Шинэ жилээр уншигчиддаа ямар бэлэг өгдөг юм билээ гэж баахан бодов. Тэгээд “ийм бэлэг” сонголоо. Зарим нь дургүйцэх л байх. Гэхдээ олон монгол хүнд “нэн таатай бэлэг” гэж бодож байна…

Шарталтыг шинжлэх ухаан бараг судалж байгаагүй аж. Ингээд хэдэн жилийн өмнө олон улсын хэсэг эрдэмтэд гэв гэнэт яагаад энэ олон жил шарталтыг судлахгүй явж ирснээ ихэд гайхсан байна. Ингээд тэд тэр дороо “Шарталтын синдромыг судлах групп” байгуулжээ.

Төслийн удирдагчаар Их Британийн Килийн Их Сургуулийн психологийн профессор Ричард Стивенсыг сонгожээ. Тэрээр: “Шарталтын зовлон хүмүүсийн архи замбараагүй хэрэглэхээс сэргийлж байдаг цорын ганц шалтгаан болох нь элбэг. Ийм учраас эрдэмтдийн дунд энэ чигээрээ л байж байг, энийг хөндөөд яахав гэсэн далд үзэл бодол байсан юм” гэж тайлбарлаж байна. Эрдэмтэд ийнхүү шарталтыг “хаяснаар” шинжлэх ухааны орыг ардын зан үйл эзэлжээ.

Ухаандаа шарталтаас хамгаалах “ардын арга” нь Мексикт сам хорхой, Германд давсалсан май загас (селедка), Америкт хар кофе, Японд давсалсан слив, Хятадад өтгөн ногоон цай, Румынд таван цулын шөл гэх мэт асар олон зүйл байдаг аж. Оросыг бол яриад юүхэв, манайхан тэрэн шиг сайн мэддэг юм байхгүй…
Харин шингэлсэн цуу, түүхий өндөг зэрэг “зөвлөгөө” бол уран зохиолын номын уран сэтгэлгээ юмсанж.

Ингээд профессор Ричард Стивенсын багийнхан хэвшиж тогтсон зарим домгийг үгүйсгэж, ирээдүйн судалгааны зарим чиглэлийг тодорхойлжээ. Учир нь шинжлэх ухаан шарталтын учрыг олох яагаа ч үгүй гэнэ.

Архийг маш хүчтэй шээс хөөгч хэрэгсэл буюу диуретик бодис гэж үзэж ирсэн байна. Гэтэл судлаад үзэхэд энэ таамаглал батлагдсангүй. Архи уухад ус дутагдах буюу шээсгүй болох нь мэдээж хэрэг, гэхдээ энэ нь шарталтын физиологид маш бага үүрэгтэй байдаг. Иймээс ус их уух буюу регидратизаци хийх онцгой нэмэр болдоггүй. Та хэчнээн ч их ус буюу шингэн уусан зовлонгоо хөнгөлж чадахгүй.

Асуудал ундааны химийн найрлагад байдаг. Архи исэлдэх явцад хүний биед хортой бодисууд үүсдэг байна. Энэ хортой бодисуудыг “конгенер” гэж их “гоё” нэрлэдэг юм байна. Манай аваргууд энийгээ бол сайн тогтоочих байлгүй дээ…

Энэ “золигийн конгенерүүд” архины этанолын биш бүрдэл хэсэг болдог ба биднийг зовоодог “хамаг лай” юм байна. Гэхдээ энэ золигнууд архинд өнгө болон амт оруулдаг новшийн эд хорлогчинтой эд нь юм байна.

Конгенер хэчнээн их бол архи дарс төчнөөн их өнгөтэй болдог аж. Ингээд эрдэмтэд архи дарс хэчнээн их өнгөтэй байх тусмаа төчнөөн их шартуулдаг гэж дүгнэжээ. Эндээс манайханд баяртай бөгөөд таатай нэг дүгнэлт гарч байгаа нь цэв цэвэр цагаан архи шарталт багатайдаа ордог юм байна. Ямар ч гэсэн виски, вино, конъякаас “зовлон багатай” гэнэ.

Эндээс “монголчууд ухаантай ард түмэн” гэсэн дүгнэлт гарахгүй л дээ. Гэхдээ л….
Харин олон төрлийн архи дарс хольж гударч болохгүй гэсэн олон ардын үг судалгаагаар батлагдсан байна. Учир нь архи болгоны конгенерүүд өөр өөр байдаг ба бүгдийг нь хольчихвол хор болгоныг холиод гударсантай дүйх ба шарталт нь аймаар байх нь хууль аж.

Эрдэмтэд архи дарсыг шартуулах зэргээр нь ангилж, конгенер буюу шартуулах рейтингээр нь хор багатайгаас нь ихтэй рүү нь жагсааж “шарталтын хүч” болгон жагсаажээ. Тэр нь: 1. Апельсиний шүүстэй спирт, 2. Пиво, 3. Архи, 4. Жин, 5. Цагаан вино, 6. Виски, 7. Ром, 8. Улаан вино, 9. Коньяк (бренди) гэсэн дараалалтай.
Архи дарс хэчнээн тунгалаг байна, маргааш нь толгой чинь төчнөөн “тунгалаг” байна.

Мөн архи их уусан хэдий ч бараг шартдаггүй хүмүүс байдгийг тэр эрдэмтэд сонирхон судалжээ. Ийм “зогсоочууд” нийт хүмүүсийн 23% байдаг аж. Ийм хүмүүс цуснаасаа архийг хөөж, архины хордлогоор үүссэн үрэвсэх процессыг намжаадаг генийн онцлогтой байдаг гэнэ.

Мөн хүмүүсийн олонхи буюу 80% орчим нь архи дарсыг “ухаантай” уудаг байна. Энэ “ухааныг” хүртэл эрдэмтэд судалжээ.
Ижил хэмжээний архи уусан ч хундага хоорондын зай хол байсан хүний шарталт хөнгөн байдаг аж. Өөрөө хэлбэл “ухаантай” хүмүүс цусан дахь архиныхаа хэмжээг 0,10%-иас илүү гаргадаггүй зөн билэг, дадал зуршилтай байдаг аж.

Нас ахих тусам шарталтын хүч ихэсдэг гэсэн “ардын үг” энэ судалгаагаар батлагдаагүй байна. Ричард Стивенс 20 насны залуу хүн 60 настай хүнээс 7 дахин их “зовж” шартдаг гэдгийг тогтоожээ.

Стивенс ахмад хүмүүс алдаанаасаа суралцаж, зөв ууж сурдаг, тухайлбал, хундага хоорондын зайг холдуулах, олон төрлийн архи дарс холихгүй гэх мэт дадал суусан байдаг аж.

Судалгааны удирдагч Ричард Стивенс психологич хүн юм. Иймээс шарталт болон хүний сэтгэл зүйн хэв шинжийг авч үзжээ. Ингээд түүний судалгаагаар цухалдуу хүмүүс тайван хүмүүсээс илүү шартдагийг тогтоожээ. Цухалдуу хүмүүс ажлаас хоцорсон, амлалтаа биелүүлээгүй гэх мэт “үй түмэн” шалтгаанаас болж шаналан шартах зовлонгоо өөрөө нэмдэг байна.

Ингээд шарталтыг судалсан эрдэмтэд дараах зөвлөгөөг өгч байна:
– Архи дарс тунгадаг байх тусам өглөө нь толгой чинь төчнөөн сэргэлэн байна.
– Олон төрлийн архи, дарс хольж ууж болохгүй.
– Хундага хоорондын зайг аль болох холдуулж, “ухаантай” уу.

– Шарталтын нэг хүчин зүйл нь этанол бөөрөнд задрах явдал, нөгөө нь үрэвслээс үүдэн организмын дархлааны системд цохилт ирэх явдал байдаг. Р.Стивенс:”Бид хүчтэй шартаж, дотроосоо хөөсөн мэт зарайж, арзайж харагдаж байгаа нь биеийн дотоодод үрэвсэх үйл явц болж байгаагийн шинж юм” гэж дүгнэж байна. Иймээс аспирин буюу ибупрофен агуулсан стероид бус үрэвслийн эсрэг орчин үеийн эмүүдийг уух ёстой гэж тэр зөвлөж байна.

Эдгээр эм өвчнийг ч, үрэвслийг ч дардаг аж. Харин бөөрөнд муугаар нөлөөлдөг учир ямар ч тохиолдолд парацетамол (ацетоминофен)-ыг хэрэглэж болохгүй гэж байна.

– Ардын олонхи эмчилгээ голдуу сэтгэл зүйн нөлөөтэй байдаг. Хурц хоол, шар тайлж 100 татах, зэрэг нь нэмэр багатай.
– Харин тослог шимтэй хоол алдагдсан глюкозыг түвшинг нэмдэг, ус болон шингэн регидратаци болгодог, сайн нойр тайвшруулдаг зэрэг сайн талтай юм байна.
Эцэст нь энэ эрдэмтэд шарталтын нууцыг тайлах яагаа ч үгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
За ингээд Шинэ жилээ “миний бэлгийн” дагуу шарталгүй сайхан тэмдэглээд ирэх ондоо Аз Хийморьтой байхын ерөөлийг дэвшүүлж байна. Сайхан баярлаарай…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 12 дугаар сарын 28.