Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг өргөн бариад байна.

Нийгэмд тулгуур хуульд өөрчлөлт оруулах хугацаа байхгүй, ард нийтийн санал асуулга явуулж амжихгүй гэсэн мессежийг хүчтэй тараахыг оролдож буй. Гэвч үнэндээ 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулийг 1991 оны 11-р сарын 11-ны өдөр Ардын их хуралд\АИХ\ өргөн барьж, түүнээс хойш сар гаруйн хугацаанд хэлэлцээд баталсан түүтэй. Тодруулж хэлбэл, 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурал нийгмийн хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлсон шинэчилсэн Үндсэн хууль баталсан байдаг. Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга З.Энхболд “Өнөөдөр 11-р сарын 11. Одоогоос 25 жилийн өмнө мөн энэ өдөр Үндсэн хуулийг батлуулахаар өргөн барьж байсан юм байна” гэдгийг онцолж дурдана лээ. Энэ нь нэг талаараа бид хичээвэл хугацаа байна, ард нийтээсээ асуух боломж байгаа гэдгийг тойруухан утгаар хэлчихэв үү гэлтэй.

1991 оны 11-р сарын 11-ний өдөр БНМАУ-ын Ардын их хурлын \АИХ\ II хуралдааныг Ардын их хурлын дарга Ж.Гомбожав даргалж байжээ. Тэрээр “Үндсэн хууль бол монголчуудын хамтын оюун ухааны бүтээл” юм гэж онцолж байсан байна.

АИХ-ын II хуралдааны протоколд хэрхэн хуулийг өргөн барьж байсан, хэн хэн үг хэлсэн гэдэг бичигдэж түүхийн шаргал хуудаснаа хөдлөшгүй баримт болон мөнхөрчээ. Тэрхүү протоколын хэсгээс онцолбол, шинэ Үндсэн хууль, хавсралт хуулиудыг дэд ерөнхийлөгч, Улсын Бага хурлын дарга Р.Гончигдорж гардуулж байж. Р.Гончигдорж “Их хурлын эрхэм дарга, орлогчид, ИХ хурлын депатут аа. Юуны өмнө Их хурлын дарга,орлогчид та бүхэнд Бага хурлын нэрийн өмнөөс баяр хүргээд, Улсын Бага хурлаас Улсын их хуралд өргөн барьсан Монгол Улсын ИХ цаазын төсөл, мөн Улсын бага хурлаас Их хуралд өргөн барьсан Монгол Улсн ИХ цаазын хавсралт хуулийн төслийг өргөн барья”.

Ардын их хурлын дарга Ж.Уртнасан “Та бид эх орныхоо түүхэн хөгжлийн нэн эгзэгтэй зурвас мөчид эх орныхоо тусгаар тогтнол, сайн сайхны бэлэг тэмдэг болсон Үндсэн хуулийг хэлэлцэж батлах нэн хариуцлагатай, хүндтэй, дурсгалтай үйл явдлын босгон дээр тулж ирээд байна. Энэ бол хамтын оюун ухааны бүтээл юм гэж манай Хурлын дарга хэллээ.

Хамтын оюун ухааны бүтээлийг бид хэлэлцэхдээ хамт олноороо, сэтгэл зорилго нэгтэй хэлэлцэж шийдвэрлэнэ гэж бодож байна. Энэ хуулийг хэлэлцэхэд бид эх орныхоо сайн сайхан, ашиг тусын төлөө гэсэн чин зориг, нэгэн сэтгэлээр оролцоно” гэжээ.

Тэгэхээр одоогийн өргөн бариад байгаа нэмэлт өөрчлөлтийг хийхийн төлөө Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, УИХ дахь намын бүлгүүд, бие даагч нар сэтгэл нэгдэн зүтгэж, ард нийтийн санал асуулгыг шуурхай явуулж, хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж батлах бололцоо, хугацаа ч байна.

 

 

Х.Тэргэл

 




Эх сурвалж: TIMES.MN