүртэй. Учир нь тэр хоёр хүнийг бусад хүмүүс өөрсдөөс нь илүү мэдэж байдаг. Монголчуудын хүн таних ухаан дэлхийд их дээгүүр орно гэж би боддог.
-Та гол хоёр нэр дэвшигчийн тухай санаагаа хэлж болох уу?
-Би Монгол Улсад бүхий л талаараа танигдсан нэг хүний тухай ярих гэж байна. Б.Бат-Эрдэнэ бол байгаа нь л энэ. Зарим хүмүүс гаднаа тогос шиг гоё мөртлөө, дотор цээжиндээ адын сармагчин мэт амьдардаг. Тийм хүний гадаад байдал, дотоод чанар хоёр нь ямагт өөрийгөө булаацалдаж байдаг. Ийм тааруухан хүмүүсийг үл тоох эрх бидэнд бий. Ийм хүмүүс бол оюуны шүүрээр гоожсон хүмүүс л дээ. Харин Б.Бат-Эрдэнэ бол амьдралд хатаагдсан, шаргаагдсан, эх газрын татах хүчинд ямагт ойр байдаг хүн. Энгийнээр бол ардын амьдралаас тасраагүй гэсэн үг. Ийм хүний төлөө монголчууд хайраа харамладаггүй.
-Б.Бат-Эрдэнэ аваргыг зүгээр л нэг бөх гэх юм. Тэгсэн мөртлөө түүнээс доогуур бөхчүүдийг сурталчилгаандаа хэрэглэх юм. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Бөхчүүдийг хүн бие нь барилддаг гэж боддог бололтой. Тархи нь бас барилддагийг мэдэхгүй, мэдсэн ч үгүйсгэдэг болчихож. Энэ бол дэндүү гэнэн ойлголт юм. Ерөнхийлөгчид дэвшсэн бөхийг муучлах мөртлөө бөхчүүдээр нэр нүүрээ хийж яваа нь өөрөө өөртэйгээ зөрчилдсөн, ер нь л арга ядсан явдал даа. Дэлхий ертөнцийг аварч буй зүйл бол хөдөлгөөн. Түүний хэм хэмнэл ямагт эргэх хүч.
-Ардчилал гэж юу вэ?
-Ардчиллыг хүн төрөлхтөн зохиосон. Балар эрт цагт агнасан гөрөөсөө хуваахаас ардчилал эхэлсэн. Ямар ч оронд ардчиллыг бүтээгч, зохиогч гэж байдаггүй. Ардчиллыг хүн төрөлхтөн өөрсдөө зохиосон. Зохиогч нь хүн төрөлхтөн. Төгөлдөржсөн ардчилал хэрцгий биш, түрэмгий бус, бодох нь урдаа, энэрэнгүй зөөлөн, ёс суртахуунтай, хуулийн хүрээнд цэцэглэсэн ардчиллыг бид хүлээж байгаа юм. Ардчилал хүн бүрт зохиж байх ёстой. Ялгагдсан хэсэг хүмүүст ардчилал зориулагддаггүй. Ертөнцийн хүн төрөлхтний хязгааргүй эрх чөлөө бол хатуу хэмжүүртэй байдаг. Тэгж байж эрх чөлөөг бүтэн эдэлж чадна. Ийм л ардчиллыг бид хүлээж байна. Ерөнхийлөгчийг бэлгэдэл гэж ярьдаг. Нэг хүнээс төр шалтгаалдаггүй гэж ярьдаг. Энэ бол үгүй юм. Нэг бие хүн гэдэг бол төрийн үндэс, нэг хүнээс төр эхэлнэ гэсэн үг. Хүн болгон төр мөн юм. Тэдний оюун ухаан, бодсон санасныг худалдан авах бэнчин хэнд ч байхгүй. Б.Бат-Эрдэнийг би дэмжиж байгаа. Бага залуугаас нь мэдэхийн хувьд. Яагаад дэмжиж байна гэвэл монголчуудын ихэнх нь надтай санал нэг байгаа. Энэ үгэндээ би итгэж байна. Монголчууд зөн совиндоо итгэж явсан болохоос амнаас чихэнд ирсэн яриа, аливаа нэг гүтгэлэг, доромжлолыг тоодоггүй хүмүүс. Түүний цаана байгаа үнэнийг харж, уурхай ухах мэт төнхөж байж мэддэг ард түмэн. Монголчууд өөрийн бодсон бодолдоо үнэнчээрээ гаргууд хүмүүс. Тэр зангаа л энэ сонгуульд хэрэглээсэй билээ гэж бодох юм. Шинэ гаргаж буй номондоо цэц үг, онч үг (афоризм), лан үг гэх мэт нэрлэж буй хэдэн юм оруулж буй. Нэгийг нь хэлье. “Төрийн дээр хүн, тэнгэр хоёр байдаг”. Нам байдаггүй байх нь. Оюун санаа үзэл бодлын өөрчлөлт, аж байдлын их зөрөөтэй энэ он цагт танайх манайх гэдэг үгийг халмаар санагдах юм. Аль нь харь гаригаас ирсэн юм, аль нь энэ эх газраа төрсөн юм бэ? Танайх, манайх гэдэг үгийг сонсоход огиудас хүрэх юм. Сонгосон, сонгогдсон аль аль нь монгол. Өөрийнхөө санасан бодсоноо тэнгэрийн таалалд нийцүүлж, хүчирхэг Монгол Улсыг хөгжүүлэхэд нэг хүний санаа бодол хүртэл маш том орон зай эзэлдгийг санах хэрэгтэй. Мөрөөрөө сайхан эр хүн, бие ухаан жагссан Б.Бат-Эрдэнийг минь ард түмний хайр хүндэтгэл өршөөж, Төрийн тэргүүнээрээ сонгох болтугай. Төр гэдэг хоосон чанар. Төрийн түшээ гэдэг мөн чанар юм шүү. Монголыг минь мөнх хөх тэнгэр өршөө.