Ардын намын “Шинэчлэл 27”  Хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Ш.Батсайханыг “Ярилцах танхим” булан­гийнхаа энэ удаагийн дугаарт урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардын намын залуус нэгдэж “Шинэчилье” хөдөлгөөнийг санаачилсан. Танай хөдөлгөөнийхөн дээрх залуустай нэгдэж байгаагаа илэрхийлж, “Ар­дын намын залуус албан тушаал горилоогүй” гэсэн утга бүхий уриалга гар­гаж, гарын үсэг цуг­луулж эхэлсэн. Энэхүү үйл ажиллагаа ямар шатанд явна вэ?

-Бид намын шинэчлэл бол сэтгэлгээний шинэчлэлээс эхлэх учиртай гэж ойлгож байгаа. Тийм ч учраас дээрх уриалгыг гаргасан юм. Бидний уриалгыг дэмжиж байгаа залуус байхад дэмжихгүй байгаа нь ч цөөнгүй. Дэмжихгүй байгаа хэсэг байгаа учир бид  шинэчлэл ярьж яваа залуусын дунд шинэчлэлийг хүсэж  бус ажил албан тушаал авахыг хүсэж шургалсан хэсэг байна гэж дүгнэж байгаа юм. Мэдээж олон хүний нэгдэл байгаа учир тэр дунд олон янзын үзэл бодол байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үнэхээр л шинэчлэл ярьж байгаа бол бидний хэсэг залуус нэгдсэн ойлголтод хүрэх нь чухал. Одоохондоо хараахан тэгж чадахгүй л байгаа юм шиг санагдаад байгаа юм. Ярьж буй зүйлүүд нь өөр хоорондоо харилцан адилгүй байгаад байгаа юм. Тухайлбал, “Шинэчилье” хөдөлгөөний Ерөнхий зохицуулагчийн нэгэн сонинд өгсөн ярилцлагыг нь уншиж байхад “Бид бол ярьдаг, бичдэг, мэтгэлцдэг хэсэг” гэж өөрсдийгөө томъёолсон байн билээ. Тэгвэл намын байрны үүдэнд хэн гэр барив гэдэг асуудал гарч ирнэ. Тэдний нэг биш байсан юм уу. Энэ мэтчилэн олон асуултууд саяхан байгуулагдаад байгаа “отгон” шинэчлэгчдэд маань тулгараад байгаа юм болов уу. Мэдээж энэ бүхнийг даваад гарах л байх.

-Тэгэхээр та бүхэн “Шинэчилье” хөдөлгөөний зарим нэг хүн уриалгыг чинь хүлээж аваагүй болохоор дээрх дүгнэлтийг хийж байгаа юм уу?

-Манай намд байсан үе үеийн жигүүр хөдөлгөөнүүдийн түүх давтагдах нь тодорхой болж байна. Харин шинэчлэл гэдэг нэрийг сэвтээхгүй авч гарах нь одоо бидний толгойны өвчин болж мэдэхээр байна. Ардын намын олон мянган жирийн гишүүд дэмжигчид бид ажил албан тушаалын араас хөөцөлдсөн шинэчлэл хүсээгүй гэдэг нь одоо тодорхой болж байна. Тиймээс бид хувийн эрх ашиг гэхээсээ илүүтэйгээр намын эрх ашгаа бодох цаг нь болсон. Ардын нам хүчтэй байхдаа гишүүн бүртээ хэр таарах албан тушаалыг нь өгч бйсан. Үүний хариуд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс нь намаа авилгач нэртэй болгоод л дуусаж байна шүү дээ. Ингээд ч дуусаагүй тэр хүмүүс өнөөдөр намаа шинэчлэх тухай ярьж, өөрсдөө авлигач нэр зүүлгэсэн намаа эргээд баалж суугаа нь үнэхээр эмгэнэлтэй түүх юм. Намаа шинэчлэхээр нэгдсэн залуусаа иймэрхүү байдалд бүү ороосой гэсэндээ л дээрх дүгнэлтийг хийж байна.

-Намынхаа Бага хурлыг энэ сарын 30 гэхэд хуралдуулах шаардлагыг тавьсан байна билээ. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

-Намын удирдлагууд намыг сонгуульд ялагдал хүлээлгэснийхээ хариуцлагыг хүлээж, асуудлаа намын Бага хурал болон Их хурлаар хэлэлцүүлэх шаардлагтай гэдгийг намын гишүн бүр хэлж байгаа. Гэхдээ нэг их яарч сандрах зүйл байхгүй л болов уу. Учир нь манай намын өмнө сонгуульд бэлтгэх, шинэчлэгдэх гурван жил байна шүү дээ. Тиймээс  нэлээд ул суурьтай хандах хэрэгтэй. Намынхаа үүдэнд гэр барьчихаад хүн дуудаж янз бүрийн юм бичүүлээд сууж байхын оронд намын анхан шатны байгууллагад очиж ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. Тэгж байж жирийн гишүүдийн хувьд шинэчлэл гэж юу яриад байгаа тухай ойлголтыг илүү тодорхой болгоно шүү дээ.

-Тэгэхээр та бүхэн намынхаа удирдлагуудтай санал нэгтэй байгаа байх нь. Тодруулбал, намын Бага хурлыг зарлах асуудал дээр нэг их яарахгүй байгаа гэсэн үг үү?

-Намын бага хурлыг хурал­дуулж, асуудал ярих гэж байгаа бол эхлээд ажлын хэсэг гаргаад Нийгмийн Ардчиллын хүрээлэнтэй хамтран сонгууль бүрийн ялагдлын шалтгааныг тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол юу хэлэлцэх нь тодорхойгүй атлаа  Бага хурал хуралдуулж, асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Үүнийг л сануулах үүднээс бид дээрх уриалгыг гаргаж тэдэндтэй уулзсан юм. Шинэчлэлийг ярина гэдэг бол бол хүссэн ч хүсээгүй ч хүний тухай асуудлыг ярина гэсэн үг. Тиймээс бид шинэчлэлийн үйл хэрэгт хүчин зүтгэж буй залуусаа дэмжиж уриалж ажиллах болно.

-“Шинэчилье” хөдөл­гөөний­хөн намдаа байгаа бүлэг, фракциудыг ил зарлах тухай асуудлыг ярьж байсан. Та бүхэн энэ тал дээр ямар байр суурь байгаа вэ?

-“Шинэчилье” хөдөлгөөнийг байгуулж байгаагаа зарлах үеэрээ манай намын залуучуудын холбооны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ энэ талаар ярьж, бүлэг, фракциа зарлаж эхэлж байх шиг байсан. Бидний хувьд энэ бүхнийг дэмжиж байгаа. Гэхдээ бүлэг фракци нь намын дүрмийн хүрээнд хэрхэн хүлээн зөвшөөрөгдөж байгааг намын Их хурлын  төлөөлөгчид шийдэх байх. Түүний дараа хүссэн ч эс хүссэн ч  одоо байгаа бүлэг фракциудыг ил зарлах байх. Намд байгаа бүлэг, фракциуд нуугдмал далд байх нь манай намд хортой.

-Тэгэхээр та бүхэн намын Бага болон Их хурал хэзээ хуралдах эсэхэд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа байх нь ээ?

-Намын Бага болон Их хурал хуралдах нь тодорхой учир нэг их асуудал үүсгээд байх хэрэггүй байх. Харин бид хэр шинжлэх ухааны үндэслэлтэй шинэчлэгдэж чадах нь вэ гэдэг л асуудал болж хувираад байна. Түүнээс биш хурлаа хий гэж шахах нь нэг сонин биш. Хамгийн гол нь намын эв нэгдлийн асуудал л чухал байна. Бид намын шинэчлэлийн үйл хэрэгт намын гишүүн бүр оролцож, үзэл бодлоо илэрхийлэх үүрэгтэй гэж ойлгож ажиллах учиртай. Шинэчлэлийг хэн нэгэн хүний асуудал гэхээсээ илүүтэйгээр бодлогын бичиг баримтуудыг боловсруулж намын анхан шатны байгууллагаар болон эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлж гаргах зүй ёсны шаардлага байгааг цаг хугацаа бидэнд харуулж байна. Тиймээс намын Бага хурал ямар ч байсан хуралдана. Хуралдаанаас Их хурлын тов гарах байх. Тиймээс хугацаа тавиад түүндээ тулгаж хурлаа хий гээд шахаад байх нь тийм ч үр дүнтэй гэж бодохгүй байна.

-Намын удирдлагуудтайгаа хариуцлага тооцох асуудлыг та бүхэн нэлээд хөндөж байгаа. Энэ асуудал хэр ахицтай байна вэ?

-Манай намд хариуцлагын тогтолцоо бүрэн байхгүй болсон гэж ойлгож болохоор байна. Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан нарийн бичгийн дарга хийгээд төрийн бус байгууллагуудын удирдлагууд болон сонгуульд оролцдоггүй Бага хурлын гишүүдийг бид яах ёстой вэ. Намыг ялсан үед эрх мэдэл албан тушаалд хүрэх хэрэгсэл болгон ашиглаж ирсэн олон хүн бий. Одоо ч тэдний хар мөр энэ намд  дуусаагүй  байна. Тиймээс бид намынхаа нэрийг нэг мөр цэвэрлэж авах хэрэгтэй. Намын удирдлагуудаас гадна шат шатны олон албан тушаалтнууд болон биднийг сонгуулийн хүнд хэцүү үед орхиж явсан хүмүүст ч  хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн авлига хээл хахуульд нэр нь холбогдсон албан тушаалтнууд өөрийн хүсэлтээр нь АТГ-т шалгуулж намын нэрийг цэвэрлэж байх учиртай. 

-Намын шинэчлэл гэж чухам та бүхэн юуг хэлээд байгаа юм бэ. Хурлаа хуралдуулсан ч та бүхний хүсэж байгаа шинэчлэл хийгдэхгүй бол яах вэ?

-Намын шинэчлэл гэж хэн нэгэн даргын мэдэгдэл юмуу хэсэг залуус нийлээд намын удирдлагуудаа шүүмжлэхийг хэлэхгүй. Харин ямар ч үед намаасаа гараад явчихдаггүй, юу ч болж байсан эв нэгдэлтэй байхаас намын шинэчлэл эхэлнэ. Биднийг өөр хоорондоо ойлголцохгүй байгаасай гэж хүсэж буй олон хүн тойроод байж байна. Тиймээс бид энэ бүхнийг ойлгож, маргаашийн өрсөлдөөнд бэлэн байж нийгэмд хүчтэй сөрөг хүчин болон иргэд сонгогчдын итгэлийг хүлээх хэрэгтэй байгаа юм. Ийм цаг ч ойрхон байгаа гэдэгт бид итгэлтэй байгаа. Намын шинэчлэл хэдийнэ эхэлсэн. Шинэчлэл ярьж эхэлсэн цагаас хойш бүтэн жилийн нүүр үзэж энэ хугацаанд намын удирдлагууд хүртэл шинэчлэлийн талаар албан ёсны байр сууриа илэрхийлж, энэ талаар нэлээд өргөн хэлэлцүүлэг хийж эхэлсэн. Харин үргэлжлэл нь тасалдаад байх шиг байна. Намын шинэчлэл гэлэг бол сонгуулийн давтамжаар хэмжигдэн хувьсан өөрчлөгдөж байх ёстой байнгын үйл явц гэж харах учиртай. Тиймээс намын шинэчлэл их хурал хийснээр дуусгавар болно гэж байхгүй.

-Шинэчлэл яриад ирэхээр л шинэчлэлээр овоглосон олон хөдөлгөөнүүд төрж байна гэж танай намын хууччууд ярьж байна билээ. Танай хөдөлгөөнийг ч ингэж хардахаас өөр аргагүй байх?

-Аливааг үүсгэн санаачлагч байгууллага, хөдөлгөөнүүд намд олон байх нь энгийн хэрэг. Харин тэднийг зохицуулсан намын дүрэм нэлээд хатуу чанга, нарийн зохион байгууллалттай байх учиртай. Дүрмийн хүрээнд зохицуулах шаардлагатай олон зүйл байгаа. Гэхдээ бид намын дотоод ардчиллыг дэмжин үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх эрхийг нь намын гишүүддээ нээлттэй үлдээх хэрэгтэй байгаа юм. Эрх баригчид биднийг дотроо хагарч бутарч байгаа мэтээр өөрсдийн өмчлөлд байдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан нийгмэд ойлгуулахыг оролдож байгаа ч иргэд бодит байдалд дүгнэлт хийж өөр өөрсдийнхөөрөө ойлгох боломжийг олгох хэрэгтэй. Намын дэргэд байгуулагдаж буй байгууллагууд болон хөдөлгөөнүүдийн хувьд мэдээж өөрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулдаг дүрэм, журамтай байгаа байх. Гэхдээ намын Их хурлын дараа энэ бүхэн бүгд нэг тийшээ болох байх гэж бодож байгаа. Тухайлбал, зөвхөн намын хурал хуралдуулахыг зорьж явсан хэсэг нь тарах байх. Мөн цаашид ямар үйл ажиллагаа явуулахаа бүгд шийдвэрлэж, тус тусын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх биз ээ. Одоогоор харж байхад зарим нэг байгууллага нь цаашид иргэний нийгмийн байгууллагын орон зайд ажиллах байх.

-Намын удирдлага солигдох нь тодорхой болчихлоо. Та бүхэн намын даргаараа ямар хүнийг тавих хүсэлтэй байгаа вэ?

-Намын одоогийн удирд­лагуудыг огцруулах эсэх дээр санал нэгдсэний дараа гишүүдийн нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн намын шинэ даргыг сонгох нь зүйн хэрэг. Тухайлбал, намын шинэ даргад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө гишүүддээ танилцуулах замаар  сунгаа явуулж сонгодог хэлбэрт шилжүүлэх нь ардчиллын нэг сонгодог хэлбэр шүү дээ. Тиймээс одоогоор ийм хүн, тийм хүн намын дарга болох ёстой гэж хэлэх зүйл алга. Намын даргаараа хэнийг сонгох вэ гэдгээ намын гишүүд л шийдэх ёстой. Ингэхдээ бүх гишүүнийхээ саналыг харгалзаж үзэх хэрэгтэй. Үүний тулд дээрх аргыг хэрэглэх нь тохиромжтой юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. 

Р.Сарангоо