Хувь тавилангийн шоглоом их хатуу юм. Эх оронч гэж өөрийгөө, эсвэл нэг нэгнээ цоллосон өнөөгийн улстөрийн гол баатруудын үнэн нүүр царайг харуулах, хуурамч нэгний багийг нь хуулах нөхцөл байдал аяндаа үүсчих юм. Монголын улстөрийн өнөөдрийг тодорхойлж буй эрхмүүдийн хэн нь хуурамч, хэн нь жинхэнэ эх оронч вэ гэдгийг маргааш харж болно.

 

Маргааш буюу 2015.11.13-ны өдөр УИХ-ын гишүүд хар цагаанаараа ялгарна. Яаж? Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах үгүйг маргааш УИХ шийднэ. Аль нам, хэн гэдэг гишүүн ард түмнээ сонсохыг хүсэхгүй байна гэдгийг олж харах, түмний нэр барьсан төрийн хутгуурууд илчлэгдэх цаг ирдэг л юм байна.

 

Хэн нь амин хувийн атгаг хүсэл, гоморхол тунирхлаа нийт монголчуудын эрх ашгаас дээгүүр тавьдаг нь тодорхой болно. Хэн нь Монголын нийгмийн тогтолцооны гажиг дахиад хэдэн жил хэвээрээ байгаасай, эрх мэдэлд хүрсэн цөөнхөд давуу байдал олгодог шудрага бус байдал үргэлжлээсэй, амжуулаад амин хувьдаа хожоо хийхсэн гэж хүсч буй нь тодорхой болно.


Монгол Улс Үндсэн хуулиа өөрчлөх цаг болсон гэдэгтэй хэн ч маргахгүй байгаа. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Үндсэн хуулиас үүдэн гарч буй тогтолцооны гажиг, эрх мэдлийн хуваарилалтын гажуудлыг арилгахгүй бол улс орон цаашаа явахгүй нь аль эрт тодорхой болсон. Өөрчлөх шаардлагатай гэсэн албан ёсны дүгнэлт нь харин нэлээд удаж байж 2 жилийн өмнө л гарсан.

 

УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Тэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэд хоногийн өмнө УИХ-ын даргад өргөн барьсан. Талархууштай нь уг төслийг УИХ хэлэлцэж эхлэхийн өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн байна.

 

Тэгээд зогссонгүй Ард нийтийн санал асуулгыг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулах тогтоолын төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүллээ. Овоо л доо. Амин чухал хуулийг амралт баяр давхцуулсхийн чимээгүйхэн баталчихаад дараа нь мөрөө хавчин толгой сэгсэрдэг оёг парламентад уламжлагдчих гээд байгаа болохоор ажлын хэсгийн энэ шийдвэрт бүр баярлаад байна.

 

Язгуур хуулийнхаа хувь заяаг ард түмнээсээ санал асуулгүйгээр шийдэх бөх зүрх гагцхүү дарангуйлагчид, ард түмэн бол хэн ч биш гэж дорд үзэгсдэд л байж таарна.
Би энд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах саналыг УИХ дэмжих эсэх, парламентад суудалтай улстөрийн намууд хөндлөн хэвтэх эсэх асуудлыг л хөндөж байна. Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан, тэр нь хэр оновчтой, оночтой нь жич яривал зохих дараагийн асуудал.


Бид Үндсэн хуулиа засахгүйгээр нийгмийн тогтолцооны гажуудлаа засч чадахгүй. Цаг алдах ч эрх байхгүй. Яагаад гэвэл энэ хуультайгаа, энэ тогтолцоотойгоо сонгуульд орох юм бол наад зах нь 4 жил улстөрийн намууд нь хөнжил дотроо хөлөө жийлцэж, эх адаггүй хөл толгойгүй хэрүүлдээ умбаж, албан тушаал, эрх мэдлийн төлөө алалцсаар л байх болно.

 

Энэ хооронд олон түмний тэвчээр барагдаж, тэмцэл хөдөлгөөн өрнөж, цус урсвал яана? Асуудлыг шийддэг хоёрхон зам бий. Нэг нь зөвшилцөл, нөгөө нь хүчирхийлэл. Нийгмийн буруу тогтолцоог өөрчлөх, засах асуудлыг энэ хоёрын нэгээр л шийднэ. Дундын хувилбар гэж байхгүй. Эхнийх нь Үндсэн хуульдаа цаг алдалгүй өөрчлөлт оруулах замаар тайван аргаар шийдэх сайн хувилбар. Хоёрдахь нь төрийн эргэлт, бослого тэмцэл, хүчирхийлэлдээ хүрч байж ямар нэгэн гарц гаргах муу хувилбар.


Тэгэхээр эхний буюу сайн хувилбарыг хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг санал болгожээ. Энэ бол жам ёсны түүхэн үйл явц болохоос “Фортуна” Батбаяр тэргүүтэй хэдэн нөхдийн мундагт байгаа юм биш. Аливаа асуудлын шийдэл нь дандаа эхэндээ, үр хөврөлдөө байдгийг бид мартаад байна.

 

Монголын нийгмийн тогтолцооны гажиг, энэ олон Засгийн газруудын ээлж дараалсан дампуурал, энэ Монгол орны байж байгаа царай чинь 1992 онд Шинэ Үндсэн хууль боловсруулж, хэлэлцэж, баталсан үйл явцын үр дүн. Тэгэхэд гаргасан алдааны балгийг монголчууд тодорхой хугацаанд үүрэх байсан, хэзээ нэгэн цагт ухаарах байсан, засах байсан. Тэр цаг үе нь одоо ирчихээд байна.


Бид одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийг баталснаас хойш буюу сүүлийн 23 жилийн дотор 6 удаагийн сонгууль явуулж, 13 Засгийн газарт хувь заяагаа даатгаж үзсэн. Олигтой юм болсонгүй. Улаан нь ч төр барьсан, цэнхэр нь ч төр барьсан, нэг хөнжилд бүгдээрээ багтаж байгаад ч үзэж дарсан. Үр дүн ав адилхан. Бүгд л хараалгаад салсан.

 

Одоо Сайханбилэгийн Засгийн газрыг хараагаад л сууж байна. Сайханбилэгийн зөв ч байсан хараалгана, буруу ч байсан хараалгана. Үндсэн хуулиа зөв болгохгүй бол дараа дараагийн Засгийн газар ч ялгаагүй хараалгах л болно. Яадгаа алдсан бэртэгчид, адгийн тэнэгүүд төр барьсандаа ингээд байгаа юм биш ээ. Яаж ч болохгүй буруу тогтолцоо, эрх мэдлийн гаж хуваарилалтыг Үндсэн хууль маань бий болгоод, тэр нь улс орны эрх ашгийг хоёр, гуравт эрэмбэлдэг зарим этгээдэд боломж олгоод байгаад л асуудал байгаа юм.

 

Ард түмнээсээ асууж байгаад, бүх нийтээрээ зөвшилцөж байгаад сонгуулиас өмнө Үндсэн хуулиа өөрчлөх нь цаг хожих, дахиад 4, магадгүй түүнээс ч урт хугацаагаар улс орноороо буруу тогтолцооны золиос болох, хямрал тэмцэлд туйлдахаас аврах ганц боломж гэдгийг Монголдоо хайртай, энэ улс орныхоо төлөө гэсэн сэтгэл зүрхтэй улстөрч болгон ойлгож байгаа гэж найдъя.

 

Монголын ирээдүй Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийсэн цаг үеэс биш, харин Үндсэн хуулинд өөрчлөлт хийх эсэхээ ард түмнээсээ асуух үгүйг шийдсэн мөчөөс хамаарна. Яагаад гэвэл үйл явдлын үр дүн нь үр хөврөлдөө агуулагдаж байдаг. Жинхэнэ орончид эх оронч шийдвэр гаргана. Хуурамч эх орончид үнэнд гүйцэгдэнэ. Хар цагааныг ялган танихад хэдхэн цагийн зай байна.

 

Б.Галаарид 2015.11.12.