Өршөөлийн хууль энэ янзаaараа өвлөөс өмнө батлагдаж амжихгүй нь. Өргөн баригдсан цагаасаа хойш хоёр жилийн турш хүлээлт үүсгэж, ээлжит бус чуулганаар арайхийн орж ирэхдээ хэтийдсэн өөрчлөлтөд автсан хууль өнөөг хүртэл эцэслэн батлагдаагүй хэвээр.

Хоёр удаагийн ээлжит бус чуулган дамнан, ерөнхийлөгчийн хоригоор саатуулагдсан өршөөлийн хууль намрын чуулганаар мөн л ахих янзгүй.

Хэлэлцэх асуудлын эхэнд өрөгдсөн Өршөөлийн хуулийн шинэчилсэн найруулга намрын чуулган эхэлсэн цагаас хойш хоёр дахь удаагаа завсарлага авахад хүрэв. Олон улсад мөрдөгддөг зарчмаараа бол хүйтний улирлаас өмнө батлагдах учиртай. Гэтэл манайд эсрэгээрээ хүйтнийг хүлээсээр байгаа нь хачирхал төрүүлнэ.

Намрын чуулган эхэлсэн эхний долоо хоногт МАН авлигын хэргийг өршөөх гэж байгааг хянан үзэх нэрийдлээр завсарлага авсан бол өчигдөр “Шударга ёс” эвсэл гэнэт чуулганы дундуур тоглолт хийв. Уг нь өршөөлийн хуулийг анх боловсруулахдаа улстөрийн нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн 20 гишүүн хуулийн төсөл дээр суусан. Энэ ч утгаар сөрөг хүчин багатай, шуудхан батлагдах хууль гэгдэж байсан ч эцэстээ улстөрийн намуудын акц хийдэг товчлуур болон хувираад буй нь энэ.

Одоо тэгээд хэрхэх бэ? Хаалга цонхоо битүүлж байгаад бүгд өөрчилж болсон хойно, эргээд хоригийн дагуу засаж болмоор. Эцэстээ хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэх гээд байгаа юм уу?ерөнхийлөгчийн тавьсан хоригийн заалт бүр дээр дахин суух гээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байдлаар замарч гүйцэв.

Хамгийн гол нь улстөрчид ирэх сонгуулиар мөнгө угаах төлөвлөгөөгөө хуульд шингээхээр зүдсээр суух хооронд торны цаана суугаа эрх чөлөөгөө хасуулсан ялтнууд нүдээ бүлтийтэл хүлээж буй. Хууль батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн гэвэл тэдгээр хоригдож буй иргэдийн эрхийг хэн зөрчсөн болж таарах уу?

Нөгөө талд өршөөлийн хууль хэлэлцэх явцыг олон нийт нээлттэй үзэх хүсэлтэй байгаа. Харин өчигдөр үдээс хойших хуралдаан эхлэхийн өмнө хаалттай горимоор хэлэлцэх бүх бэлтгэлүүдийг хангаад байв. Үүний цаана нөгөө л нууц санал хураалт нэрийн дор эрх чөлөөтэй болгох гээд байгаа 37 хүний эрх ашиг нам зогсож буйг илтгэнэ. Дээрээс нь нээлттэй хэлэлцэх гэхээр илтэд хэн нэгнийг өмөөрөх, хуулийн заалт зувчуулах тоглолт чөлөөтэй явагдахгүй.

Ингэж өршөөлийн хуулийг улстөрийн намууд өөр хоорондоо шидэлцэж, маазрал болгон хувиргасаар суутал өвөлтэй золгох нь. Хоригт ороогүй заалтаар суллагдах 1700 хоригдлынхоо асуудлыг ядаж эхний ээлжинд шийдэж болмоор санагдана. Нэгэнт эрх чөлөөтэй болох нь тодорхой болсон тэдгээр ялтнуудыг өдөрт хүн тус бүрд 10 мянган төгрөг зарцуулаад байх, тийм баян төсөвтэй билүү, бид.

Ер нь өршөөлийн хуулиа хэрэгжүүлэх эсэхэд нэгдсэн шийдвэр гаргах хэрэгтэй. Шинэчилсэн найруулга батлагдаж амжаагүй байхад Хуульзүйн байнгын хороон дээр Дээд шүүхээс тайлбар өгөхдөө “Үндсэн хууль зөрчиж байгаа тул Шүүх хүлээн авах боломжгүй” гэх тайлбарыг хүртэл хийгээд амжив.

Дахин асууя. Одоо чухам хэрхэх бэ? Хуулиа хэрэгжүүлэх үү? Эсвэл бүр зарцаах томьёонд оруулж байгаа ил тодоор зарлах уу? Завсарлага авсаар байтал өвөл эхлэх нь, лоббигоо хурдан зохиож, хуулиа хэрхэх эсэхээ шийдэх хэрэгтэй байна.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn