“Хан Хэнтий 2015” гэрэл зургийн аялалын тэмдэглэл - 1
2015/11/20
Агшин, хором бүрийг гэрэл зургаар дүрслэн үүх түүхийг өгүүлж, тольдож харуулах торгон мэдрэмж зөвхөн гэрэл зурагчин бидэнд заяасан гэж хэлж болно. Хүсэл зорилго нэгдсэн мэргэжил нэгт нөхөд маань Хэнтий аймгийн зүг хүлгийн жолоо залж, фото зургаар түүхэн мөрийг эрэлхийлэх аялалынхаа замд ийнхүү гарлаа. Хан Хэнтий аймаг бол эх дэлхийд нэрээ мөнхөлсөн Эзэн Чингис хааны өлгий нутаг гэдэг утгаараа түүхийн арвин их нөөцтэй ургах наран зүгт байрласан улсын маань зүрхэн нутаг билээ.
“Хан Хэнтий 2015” аялалын багт Монголын гэрэл зургийн нэгдсэн холбооны мэргэжлийн гэрэл зурагчид болон сэтгүүлчид, аялал жуулчлалын компанийн төлөөлөгч нар багтсан юм. Аялалыг маань олон байгууллага дэмжиж, бидний ажилд урам зориг өгч байсаныг дурдах нь зүйтэй. Нэн тэргүүнд аян замын уртыг туулах аялалын унаа болох хоёр уаз пурганыг аймгийн захиргаа бидэнд гаргаж өгсөн нь энэхүү аялал маань ажилттай эхлэх цөм болсонийг онцолж байна.Ингээд “он сар өдөр хэрэгтэй байна” өглөөний 5 цагт аялал эхэлж, нийслэл хотоос хөдлөсөн. Хүсэл зорилго нэгтэй, бэлтгэлээ бүрэн базаасан аялалын багийн хувьд гэрэл зургийн гайхамшигт бүтээлүүдийг “Хан Хэнтий” аймгаас эрэлхийлнэ гэдэг тун их сонирхолд хөтөлсөн, сайхан аялал болно гэдэгт итгэл төгс байсан юм. Бид Цонжин болдог морьт хөшөө цогцолборын хажууд ирж түр зогсонгоо аялалын багийн бүрэлдэхүүнээрээ хоорондоо танилцан, замын турш хэн хэн ямар үүрэгтэй явах ажлын төлөвлөгөө ярилцан, аян замын ерөөлөө уул овоондоо даатгаад алсын замдаа гарлаа.
Аялалын маань эхний өртөө Улаанбаатар хотын есөн дүүргийн нэг, Багануур хотын төв байлаа. Энд ирэх үед нар аль хэдийн дээр гарч үд дундыг илтгэнэ. Шинэ газар ирсэн манай зурагчид машины цонхоор нүд нь гүйж, харсан зүгтээ камераа бариад машинаас үсэрч буух санаатай аянчид аятай, сэлбэлзээд, сэргээд ирэх нь тэр. Гэсэн ч бидний хувиарт Багануур хотод бууж саатах хугацаа харамасалтай нь байсангүй. Цааш аялал үргэлжилсээр Хэрлэн гол дээр байрлах Хэрлэнгийн гүүрэн дээр ирлээ. Зүүн аймгуудыг зорьж буй машин бүр энд зогсож хураамж төлөн түр саатах үед зорчигчид нь биенийхээ чилээг гаргадаг газар бол энэ юм. Манайхан ч гэсэн уламжлалыг дагаж, түр буудалцгаалаа. Бидний сууж явсан аялалын багийн машинууд Чингис хот хүртэл дараагийн 200 гаруй км авто зам ашигласны төлбөр гэж ердөө 1000 төгрөгийн хураамж төлсөн байлаа. Энэ тухай яриа бидний чихийг сэртхийлгэж, бяцхан хэлэлцүүлэг багийнхний дунд өрнөхөд хүргэсэн. Хөрш орнууд, их гүрнүүдийн авто замын чанартай, сайныг нь магтахын чацуу бас замын хураамж өндөр байдгийг онцлон ярилцсан юм. Ер нь хөдөө орон нутгийн авто замын чанарыг сайжруулахын тулд авто зам ашиглсаны төлбөр хураамж өндөр байх хэрэгтэй гэдэгтэй олонх нь санал нэгдсэн.
Хэрлэн голынхоо гүүрээр гарлаа урсгал нь үнэхээр намуухан юм аа гэсэн бодол өөрийн эрхгүй сэтгэлийг минь хөдлөгөсөн юм. Их Хэнтийн нурууны өвөр бэлээс эх авч урсах Богдын гол, Цагаан гол хоёр уулзан, нэг том урсгал бий болохоос эхлэн Хэрлэн гол бий болдог. Гэхдээ энэ гол зүгээр ч нэг урсаад өнгөрөхгүй Монголын дорнод хэсгийн бараг тэхий дундуур Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгийг дамжин урссаар хилээс гарч Хятадын Хөлөнбуйр аймгийн Далай нуурт цутгадаг юм билээ. Далай нуурт цутгах хэсэг нь хэдэн арван км салаалан намаг, зэгстэй хөндийг үүсгэн дэлхийн нүүдлийн шувууд өндөглөн зусах чухал нутаг болдог байна. БНХАУлс тус газрыг хамгаалан байгаль хамгаалалын чухал бүс гэж зарлан аялал жуулчлалыг хөгжүүлсэн юм билээ. Харин манайхан болохоор Хэрлэн голынхоо суурин газрын орчимд дайран өнгөрч байгаа хэсгүүдэд нь зуны улиралд хэсэг бүлгээрээ найрлах газар болгон л ашиглаж ирсэн. Аялал жуулчлалын томоохон бүтээн байгуулалт хийж чадаагүй өнөөг хүрсэн нь тоогүй мэт санагдаж билээ.
Ингээд бид Хэнтий аймгийн хамгийн баруун хойд захын сум болох Цэнхэрмандал сумын төвийг зорьж, машиндаа түлш нэмэхээр хөдөллөө. Газрын бартаа харьцангуй нэмэгдэж уулс өөд аажим өгсөж эхэллээ. Яг энэ үед уулсын араар олон хэсэг ой бий болж сарлагийн сүрэг ч гараад ирэх нь тэр. Манай зарим аялагчид анх удаа Хэнтийг зорьж байгаа болохоор энд сарлаг байдаг гэдгийг төсөөлөөгүй явсан. Мэдээж хэнтийд сарлаг цөөн л дөө, бараг л энэ суманд л хэнтий аймагт байдаг сарлагийн дийлэнх байдаг гэсэн. Ингэж явсаар түлш авах зорьсон газраа ирж, түлшээ нэмээд хойд зүгт эргэн Хар зүрхний хөх нуур луу аялал үргэлжилсэн. Эндээс цааш хар замгүй болж шороон замаар 80 км –ээс ихгүй хурдаар явсаар нууран дээр ирсэн юм.
Хар зүрх уулын өвөрт уулын тагтанд орших цэнгэг уст нуур нь байгалийн үзэсгэлэнт цогцлохоос гадна Монгол улсын түүхийн хуудаснаа тэмдэглэгдсэн нь Тэмүүжин 1189 оны шарагчин тахиа жил буюу одоогоос 830 гаруй жилийн тэртээ “Хамаг Монгол”-ын хаан ширээнд сууж “Чингис хаан” буюу “Далай Их Хаан” цолонд өргөмжлөгдөж байсан түүхт газар юм. Тийм учраас энэхүү нутаг Эзэн Богд Чингис хааны амьдрал тэмцэлтэй салшгүй холбоотой.
Нуурын эрэгт Хөх нуур хэмээх 2004 онд байгуулагдсан жуулчны бааз ажилладаг юм. Тус бааз өөрсдийн эзэмшлийн хашаалсан талбай дотроо нэгэн түүхийн бүтээлийг санаачилчсан нь бидний анхаарлыг ихэд татсан. Монголын алтан ургийн хаадуудын нүүрний хөргийг модонд сийлж дүрсэлсэн энэ бүтээл өдгөө олны нүдийг хужирласан үзмэр болж нуурыг зорьж ирсэн хүн бүр баруун эргийг зорьж дурсгалын зураг татуулаад буцдаг газрын нэг болжээ.Тус баазын хажуу талаар орон нутгийнхан зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон гэрүүд барьж эмх замбраагүй байдал бий болгожээ. Ил задгай жорлон ухаж, зөвшөөрөлгүй архи согтууруулах ундаа зарж, энэ газрыг олны хөлийн газар болгон амрагчдын ая тухыг алдагдуулсан гэж байлаа. Үүнээс болж нуурын орчим тав тухыг эрхэмлэн амрах үнэ цэнэтэй аялах аялагчид, гадны жуулчид үргэдэг болсон нь харамсалтай. Тиймээс амрагчид энэ нуурыг үзчихээд зүүн тийш явсаар удалгүй хүрэх Баянгол жуулчны баазад байрлах болжээ. Баянгол жуулчны бааз зуны улиралд 20 гаруй гэр барьж жуулчдад үйлчилдэг. Улаанбаатараас гарсан амрагч, жуулчид эхний өдрөө аялсаар энэ баазад хоногоо тааруулах нь сүүлийн үед элбэг болсон. Баазын үйлчилгээ, тохижилт нь сайжирч байгаа гэж жуулчин илгээдэг компаниуд яриж байлаа.
Бид Хөх нуурын зүүн талд байрлах, түр буудаллахыг зөвшөөрсөн газарт ирж буудаллан хээрийн анхны хоолыг хийхээр бэлтгэж эхлэх үед гэрэл зурагчид маань тал тал тийшээ таран алга болцгоолоо. Гэхдээ яаж зүгээр явуулах уу цаг тохирч ирэх цагийг нь сануулаад амжсан юм.
Бидний анхны өдрийн хоол ч юу юугүй л даргилан буцалж эхэлсэн. Энд нэг сонин ярихад бид аялалдаа гарахдаа дашваанжил компанийн нэрийн дэлгүүрээс нэг ширэмтэй хээрийн том тогоо, түүнийг даах чадалтай ширмэн хүрээтэй газан плетка авсан нь үнэхээр оносон юм. Аяны зуухны маань үлээх чадал, хурдан буцалгаж байгаа байдал за тэгээд хээрийн аялалын бяд даах чадварыг үнэхээр үнэлэх нь зүйтэй хэрэг байлаа. Ингээд бидний хоол ч яах ийхийн зуургүй болж манайхан эхнээсээ их л жаргалтай ирж яваа харагдлаа. Фоточид маань байгалийн үзэсгэлэнг бахдан биширч, фото зургийн хальснаа гаймшигийг буулгаж чаджээ. Нуурын дээгүүр хөвсөн үүл, үүлэн чөлөөгөөр туссан нарны туяа, бас тэгээд олон сонин байгалийн үзэгдлийг гэрэл зургандаа буулгалаа хэмээн хуучилсан юм. Ингээд бид олз омгоор дүүрэн, хээрийн хоол үнэхээр амттай, сэтгэл санаа өөдрөг цааш аялалдаа гарлаа.
Бидний зам зүүн тийш чиглэн эхний хоноглох газар Хангал нуурын зүг хөдөлсөн. Хөдлөөд удалгүй 24 орчим км яваад Тавантолгой хэмээн газарт байрлах нутгийнхан Чингисийн тулга хэмээн нэрлэгдэх түрэгийн үед хамаарах дөрвөлжин булшны тахилын чулуун дээр ирж манай багийн хөрөг зургийн мэргэжилтэнүүд дүрсийг харин ч нэг буулгаж өгсөн юм.
Эндээс зүүн хойш 28 км яваад Өмнөдэлгэр сумын нутагт байрлах Хангал нуурны баруун урд дээрээс давж очсон.
Чингис хааны хангал догшин адуун сүрэг энэ нутагт бэлчээрлэн, нуураас ундаалдаг байсан тул Хангал нуур хэмээн нэрийдэж ирсэн домогтой. Үнэхээр энэ домгийг амьлуулах гэсэн мэт хэсэг адуу нуурын наад эрэг дээр замд хөндөлсөн аргамаг сайхан биеэ гайхуулан зогсох нь манай багийнхны зураг авах хорхойг хөдөлгөлөө. Тэд бүгд л огло харайн бууж хөөцөлдөж эхэлсэн нь хөндлөнгийн хүний нүдээр харвал их л жигтэй юм болж байлаа. Ийн явсаар бид нуурын зүүн хойд хажууд нь хээрээр буудаллахтай зэрэгцэн нар шингэх үе таарсан нь ажилдаа хорхойссон манайхныг оройн хоолоо мартахад хүргэв. Энэ нуурын эрэг орчим амралт жуулчны бааз байдаггүй учраас байгалийн үзэсгэлэн улам тодрох нь тэр. Нарны туяа үүлэнд тусч, шувууд ганганан гунганах чимээ, нуурын хөвөөг улам уянгалуулж, урсгал дөлгөөн нуур тэр чигтээ үлгэрийн ном шиг хуудсаа дэлгэсэн нь гэрэл зурагчдын маань дуранд зориулагдсан байгаль эхийн бэлэг байлаа. Энэ нуурын усны шувуудыг хараад Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан “Шувууд нутаг буцаагүй” дууны шүлгийг бичсэн нь учиртай гэмээр, ёстой л нэг онгод хөглөсөн байгалийн бүтээл юм билээ.
Орой боллоо, нар ч сайхан шингэж тэнгэрт бөртийх ч үүлгүй анир чимээгүй бүрхэн аажмаар тэнгэрийн одод тодорч манайхны хүсэн хүлээсэн шөнийн зураг авах мөн эхлэх нь тэр. Зурагчдын хувьд шөнийн дурандаа зуны улиралд тэнгэрт гарах ододоос гадна Сүүн замын зураг авах гэж хичээдэг нь учиртай аж. Зуны 7, 8 сар бүр Монгол орны говь, тал хээрийн бүсэд маш тод, бүтэн дугариг тусдаг нь сонирхолтой. Гэхдээ түүнийг хүссэн өдрөө авна гэж байдаггүй бололтой. Энэ орой манайхныг үнэхээр ивээсэн орой болж бүгд л шөнийн зурагчдийн багт орж ажиллаа. Гэрэл тусгалт, бусад туслах ажлуудад жолооч, тогооч гээд хамт олноороо хирэндээ тус дэм болж, гэрэл зургийн хальснаа сайхан зургууд буулгаж чадсан юм. Бид бужигнасаар шөнийн 2 цагт дуртай дургүй унтав. Өглөө нар мандах үеийн зураг авалттай бас тэгээд хол зам туулна гэж шахсаар багийхнийгээ ажлыг нь түр умартуулан, унтуулж авлаа.
Э.Цэрэнбат
Үргэлжлэл бий...