Ногоо идэх цагийн ноос нь цуварсан хоньд шиг алаг тарлан уулс. Хул шаргал замын тоосноос зугтан хатируулахад хөхүүрийн айраг үе үехэн сэнхийдэг тийм л нутаг. Сайхан сумын тухай, мөн л тийм ундуй сундуй дурсамж надад олон байдаг юм. Үнэндээ хүний амьдрал дүүрэн сэрэл, мэдрэмжүүд дунд хөвөрдөг юм шиг санагдана.

Тийм л учраас хурдан морины дэлэн дээр давхиж явсан нусгай байхаас эхлээд хүний нүднээс далдхан хундага тулгах хүртлээ дүүрэн гэгээн мэдрэмжүүд дунд амьдарч иржээ. Энэ бүх сайхан зүйлийн дундуур нүдээ анин алхаж явсан нь ч цөөнгүй мэт бодогдох нь бий. Гэвч салхи хийгээд үргэн зугтах агтны туурайн чимээтэй тэр дурсамжууд дундаас Зоригоо ахын минь зодоглосон наадмын тухай тэр л бодлууд хачирхалтай нь бүр ч тунгалаг.

Аймгийн начин Ч.Рэнцэндорж, Сумын заан, улсын шонхор н.Батдэлгэр, заан М.Цогт, Ж.Намхай, Х.Найдансүрэн, начин н.Баярсайхан, н.Батсайхан, А.Баяраа, Баахай гэх мэт хэлхгэр эрчүүд хоёр гурваараа нийлэн сумын төвөөр холхилдох нь сүрдмээр. Аймгийн арслан Б.Чойжинсүрэн зүүний магнайг тэргүүлэн босно. Тэдний зэрэгцээ “Их шавь” сургуулийн оюутан Н.Батмөнх, Д.Батнасан хоёр наадамчдын анхаарлыг багагүй татна. Наадамчдын дунд “Бөхийн сургуульд сурч байгаа “Усны Даваадоржийн хүү ч мундаг болжээ”, “Намхай зааны хүү ч уг нь сүрхий барилдаанч юм” гэх зэрэг яриа хаа сайгүй түгнэ.

Магадгүй энэ хоёр залууд сумын төвийн ахмадууд найдлага тавьдаг байсны илэрхийлэл биз. Гэвч тэр үеийн сумын наадам тэдний оролцоогүйгээр жинхэнэ утгаараа “гал” асдаг байлаа. Дээр нэр дурдсан манай сумын алдарт бөхчүүд үнэндээ бөхийн эрдэмд шамдсан энэ хоёр залууд шөвгийн наймд үлдэх боломжийг ч нээж өгөөгүй юм шүү. Энэ нь манай сумын наадам ямар “хатуу” болдог байсныг илтгэх хийгээд нөгөө талаар шударга барилддаг байсаны нотлогоо гэж одоо хүртэл би ойлгосон хэвээр.

Түүнээс сумын заан аавтай, дээрээс нь Намхай зааны төрсөн дүү Ж.Баяраа манай Зоригоо ахтай үй зайгүй найз байсан гэх зэрэг олон давуу тал байсан атал наадмын түрүүг нэг удаад аргалж болохоор доо. Гэвч тэдний хэнд нь ч хуурах, худлаа барилдах тухай бодол байгаагүй нь хамгаас сайхан.

Наадмын өглөө аав минь ээжээс шинэ шүдэнз нэхэж, бурхан зүг рүү алгуурханаар гараа сунгаж арц авна. Аавыг ийн “бясалгаж” байх явцад аль хэдийнэ ээж минь авдраа уудлан, Зоригоо ахад хийсэн шинэхэн дээлийг өмсгөж зогсоно. Угалзран уугих сангаар аав хамгийн түрүүлж мөн л Зоригоо ахын минь биеийг гурвантаа тойруулна. Дараа нь биднийг... Ингэх явцдаа нүдээ зөөлөн аниж, уруулаа үл мэдэг чимчигнүүлдэг байсансан. Яг үнэндээ би аавыгаа маань уншдаг, тогтоосон тарни байсан эсэхийг мэддэггүй юм. Энэ тухай хөөрөлдөж ч явсангүй...

Энэ л уламжлалт мөчөөс манай гэр бүлийн наадам эхэлдэг байв. Сумын төвийн баруун ба зүүн биеэс эх авсан голууд төд удалгүй “Зараагийн шил”, “Асгын дэвсэг” хоёрын дунд нийлж, хүч хавсран цааш тэмүүлсээр Орхон гэх их усанг чиглэнэ. Манайх сумын төвөөсөө урагш сайндаа хоёр км орчим зайд байх өнөөх “Асгын дэвсэг” гэдэг жижигхэн хавтгайд 10 гаруй жил зуссан юм. Энэ газраас мөсөн дээр зөөлөн асгасан хоргол шиг тархай барилга байшингууд, сумын төвийн наадмын талбай сургууль, цэцэрлэг гээд бүхий л зүйл алган дээр байгаа мэт илхэн үзэгдэнэ.

Салхин зүгээс голдуу “Морины” хэмээн алдаршсан Ж.Нансалмаа, Г.Батбаярын дуу чих дэлсэнэ. Хаа нэгтэй уртын дууны шуранхай хадаж, завсараар нь Тамгын газрын ажилчид төв талбайн чанга яригчийг шалгах завсараа дэггүйтэнэ. Наадам бүрийн өглөө аав, ээж хоёр надад ундаа, хуушуурын мөнгө өгнө. Үүнийгээ аав ээж бид гурав “Хувь” гэж нэрлэнэ. Багахан байхад хувиа аваад дурдан бүснийхээ үзүүрхэн хэсэгт чангахан зангидаад л давхидаг байж билээ. Тэр гэгээн мөчүүдээс хойш тийм сэтгэл тунгалаг, ийм аз жаргалтай баярлаж байснаа үнэнийг хэлэхэд одоо ч бодсон олоогүй л сууна.

Миний ахын хувьд 1997 онд 28 насандаа Сайхан сумынхаа баяр наадамд нутгийн минь буянтай буурал Ерөөлч н.Лхагвасүрэн гуайн мөрөн дээрээс гарч, тэргүүн байрын өргөмжлөл гардсан. Тухайн үед Сумын зааны үнэмлэх ч гэж өгөөгүй юм. Үнэндээ би энэ мөчийг бүдэг бадагхан санадаг. Хаанахын ч билээ мэдэхгүй, манай сумын хүргэн гэх бүдүүн цагаан залуу сэтгэлдээ ногт ганзагалаж ирээд манай ахтай их л удаан барилдаад наадмаа дуусгаж байсаныг санадаг.

Мөн “Заан” гэж дуудуулахад сэтгэлээ бэлтгээд байсан сумын начин А.Баярааг давж, улсын шонхор, сумын заан Батдэлгэртэй тэргүүн байр булаалдаж байсан юмдаг. Нутгийн хөгшчүүд миний ахаас энэ цолыг олон жил “шаардсан” гэдэг юм. Энэ үед би хурдан морины нуруун дээр ташуур эргүүлэн давхидаг нусгай байв. Тэгэхээр би бүх зүйлийг тод санадаг болсон цагаасаа хойш сумын заантай наадамддаг байсан гэсэн үг. Энэ олон наадамд түүгээр бахархах, цөөхөн тохиолдолд доогуур даваанд унахаар нь ичиж бишгүйдээ хамт явжээ.

Энэ сайхан мэдрэмжүүд дундаас сумын баяр наадмын хоёр дахь өдрийн нар хэвийх алдад ахынхаа хөлстэй гараас ааруулын хэлтэрхий авч идэх хамгийн сайхан нь. Ер нь наадмын гэх тодотголтой бүхий л зүйл амттай сайхан байдаг даа. Гэвч “Уначих вий” гэж тэвдэхдээ нэг л мэдэхэд орилж босч ирчихээд ахыгаа давсан хойно нь хүмүүсээс санаа зовоод сууж байхдаа иддэг байсан тэр ааруул, бясалагийн амт ямар сайхан гэж санана. Ийм л учраас миний хэзээ ч мартахыг хүсдэггүй цөөн зүйлийн нэг болон сэтгэлийн минь хаа нэгтээ амь бөхтэй суурьшижээ.

Үгээр хэлэхийн аргаггүй ийм нандин дурсамжтай болохоор би бөхийн тухай яриа бүхэнд “Дүүрэн заан” ахаараа бахархах дуртай. Түүний хэрхэн дүүрэн амжилт үзүүлсэн, хэрхэн дүүрэн барилдаж явсаныг манай сумынхан андахгүй мэднэ дээ. 90 хаврын цэцэгсийн тэн хагасыг үзчихээд өнөө жилийн аймгийн баяр наадамд хүртэл туг тойрч, сумандаа болсон ургийн баярт шөвгийн наймд үлдсэн түүнд угаасаа л Заан гэдэг сайхан цол зохих учиртай байсныг харин би хожуухан ойлгосон юм.

Зохиолч Ц.Цэдэнжав агсаны хэлснээр “Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч” явах үедээ аймгийн баяр наадамд цөөн хэдэн жил татлаа, дэмжлэг байхгүйгээр зодоглоод цолоо ахиулж амжаагүй юм. Мөн аймгийн аварга шалгаруулах барилдаанд аймгийн цол олгодог байсан журмыг миний ахын онцгой сайн барилдсан жилээс эхлээд өөрчилчихсөн юм.

Энэ нь магадгүй түүнд Заан гэдэг цол л зохино гэсэн далд илэрхийлэл байх. Миний ахын үеийнхэнээс одоо хүртэл аймаг, сумын баяр наадмаар зодог шуудагтаа салхи оруулж, давааныхаа хишгийг бусдад түгээж яваа нь манай аймагт лав үгүй. Тэр ч бүү хэл ахаас минь сүүлд гарч ирсэн 1980-аад оны хүүхдүүд болох сумын заан Н.Золбаяр, Б.Лутбат, сумын начин н.Лхасүрэн тэргүүтэй олон бөх наадмын талбайд гарахаас эмээдэг болоод уджээ.

Ийм цаг үед 1990-ээд оны хөвгүүдтэй зүлэг ногоон талбайд хөлсөө гоожуулах гэж Зоригоо ах багаас минь танил байсан цагаан баадантай зодгоо бүслээд хэзээний дотно инээдээ цацруулан наран сөрөг нэг нүдээ үл ялиг аниад алхаж яваа. Замд зөрсөн танилыгаа мэнд мэдэхэд толгой дохих явцдаа ахин дахин инээсээр хариу мэндчилж яваа. Угаасаа л миний ах ийм л тайван, тийм л хэнэггүй, ийм л “бүдүүн”-дүү эр...

Д.Ганбаатар