УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугартай тэтгэврийн зээлийн асуудлаар ярилцлаа.


-Таны хувьд Монголбанкны үйл ажиллагааг хэн хүнээс илүү сайн мэддэг гишүүдийн нэг. Эдийн засагч хүн. Энэ утгаараа тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар ахмадууд шүүмжлэлтэй хандаж байна. Энэхүү зээлийг 100 хувь чөлөөтэй олгочиход ер нь яагаад болдоггүй юм бэ?

-Чөлөөтэй тавих нь зөв шүү. Банкууд өөрсдөө эрсдлээ үнэлээд л шийднэ. Түүнээс биш заавал хязгаар тавьж байгааг зөв зүйл гэж харахгүй байгаа. Анхнаасаа үүнд хязгаар тавих нь буруу байсан гэж үздэг.

-Таны хувьд уг зээлийн эргэн төлөлт найдвартай буюу чанартай зээл гэж хэлж байсан…?

-Хамгийн гол логик нь ийм. Энгийн барьцаагүй цалингийн зээл ямар учиртай юм бэ гэж. Иргэн өөрийнхөө цалинг барьцаалж, зээл авч байгаа гэсэн үг. Энэ төрлийн зээлд эрсдэл байгаа юу гэвэл байгаа. Учир нь тухайн иргэн зээл төлөх хугацаандаа ажлаасаа гэнэт халагдчих эрсдэлтэй. Харин тэтгэвэр бол шал өөр асуудал. Сар бүрийн эхэнд иргэний дансанд Нийгмийн даатгалын сангаас автоматаар тэтгэвэр нь орж ирж байдаг. Ингээд бараг орж ирэхээс нь өмнө банкууд зээлдээ суутгаад авчихдаг. Энэ утгаараа тэтгэврийн зээл бол хамгийн эрсдэл багатай зээл юм. Нөгөөтэйгүүр эрсдлийг банкууд юугаар үнэлдэг вэ. Маш тодорхой хүүгээр л үнэлдэг шүү дээ. Тэгэхээр тэтгэврийн зээл эрсдэл багатай зээл учраас логикоороо бага хүүтэй л байж таарна.

-Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль батлагдаад, удахгүй хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?

-Зээлийн мэдээллийн сангийн нэмэлт өөрчлөлтөөр үндсэндээ хар жагсаалт гэдэг зүйлийг байхгүй болгож байна. Угтаа бидний ярьдаг хар жагсаалт гэдэг ангилал руу хэвийн зээлээс бусад нь орчихож байсан. Ингээд хар жагсаалтад орчихоор зургаан жилийн турш тухайн иргэн зээлээ эргэн төлсөн ч ямар нэгэн байдлаар банк санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авах эрх нь хаалттай байсан.

 

 

Үүнийг зургаан жилийн санхүүгийн ял гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр миний өргөн барьсан хууль үүнийг бүрэн болиулж байгаа. Харин хуулийн зохицуулалтаараа үүнийг онооны систем рүү оруулж өгч байгаа юм. Онооны систем өөрөө динамикаараа бодит үзүүлэлтэд өөрчлөгдөөд явдаг онцлогтой. Хэрэв зээлээ төлөөд л яваад байвал тухайн иргэний зээлийн мэдээллийн оноо өсөөд байна гэсэн үг. Эсрэгээрээ төлөхгүй, эргэн төлөлтөд ямар нэгэн доголдол үүсвэл оноо буурна. Төлөлтөө хийгээд байвал өснө, хийхгүй бол буурна. Ийм л систем рүү оруулж байгаа.

-Оноогоор нь шалгуур тогтоогоод банк, санхүүгийн байгууллагууд тухайн иргэнд зээлийн хувь хэмжээг тооцон гаргаж өгнө гэсэн үг байх нь, тийм үү?

-Яг зөв. Нөгөөтэйгүүр энэхүү онооны систем нь тухайн иргэнд биет бус санхүүгийн хөрөнгө болно гэсэн үг. Энэ ямар учиртай вэ гэхээр тухайн иргэн оноогоо барьцаалаад зээл авах боломжтой болно. Өндөр оноотой байх тусам зээлийн барьцаа өндөр байна л гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, заавал хашаа байшин, байр, орон сууц, автомашин буюу хөрөнгө барьцаалах шаардлагагүй болно гэж ойлгох хэрэгтэй. Өндөр оноотой иргэн гэдэг өөрөө санхүүгийн хариуцлагатай хүн гэж үнэлэгдэнэ. Энэ утгаараа урт хугацааны бага хүүтэй зээл тухайн иргэнд гаргаж өгөх санхүүгийн таатай боломж бий болох юм. Тэгэхээр хууль хэрэгжиж эхэлснээр Монголын банк, санхүүгийн системд цоо шинэ өөрчлөлт орж ирнэ. Өөр хандлага, үнэлэмж тогтоно гэсэн үг. Хамгийн чухал нь уг асуудлаар Монголбанк журам батлах ёстой.

-Журамд юуг нь онцлон заах ёстой гэж…?

-Журамд хэд хэдэн өөрчлөлт орж байгаа. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн давуу талууд орсон. Тухайлбал, олон улсын жишгээр онооны системээ батлана. Хоёрдугаарт, тухайн иргэнээс үл хамаараад орлогод нь доголдол үүсвэл илүү уян хатан үйлчлэх зохицуулалт орж байгаа. Эсргээрээ Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сангуудаас зээл авчихаад эргэн төлөхгүй бол энэхүү уян хатан байх асуудал огт үйлчлэхгүй. Учир нь энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс илүү хариуцлагатай байх ёстой гэдэг зарчим үүнд хадаглагдаж байгаа юм.