Саяхан мэдээллийн сайтуудаар Бат-Үүлд хандаж бичсэн миний ил захидал гарчээ. Уг нь аль дээр үед бичээд гаргачихсан эд л дээ, гэхдээ тэр үедээ нэг их анхаарал татаагүй өнгөрсөн энэхүү ил захидал маань сая овоо хүч авч, бас багагүй асуулт дагуулсан бололтой юм. Иймд зарим санаагаа илүү тодруулах нь зөв гэж санав.

1989 оны намар болсон Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөний үеэр бидний хэдэн уран бүтээлч залуучууд нийлж, улс төрийн альтернатив байгууллагыг байгуулж, анхны тэргүүнээр Дарь. Сүхбаатарыг сонгож асан. Тухайн үедээ энэ бол зоригтой гэхэд дэндсэн алхам байсан, учир нь коммунист үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үүрэг бүхий, дангаар ноёрхох эрхээ хуулиар баталгаажуулсан МАХН, МХЗЭ-ээс өөр, тэр тусмаа үзэл санааны хувьд тэс ондоо улс төрийн байгууллага байгуулна гэдэг наанадаж амьдралаа үрэх, цаанадаж насаараа шоронгийн хадаас болох, амь насаа ч алдахад хүрч мэдэх зүйл байлаа. Бат-Үүл үүнийг байгаль хамгаалах чиглэлийн байгууллага байсан гэж бурсан нь энэ шинэ байгууллагын талаар юу ч мэддэггүй байсныг л харуулж байгаа хэрэг. Энэ байгууллагыг анх санаачилсан хүмүүс нь Барилгын зургийн институтын уран барилгач Нямсүрэн, Саранцацралт, Алтансүү, Отгонбаяр, Батцэнгэл тэргүүтэй залуучууд, үндэс суурийг тавигчид нь Сүхбаатараас гадна ХБДС-ийн багш Содтунгалаг, “Нохойн орон”-ы гэх Д.Төрмөнх, зураач Орхон, Чимиддорж, Х.Цэгмид, киноны Нарантуяа, Жумдаан, Эрдэнэ-Уул, Базаррагчаа, драмын театрын Эрдэнэбулганы Болормаа, “Улаан од” сонины Элбэгдорж, “Хонх” хамтлаг бүрэлдэхүүнээрээ, мөн миний бие тэргүүтэн олон залуус байсны бүгдийн нь нэрийг дурдах боломжгүйдээ хүлцэл өчье. Хожим С.Амарсанаа бас ном бичиж, үндэс суурийг нь тавихад би оролцсон гэж зүтгэсэн байна билээ, уг нь тэрбээр зөвлөгөөний төлөөлөгч байгаагүй, зөвлөгөөний явцыг сурвалжилж, ирэн очин байсан, ийм байгууллага байгуулж байгаа гэдгийг сүүлд мэдсэнийг нь би гэрчлэх юм.

Дарь. Сүхбаатарын тэргүүлсэн энэ шинэ байгууллагын тухай дуулмагц залуучууд олноороо ирж нэгдэж байсны дотор Санжаасүрэнгийн Зориг, Бат-Үүл, Бошигт, Билигт, Баасан лам, “Казино” гэх Энхбаатар, Нинж, “Малыш” Энхтүвшин нарыг тус бүртээ тодорхой учир шалтгаанаар боловч нийтлэг талаас нь авч үзвэл үнэхээр Монголын төлөө, ард түмний сайн сайхны төлөө зүтгэх чин эрмэлзэлтэй гэдгийг нь харгалзан, шууд удирдах бүрэлдэхүүнд оруулсан. Үнэхээр тухайн үедээ тэдний хэн нь ч энэ байгууллагаас хувийн ямар нэг ашиг завшаан эрэлхийлж байгаагүйг бид бүгд харж байсан.

Үүнтэй холбогдуулаад ер нь яах гэж тэр үеийн залуучууд, болохгүй, эрсдэлтэй гэдгийг нь мэдсээр байж ийм байгууллагад орох гэж хошуураад байсан тухайд нэг зүйл хэлье. Энэ нь залуучууд өөрсдийгөө улс, үндэстэндээ хэрэгтэй гэдгээ мэдрэх шаардлага байснаас л үүдэлтэй юм. Нам, эвлэлээр дамжсан карьер нь үзэл санааны хувьд дээд даргынхаа боол болохыг шаарддаг байсныг эсэргүүцэж, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, хэрэгжүүлэх боломжийг хайдаг байсны нэг илрэл нь энэ мөн. Тиймээс ч бид зарим нэгнийхээ гаргасан сонин ааш аягт ихээхэн хүлээцтэй тэвчээртэй ханддаг байснаа хэлэх нь зүйтэй. Тухайлбал Бошигт гуайн “Би та нарын ард нууц үлдье” гэсэн илэрхий хулчганал, анхны цуглаанд үг хэлэх ёстой байсан Бат-Үүл хогийн савны араар ороод нуугдчихсан, НАХ Яаманд холбооны удирдлага дээр яригдсан асуудлын тухай мэдээлэл өгсөн нэг хүний тухай зэрэг асуудлыг бид аль болох ойлгож хүлээж авахыг хичээж “Бат-Үүл нарыг холбооноос хөөх хэрэгтэй” гэж тонгочсон Элбэгдоржийн саналыг хүлээж авалгүй нам дарсан нь үнэн юмдаг.

Тухайн үед биднийг даран сөнөөх ямар нэг оролдлогыг эрх баригчдын зүгээс гаргаагүй гэсэн ойлголт нийгэмд байдаг. Тийм биш. Ардчилсан холбооны нэр хүнд өсч байх яг тэр үед биднийг “мэдрэлийн өвчтэй, шизотой” гэж цуурхал тараах ажил санаанд оромгүй хүчтэй өрнөсөн. Бүр байчихаад, насаараа Шар хадны галзуугийн эмнэлэгт ажилласан гэх нэг авгай “Энэ Ардчилсан холбооны залуучуудыг би бүгдийг нь танина, бүгдээрээ манай эмнэлэгт хэвтэж байсан” гэж солиорсныг олон хүн өнөө ч санадаг билээ. Нөгөө талаар эрх баригчдын зүгээс Эрүүлийг хамгаалах Яамны зарим албан тушаалтанд Шар хадны эмнэлэгт тусгай тасаг бэлтгэх үүрэг даалгавар өгч байсан тухай манайхны нэг нь ярьж л байсан, үнэн худлыг бол мэдэхгүй. Ардчилсан холбоог ямар ч гэсэн дарах, тараах оролдлого гарах юм байна, гэхдээ тараалаа гэхэд биднийг Ганцхудаг руу биш, галзуугийн эмнэлэг рүү ачих юм байна гэсэн ойлголтыг өгсөн. Энэ нь биднийг нэг их зоригжуулсан гэх нь хаашаа юм, гэхдээ ямар ч байсан 37 оны их аллага, яргаллын сүүдэр биднийг дайрахгүй юм байна гэсэн итгэл төрүүлсэн нь үнэн. Харин яагаад энэ санаагаа МАХН хэрэгжүүлж чадалгүй өнгөрсөн нь өөр асуудал.

Чухамдаа энд Ардчилсан холбооны нэр хүнд ард түмний дунд санаанд оромгүй хүч авсан нь бидний заримд маань яаж нөлөөлсөн нь илүү сонирхолтой юм. Олны анхаарлын төвд орж, тааралдсан бүхэн танимгайрхдаг болсон нь тэдний хувьд ёстой нөгөө “толгой дээр нь тоосго унав” гэдэгтэй адил нөлөөлж, ард түмний, улс орны эрх ашиг гэсэн ойлголтоо нэг шатаар хойш нь ухраагаад, олсон нэр хүндээ улс төрийн бодит хөрөнгө болгож эргэлтэнд оруулах, сүүг нь сааж, өрмийг нь хүртэх асуудлыг тэргүүн ээлжинд тавьдаг болов. Ардчилсан холбооны их цэвэрлэгээ ингэж эхэлсний манлайд мань Дарь. Сүхбаатар хамгийн түрүүнд өртөв дөө. Нэг мэдэхэд манайхны зарим нь Ардчилсан холбооны анхны тэргүүн Дарь. Сүхбаатар гэдгийг таг мартаад буюу мартсан дүр үзүүлээд, ер нь Ардчилсан холбоо маань өдий хүртэл биет удирдлагагүй явж ирсэн ч байж магад, тиймээс хэн нэгнийг даргаараа сонгох нь зүйтэй бус уу гэсэн санааг сэм сэм түлхэж, энэ үедээ С.Зоригийн зүг нүднийхээ булангаар заах нь ихсээд ирсэн юмдаг.

-Дарь. Сүхбаатар яачихаад байгаа юм бэ? -гэхээр:

-Ааш зан нь ч жаахан тиймэрхүү юм, тэгээд ч боловсрол нимгэн, сургуулиа ч төгсөөгүй...-гэх. Үнэхээр мань хүн тэр үед УБДС-д сурч байсан үе. Нөгөө талаар МАХН-тай ширүүн догшин харьцаж болохгүй, харин ч ярилцан ойлголцох, харилцан туслалцах замаар явах нь бидэнд илүү өлзийтэй, тиймээс Ардчилсан холбоо үүнээс хойш, түүнээс цааш, үеийн үед социализм, коммунизмын гэрэлт оргилыг чиг баримжаагаа болгон, МАХН-тай хамтран зүтгэх нь зүйтэй гэсэн санаа хүчтэйгээр цухалздаг болж ирэв. Ингэснээр яагаад Ардчилсан холбооны тэргүүний суудал дээр МАХН гэхээр араагаа тачигнатал хавирдаг Дарь. Сүхбаатарыг С.Зоригоор сэлгэх шаардлага гараад байгаагийн учир ч тайлагдав. Ардчилсан холбоог коммунист байгууллага болгохыг ил далд эсэргүүцэж, МАХН-тай сээтэгнэхийг харахыг хүсээгүй байлгүй, Ардчилсан холбоог анх үүсгэн байгуулалцсан уран бүтээлчдийн ихэнх нь чухамдаа энэ үеэр бүтээлээ хөөгөөд алга болов. Ингээд “Монголын ардчилсан хөдөлгөөний анхны удирдагч” гэсэн титмийг Сүхбаатарын толгойноос эрээ цээргүй хуу татаж С.Зоригийн тэргүүн дээр залах зам дардагнан гялалзсан хэрэг. Үүний дараа Ардчилсан холбооны шинэ удирдлагатай хамт шинэ үзэл баримтлалын магтууг хоршин дуулахыг хүсээгүй буюу хүсээгүй байж болох нэгнийг удирдлагад үлдсэн хүмүүс дотроос хайж намнах, хавчин гадуурхах их үйлсийн аян эхэлсэн. Тэднийг юу гэж хочилсон гэж санана? “Мэдрэлийн өвчтэй, шизотой” гэсэн гээд бодчих. Ийнхүү хэдхэн хоногийн өмнө улс төрийн дайсагнагчдынхаа өөрт нь хэрэглэж байсан үгийг саяхан хамтран зүтгэгч байсан хүмүүстээ хэвээр нь хуулбарлан хэрэглэсний дотор миний бие, Дарь Сүхбаатар, Бошигт, “Малыш” нар, хожим Нинж өртсөн билээ.

Энд бас өөр нэг зүйл харагдаад байдаг юм. Тухайн үедээ монголчуудыг хуугаар нь албадан оросжуулах бодлого явдаг байсан ч гэлээ, орос болон өөр бусад хэлээр улс төрийн шинжлэх ухааны ном зохиолыг цай уух мэт унших чадвартай хүмүүс цөөн байсан. Өөрчлөн байгуулалтын ачаар орос хэлээр ардчиллын тухай, тэр дундаа социалист систем, коммунист үзэл санааны ирээдүйд эргэлзэх агуулгатай зүйл хангалттай гэж болохоор гарч байсныг ухаж, хүлээж авах чадвартай хүмүүс нь Ардчилсан холбооны удирдлагад Бошигт, “Малыш” Энхтүвшин, Нинж, Энхээ нар л байсан гэж би бардаагаар хэлнэ. Гэтэл чухамдаа энэ хүмүүс холбооны удирдлагаас шахагдсан нь юуг хэлнэ вэ? МАХН-ын эрх баригчдын зүгээс саяхан өөрсдөд нь хэрэглэж байсан аргыг шүүрч аван, өчигдөрхөн хамтдаа мөр зэрэгцэн тэмцэж асан нөхдөдөө хэрэглэсэн нь юуг өгүүлнэ вэ? Энэ бол тухайн үеийн Ардчилсан холбооны удирдлагын МАХН-тай ойртон нягтрах үйл ажиллагаа шинэ шатанд гарсныг л харуулдаг.

Ямар ч эргэлзээгүйгээр Монголынхоо төлөө зүтгэх чин эрмэлзэлтэйгээр Ардчилсан холбоонд орж ирснийг нь адгийн муу би хүртэл өнөөдөр үгүйсгэдэггүй залуучууд гэнэт эрх мэдэл, албан тушаалын үнэрийг авч, түүндээ шал согтоод, зөвхөн өөрийнхөө эрх ашгийн төлөө бүхнээ зориулж эхэлсэн энэхүү метаморфоз хувирал өнөөгийн ардчиллын гажуудлын эх үүсвэр яах аргагүй мөн. МАХН-ын тухайн үеийн удирдлагын зарим хүмүүст өвөр түрийгээ нээн ашиглуулж, барууны тусгай албадын санхүүжилтээр баяжих хөлжихийнхөө эхийг тавьсан тэд нарт гэнэт ардчилсан хувьсгал бүрэн ялчихсан, цаашид үүнийг хөгжүүлэх гэж оролдоод байх шаардлага байхгүй, барууныхны заасан замаар, Барак Обамад хөтлүүлчихээд сажлаад байхад аз жаргалын гэрэлт ирээдүйд аандаа хүрчихнэ, тиймээс одоо энэхүү эхлүүлсэн зүйлийнхээ үр шимийг яаж хүртэхээ бодож суувал барав гэсэн санаа хөдөлгөөн бүрээс нь үнэртээд эхэллээ. Юм хэлэхээр л “Энхээ албан тушаал аваагүйдээ хорсож байна” гэдэг амны уншлагатай болж. Үүний цаана чи тийм юм бол олигтойхон албан тушаалд оччих чинь яагаа вэ гэсэн ам асуулт, нөгөө талаар би ардчилал гэж явсныхаа хүчинд өнөөдөр сайд дарга болж, хагарч тийртлээ баяжиж хөлжсөн гэдэг бахархал илт харагдаж байгаагаас ичихээ байж. Ерөөсөө л ард түмнийхээ төлөө, Монголынхоо төлөө зүтгэх хүсэл өнөөгийнхөнд элэг доог болж, улс төрийн үйл ажиллагаанд оролцоно гэдэг нь зөвхөн өндөр албан тушаалд хүрэх, төрөөс төрсөн тэрбумтан болох цорын ганц зорилгод үйлчлэх ёстой гэсэн баттай ойлголт суусныг энэ нь гэрчилнэ. Тэгвэл үүний эх үүсвэрийг Ардчиллын төлөө тэмцэлд надтай хамт мөр зэрэгцэн, чин үнэнчээр зүтгэж явсан тэр л хүмүүс тавьжээ гэсэн бодол тагнай гашуу оргиулж, цээж хорсгох юм.

Өнөөдөр Монголчууд нийтээрээ элбэг хангалуун, сайн сайхан амьдралд хүрэх цорын ганц зам нь Монголын гурван сая иргэн бүгдээрээ нэг нэг нам байгуулж, дарга болох гэсэн гаргалгаа л эндээс харагдана. Дашрамд хэлэхэд миний тухай МУ-ын Ерөнхий сайд асан М.Энхсайхан нэг удаа “Би Ерөнхий сайд болоод Ч.Энхээд Засгийн газрын бүтцэд орж ажиллахыг санал болгосон боловч тэр татгалзсан. Би үүнд одоо ч харамсаж явдаг” гэж бичсэн нь баримт болон үлдсэнийг цухасхан дурдчихъя.

Барууныхан биднийг цулбуурдаж хөтлөөд жаргалын оргилд хүргэнэ гэсэн санаа өнөөгийн брэнд болжээ. АСЕМ-ийн уулзалтын тухай хичнээн ч ярив даа. Монгол улс хөгжихөд АСЕМ-ийн уулзалтыг Улаанбаатарт хийх л дутаад байсан юм биз дээ, чухамдаа? Үүнийг хийснээр Монгол улсын нэр хүнд олон улсын хэмжээнд тэнгэрт тултал өсөөд, дэлхийн улс төр, эдийн засагт Америк, Японоос дутуугүй нөлөөтэй болоод, Их найм дээр есдөх нь болж нэмэгдэж орох юм биз дээ? Муусайн Сингапур, Хятад, Канад манаад, баларчээ, баларч.

Монгол улсыг өөр хэн ч биш монголчууд л хөгжүүлнэ, гэхдээ дарга нар биш, ард түмэн хөгжүүлнэ гэсэн санааг сөргүүлээд тавья. АСЕМ-ийн уулзалт биш, Аум Сан Су Чи биш, Барак Обама ч биш, Балжирын Догмид, Отгонжаргалын Магнай, одоогийн өсч өндийж яваа олон залуучууд хөгжүүлнэ, хараарай. Та нар бол тэдэнд саад болж байгаа бул хар чулуунууд болж хувирсан байна. Амьдралыг зөвхөн зоосны нүхээр харах ёстой, төрд зүтгэх гэдэг нь улсаа хөгжүүлэхэд биш, өөрөө хөлжихөд зориулагдсан үйл ажиллагаа гэсэн санааг та нар залуучуудын дунд хорин хэдэн жил тариалж, чамгүй ургац хураалаа. Тэр хэрээр хөгжил ухарсаар өнөөг хүрлээ.

Бат-Үүлд ил захидал бичсэний учир ердөө л энэ. Аливаа юм цаг хугацаатай байдаг, хүмүүний амьдралын гол утга учир бол эх орондоо, ард түмэндээ хэрэгтэй үед, хэрэгтэй газар нь байж, хэрэгтэй зүйлийг хэцүү гэлгүй хийхэд л оршино. Бат-Үүл бид хэд, хэдийгээр өмнө, хойно ч гэсэн, нэг нь ил гарч нөгөөх нь нуугдаад ч болохноо, Монгол улсад хэрэгтэй үед нь, хэрэгтэй газар нь байж чадсан улс. Үүгээрээ Монгол улсын хөх тэнгэрээр дээвэр хийж, хөрс шороон дээр унасныхаа хувьд түүхэн үүргээ хэн хэн нь биелүүлж чадсан гэж ойлгодог. Би Бат-Үүлийг үзэн яддаг дайсан биш, бид хоёр багаасаа нэг дош, нэг зуслангийн тоосон дунд мөрөө давхарлан гаргаж, зэрэгцэж ургасан хоёр мөчрийг нэг нэгээр нь хугалж, зээглэж өндийсөн хоёр цэцгийг нэг нэгээр нь тасалж явсан хүүхдүүд. Зөвхөн ялгаа нь миний бие түүхэн үүргээ гүйцэтгэлээ хэмээн санаа уужирч, хийж чаддаг зүйлээ хэн нэгний хараа хяналтгүй хийхийн жаргалыг эдлэхийг илүүд үзсэн бол Бат-Үүл энэ үүргээ гүйцэтгэснийхээ хариу шагналыг эд зүйлээр, хөрөнгө зоориор, эрх мэдлээр буцааж авна гэж зүтгэсэнд л байгаа хэрэг. Гавъяат Сосорбарам нэгэнтээ “Ард” кинотеатрын хувьчлалын тухай асуусан нэг сурвалжлагчид:

-Би энэ ардчиллын төлөө бор зүрхээрээ зүтгэсэн хүн, нэг ийм юм авчих эрхгүй юм уу?- гэсэн хариу барина билээ. Хэрэв энэ нийгмийн үндэс суурийг тавилцсан бүх хүн ийм байр сууринаас хандаад эхлэх юм бол энэ Монголд ухсан нүхнээс өөр юу ч үлдэхгүй.

Түүх гэдэг даанч энэрэлгүй хатуу эд. Нэгэн цагийн гавъяагаар бусад бүх гэм нүглээ цайруулахын Сандуйн жүд уншуулчихсан гэж ойлгох нь дэндүү өрөөсгөл, түүх буян, нүглийн аль алийг нь мартдаггүйгээрээ онцлогтой, бас гайхамшигтай. Хатанбаатарын тухай нэг зүйл санаанд орж байна. Хувьсгалыг мандуулахын тулд Манжийн амбаны хэрэм, гамингийн шорон, цагаантны бууны сумнаас халшралгүй тэмцэж түүхэн гавъяа байгуулсан тэр хүнийг, чухамдаа хувьсгал ялсны дараа “хар феодал” хэмээн адалж, эрхийг нь хасч байсан юм билээ, ил ярьдаггүй л болохоос. Бид азтай, бас бахархах юмтай улс. Энэ бахархалаа заавал мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх байдлаар тооцож, хувьсгал хийснийхээ төлөөх хөлс шангаа өнөөгийнхнөөс гаргуулахыг оролдох нь харин илүү зан. Яагаад гэвэл энэ бахархал маань ичгүүр болж хувирахад тун их дөхжээ.

Өөрсдийнхөө эхэлсэн ардчиллаа эцэст нь хүргэлгүй, өөрөөр хэлбэл хүн бүрт хүртээмжтэй болохыг нь үзэлгүй, барууныханд даатгаж хаячихаад, олз, эрх мэдэлд шунаад давхичихсан та нарын балгаар өнөөгийн ардчилал инкубатортоо өтөлчихөөд байна. Миний харж байгаагаар бол энэ ардчилал энэ байдлаараа эрүүлжиж, босч ирэхээсээ өнгөрөв бололтой. Гэтэл та нар цоо эрүүл, цовоо сэргэлэн, мариалаг цагаан ардчилал Монголд өсч байна гэж үзүүлэхийн тулд АСЕМ-дахаар шийджээ дээ, янз нь. Нүднээс гарсан энэ ардчилалдаа түр хугацаанд гоо сайхны мэс засал хийж, гадныхны нүдийг хуурахын тулд ард түмнийхээ хоногийн хоолны мөнгийг ч булааж авахаар улайрч эхлэв. Хөөрхий, нөгөөдүүл нь та нарын санаан зоргоор хууртах юм болов уу даа.

Үхлүүт өвчилсөн энэ ардчиллыг эрүүл саруул өсч бойжиж байна хэмээн өөрсдийгөө хуурч, бусдыг ч хуурах гэж оролдож байхын оронд жамаар нь явуулчихвал яасан юм бэ гэсэн бодол сүүлийн үед надад орж ирээд болох юм биш. Ардчилал бол олон хүний, түүний дотор миний ч оюун, хүчин зүтгэлийн оролцоотойгоор төрсөн хүүхэд, тиймээс би түүнийг хайрлахгүй бол хэн хайрлах билээ. Гэхдээ үнэхээр болохгүй юмыг заавал болгох гэж, тэртэй тэргүй сэхэхгүй нь ойлгомжтой болсон юмыг хэзээ нэг цагт сэхэл авах байх гэж горьдож, цаг алдах хэрэг байна уу, үгүй юу гэдэгт л эргэлзээд байна. Хамгийн гол нь Бат-Үүл нарт ч гэсэн үүнийг үнэхээр зөв оношлож, зөв эмчилгээ хийх замаар эдгэрүүлэх хүсэл, цаг зав олдохгүй нь бололтой. Тиймээс үнэн юмыг үнэнээр нь хэлээд, авторитар шинжтэй Ерөнхийлөгчийн засаглалыг тунхаглаад, бүх эрх мэдлийг түүнд төвлөрүүлэх замаар шийдэмгий арга хэмжээ авч, жинхэнэ эрүүл саруул ардчиллыг дахин бий болгох сонголтыг хийх нь зөв. Бид үүнийг дарангуйлагч дэглэм гээд нэрлээд сурчихаж, уул нь ардчиллыг аврах хамгийн дөт, үр дүнтэй зам гэдэг нь Өмнөд Солонгос, Чили зэрэг олон орны жишээн дээрээс харагдаад байдаг, түүхээр шалгарсан арга шүү дээ.

Цаг хугацааны Дээд шүүхийн өмнө бид бүгдээрээ удахгүй очно. Энэ шүүхийн өмнө, ирээдүйнхээ өмнө юугаа хэлж, хуйхаа маажих нь өнөөдрөөс шалтгаалах болчихоод байна. Өнөөдөр эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүст аль ч шүүхийг худалдаад авч болмоор, арга ядахад өршөөлд нь хамрагдчихмаар санагдаад байж магадгүй. Даанч тийм юм байхгүй. Тиймээс хэрэгтэй бол санаа аваасай л гэж Бат-Үүлд хандсан хэрэг. Тэр үүнийг хүлээж авах эсэх нь надад нэг их сонирхолтой биш, зүгээр л, нэгэн цагт шороогоор хамт тоглож, нэгэн цагт хамт тэмцэж явсны хувьд хүн чанар гаргаж байгаа царай нь энэ юм шүү дээ. Тэрнээс биш цусаар уйлаад очсон ч Бат-Үүл намайг, жишээ нь, газрын албаны мэргэжилтнээр томилохгүй, ганц өрөө байрны түлхүүр сарвайхгүй гэдгийг бол би нэг юм ойлгохтойгоо.

ЧИМИДИЙН ЭНХЭЭ