Булган аймгийн Баяннуур сумын орчмын 750 га газрыг Тайванийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Гялалзах Эрдэнэс” ХХК-д 30 жилийн хугацаатай өгсөн байна. Уул уурхайн ашиглалтын зөвшөөрөлтэй уг компани тухайн бүс нутагт яг юу олборлож байгаа нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байдаг. Тодруулбал, анх хайгуулын лицензтэй байхдаа байгалийн үнэт чулуу хайж байсан бол дараахан нь шаазан ваарны бэлдэц, харин одоо өнгөлгөөний хавтан олборлох байгаа хэмээн нутгийн иргэдийг төөрөгдүүлдэг. Хэдийгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа гэдэг ч үнэн хэрэгтээ мөнгө олборлох гэж байгаа гэдгийг хэлэх хүн ч байдаг. Өөрөөр хэлбэл тус газар нь мөнгөний ордтой ажээ.

“Гялалзах Эрдэнэс” ХХК-д олгосон 750 га талбайд нь айлын өвөлжөө, хаваржаа, бэлчээрийн газар багтаж байгаа нь нутгийн иргэдийн эгдүүцлийг ихээхэн хүргэж байгаа гэнэ. Баяннуурынхан Баян-Улаан, Шахайт гэх хоёр хайрханыг тахидаг. Уг компанийн олборлолт явуулах газарт нь нутгийн тахилгат уул багтаад байгаа юм. Үүнийг нутгийн иргэд эсэргүүцээд ч барахгүй байгаа ажээ.

Тайванийн хөрөнгө оруулалттай компанийн хувьд нутгийн удирдлагыг худалдан авсан бололтой гэмээр үйлдлийг дахин гаргасан байна. Тодруулбал 750 га газар дээрээ нэмээд үйлдвэрийн зориулалтаар 35-50 га газрыг авахаар зэхэж байна. Үүнийг сумын засаг дарга н.Алтаншагай нь журмын нөхдийнхөө хамтаар зүтгүүлж байгаа ажээ. Өчигдөр буюу 2015 оны 12-р сарын 16 ны өдөр сумын иргэдийн хурлаар 2016 оны төсвийг хэлэлцэх, товлосон асуудлыг шийдэх байлаа. Гэтэл АН-н бүлгийнхэн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруул, оруулахгүй бол хурал хийхгүй гэж хоёр ч удаа завсарлага авсан байна. Улмаар газрын асуудлаар хэлэлцэх эсэхэд санал хураахад хэлэлцэхээргүй болсон. Гэвч Тайванийн компанид газар олгох асуудлыг заавал шийдэж олгох ёстой, үгүй бол иргэдийн хурлын даргыг огцруулах асуудлыг заавал оруулж, Хандсүрэнг тавь гэсэн шаардлага тавьж хурлаа хаяад гараад явчихсан.

Харин уг асуудлыг өнөөдөр яг одоо хэлэлцэж байна. Ямар шийдвэр гарах нь одоогоор тодорхойгүй байна.

Уг нь Булган аймгийн Баяннуур сумыг мэргэжлийн байгууллага нь бэлчээрийн даац 4 дахин хэтэрчихсэн гэж дүгнэсэн. Мөн бэлчээр хүрэлцэхгүй малчид нь бэлчээрээ булаацалдан хоорондоо зодолдож, иргэд нь газар хүрэлцээгүй гээд өмчлөлийн газраа авч чадахгүй байгаа. Эх орондоо төрсөн газраа өөрийн нэр дээр болгож чадахгүй байхад нутгийн удирдлага газар нутгаа гадаадынханд өгөх гэж улайран зүтгээд байгаа хүмүүс ямар учир байна вэ?

Бид энэ талаар эргэн сурвалжлах болно.

А.Баярмаа