Монголын боксын хол­бооны Удирдах зөвлөлийн гишүүн, Ази тивийн хошой аварга, 1992 оны Барселоны олимпийн хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайханыг “Ярил­цах танхим” булан­гийнхаа энэ удаагийн зочиноор урилаа. Түүнтэй Монголын боксын холбооны үйл ажиллагаа болон ширэн бээлийтнүүдийнхээ амжилтын талаар ярилцсан юм.

 

-Манай ширэн бээлийтнүүд Бээжингийн олимпоос хойш багагүй амжилт үзүүллээ. Хэд хоногийн өмнө ОХУ-ын Казань хотноо зохиогдсон Дэлхийн оюутны 27 дахь их наадмын боксын рингээс нэг алт, таван хүрэл медаль хүртсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Энэхүү наадам дэл­хийн чанартай томоохон тэмцээнүүдийн нэг. Өмнө нь манай улсын олон тамирчин энэхүү тэмцээний аварга болж байсан.  Энэ удаагийн наадмын боксын 52 килограммын жинд хүч үзсэн Х.Энхдэлгэр маань аварга болсонд, таван тамирчин хүрэл медаль хүртсэнд маш их баяртай байгаа. Ер нь уг тэмцээнд тамирчид маань боломжийн оролцсон гэж дүгнэж байгаа. ОХУ-ын Казань хотноо болсон тус наадам Арабд зохиогдсон  Азийн аварга шалгаруулах тэмцээнтэй давхцсан. Азийн аваргаас гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль, гурван тамирчин хүрэл медаль авч маш том амжилт гаргасан. Мөн өсвөрийн тамирчид маань Улаан-Үүд рүү хамтарсан бэлтгэл хийж байгаад олон улсын тэмцээнд оролцох юм. Энэ нь ирэх есдүгээр сард Украйн улсад зохион байгуулагдах өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл болж байгаа юм. Холбооны зүгээс ч уг тэмцээнд нэлээд ач холбогдол өгч байгаа. Учир нь өсвөрийн тамирчид дунд сайн хүүхдэд олон бий. Тэднээс ирэх олимпийн наадмуудад Монгол Улсын төрийн далбааг олимпийн тэнгэрт мандуулах  тамирчид ч байгаа гэдэгт итгэлтэй байна. Дээрээс нь Кубад болсон тэмцээнд оролцож, хэд хэдэн медалийг эх орондоо авчирсан.

-Монголын боксын холбооны зүгээс Казаньд гаргасан амжилтийг жаахан чамлаж байгаа гэж сонссон юм байна?

-Өмнө нь манай улсад зохиогдож байсан дэлхийн аваргын тэмцээнд үзүүлсэн амжилтийг Казаньд гаргасан амжилттай харьцуулахад чамлалттай байж мэднэ. Тэр үед манай ихэнх тамирчин аварга болж, нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд шалгарч байсан юм. Гэхдээ “Чамлахаар чанга атга” гэсэн үг бий. Миний хувьд Казанийн наадмаас нэг алтан медаль авсан нь боломжийн амжилт гэж бодож байгаа. Казаньд зохиогдсон тэмцээн бол оюутны тэмцээн гэдгийг ойлгох хэрэгтэй. Тамирчид маань хичээл номоо хийхийн хажуугаар бэлтгэлээ хийдэг. Ийм учраас 100 хувь хийн тэмцээнд оролцож чаддаггүй. Харин бусад орны тамирчид яадгийг сайн мэдэхгүй юм.

-Казанийн рингээс алтан медаль хүртсэн Х.Энхдэлгэрийн талаар ярихгүй юу. Өмнө нь ямар амжилт гаргаж байв. Хүмүүс “битүү” гэж ярих юм билээ?

-Х.Энхдэлгэр маань олон улсын олон тэмцээнд амжилт гаргаж байсан туршлагатай тамирчин. Алдар нийгэмлэгийн н.Гантулга багшийн удирдлага дор хичээл сургуулилтаа хийж, Монгол Улсын аварга, өсвөр үе залуучуудын аварга гээд дотоодын болон гадаадын тэмцээнд амжилттай оролцдог сайн тамирчдын нэг л дээ. Ерөнхийдөө Алдар нийгэмлэгээс сайн тамирчин маш их төрж байгаа. Н.Төгсцогт, Х.Энхдэлгэр гэх мэт олон тамирчинг бэлтгэж байгаа тус нийгэмлэгийн дасгалжуулагч н.Гантулгад хувиасаа баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.

-Манай улсад гадаадын багш дасгалжуулагч нар ирж, туршлага солилцдог. Энэ жил Куба улсын дасгалжуулагч ирсэн гэсэн. Эдгээр дасгалжуулагч өмнө нь ирж байсан дасгалжуулагч нараас юугаараа онцлог, давуу талтай юм бол оо?

-Кубын дасгалжуулагч ирсэн. Би өөрийнхөө клубт Кубын дасгалжуулагчийг авчирч бай­сан. Ерөнхийдөө Куба улс олон дасгалжуулагчтай. Тэгэхээр хэн нь мэдэгдэхгүй нэг хүн дасгалжуулагч гээд ирэхийг үгүйсгэхгүй. Гадаадын багш, дас­галжуулагчийг эх орондоо авчирч ажиллуулаад амжилт гаргасан олон орон байдаг. Жишээ нь Тайланд улс гадны дасгалжуулагчийг ажиллуулаад олимпийн аваргатай болсон. Энэтхэг, Филлипин, БНХАУ, ОХУ гээд Куба дасгалжуулагчгүй улс ховор болсон. Куба дасгалжуулагч бэлтгэл тасалдаггүй, тамирчидтайгаа ойр байж, бэлтгэлт сургуулилтыг нь сайн хийлгэдгээрээ давуу талтай. Куба улсдаа дээгүүрт ордог  дасгалжуулагч нар маш өндөр үнээр ажилладаг учраас манай улс тийм хүнийг авчрахад маш хэцүү.

-Олимпийн наадам болох болоогүй байгаа ч олимпийн наадмын өмнөх сорилго, оноо авах тэмцээнүүд болж байгаа байх. Эдгээр тэмцээнд манай баг тамирчид хэр оролцож байна вэ?

-Амжилттай оролцож байгаа. Олимпийн наадам 2016 онд болно. Энэ нь маш хол сонсогдож байгаа ч 2014 он хаяанд ирчихсэн байна. Он гараад Азийн наадам, 2015 онд олимпийн эрх авах тэмцээн тус тус болно. Тийм болохоор одооноос тамирчдаа бэлтгэх хэрэгтэй. Мөн 2020 оны олимпийн наадамд тамирчдаа давхар бэлтгэх хэрэгтэй.

-Олимпийн медальтнууд маань хаана юу хийж байгаа бол. Бэлтгэл сургуулилтаа хэр хийж байгаа бол вэ?

-Олимпийн медальтнууд маа­нь ажил төрөл бэлтгэл сур­гуулилтаа хийгээд явж байгаа.

-Олимпийн аварга Э.Бадар-Ууган дасгалжуулагч болсон. Та дасгалжуулагч хүний хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Намайг олимпийн наадмаас медаль хүртсэнээс хойш 16 зургаан жил завсардаад байсан медалийг алт болгон авчирсан шилдэг тамирчин болохоор Э.Бадар-Ууганд багшаас нь өөрцгүй ханддаг. Э.Бадар-Ууган боксынхоо төлөө сэтгэл гаргаад ажиллаж байгаад маш их баяртай байгаа.

-Ази, дэлхийд чансаагаараа дээгүүр бичигддэг манай тамирчдаас аль нэг улсын нэрийн өмнөөс рингэн дээр гарсан тохиолдол байдаг уу?

-Өөр улсын нэр дээр тулалдаж байсан тохиолдол бий. Жишээ нь Н.Төгсцогт байна. Азидаа нэг, хоёр гэж хуваагдчихаад тухайн улсынхаа нэр дээр тоглож байсан тохиолдол байгаа. Үүний өмнө шигшээ багт байсан тамирчдаас пан Азийн аварга Д.Лхагва, Ү.Цэвээнпүрэв гэх мэт байсан.

-Олон улсын тэмцээнд оролцох тамирчдад зардал мөнгөнөөс авахуулаад маш их асуудал тулгардаг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Зардал мөнгөний асуудал ямагт асуудал байсаар ирсэн. Одоо ч хүнд байгаа. Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг клубүүд, улсын шигшээ баг, Монголын бүх тамирчдын зардал мөнгөний асуудлыг шийднэ гэвэл нарийн менежмент шаардагдана. Одоохондоо зөвхөн улсын шигшээ багийн тамирчдад анхаарлаа хандуулж байгаа. Хойшид Ерөнхийлөгчийн зүгээс клубүүд болон хөдөө орон нутгийн тамирчдад тулгар ч байгаа асуудлыг шийдэх талаар ярьж байгаа. Мөн ирэх жил “Чингисийн нударга” гээд олон улсын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байгаа.

-Монголын боксын холбоо бодлогын төвшинд ямар ажил хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ?

-Хэд хоногийн өмнө Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдсан. Ингэхдээ гишүүдээ баталж, ажил үүргийн хувиараа аваад ажилдаа орсон. Ирэх онд зохиогдох олон улсын томоохон тэмцээнүүдийг эх орондоо зохиох, хамтарсан бэлтгэлүүдийг хийхээр төлөвлөсөн. Гэхдээ хамгийн гол нь клубүүдийг дэмжих хэрэгтэй. Ингэвэл аяндаа ирэх олимпийн аваргууд төрөх болно.

-Та “Барселон” клубыг ажлуулахаас гадна Монголын олимпийн медальтнуудын хол­боог удирдаж яваа. Энэ холбоог хэзээ байгуулсан бэ. Холбоогоор сонин юу байна вэ?

-Монголын олимпийн медальтнуудын холбоо 2008 оны тавдугаар сард байгуулагдсан. Үүнээс хойш багагүй ажлыг хийсэн. Олимп, дэлхийн аваргаас медаль авсан тамирчид ямар их хичээж, энэ  амжилтад хүрдэг вэ гэдгийг төр засаг болоод ард олондоо  сурталчлах талаар олон ажлыг хийсэн. Монголын боксын түүхэнд нийт 23 хүн олимпийн медаль авсан байдаг. Эдгээрээс нэг хүн нь хоёр удаа олимпийн медаль авсан байдаг. Харамсалтай нь олимпийн медальтнуудаас гурав нь бурхан болсон. Ийм учраас эдгээр хүний тэр их хичээл зүтгэлийг мөнхлөх үүднээс нутаг оронд нь хөшөө босгохыг хичээж ирсэн. Ингэхдээ тухайн аймгийн нутгийн зөвлөлд хандаж уйгагүй хөөцөлдсөний хүчинд Сэлэнгэ аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газраас хөшөө босгох зардал мөнгийг шийдсэнд баяртай байгаа. Мөн Булган аймгийнхан ойрын үед санхүүгийн асуудлыг шийдэж Ж.Даваахүү  гуайн хөшөөг барина гэсэн. Түүнчлэн Увс аймгийн  харьяат анхны олимпийн медалийг хүртэж байсан Т.Артаг гуайн хөшөөг босгохыг хичээнэ.

-Ярилцсанд баярлалаа. Ширэн бээлийтнүүд маань олимпийн наадмаас олон медаль хүртэж, Монголын олимпийн медальтнуудын холбоо улам өргөжих болтугай. Танд амжилт хүсье.

 

Ж.Баттуул