УИХ-ын ээлжит сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлдээд байна. Үлдэж буй энэ хугацаанд нийслэл болоод орон нутгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж буй олон эрхмүүд байгаа юм. Тэр дундаа Ховд аймгаас УИХ-д нэр дэвшихээр төлөвлөж байгаа эрхмүүдийг танилцуулья.

С.Бямбацогт

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нь Ховд аймгаас УИХ-д дахин нэр дэвших өндөр магадлалтай улс төрчдийн нэг. Тэрбээр Ховд аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшин хоёр ч удаа УИХ-д сонгогдоод амжсан. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга зэрэг олон ажил албыг хашиж байсан тэрбээр намын жагсаалтаар УИХ-д сууж ч магадгүй гэх мэдээлэл чих дэлсэх болсон.

 

 

 

 

 

 

 

Д.Батцогт

Ховд аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаа эрхмүүдийн нэг нь УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт юм. Өнгөсрөн 2012 оны сонгуулиар МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс Ховд аймагт бие даан нэр дэвшиж УИХ-д сонгогдсон ч нутгийн зон олныохоо итгэл сэтгэлийг хөсөрдүүлж яваа нэгэн гэдгийг нутгийнхан хэлдэг. Нэгэн цагт МАХН-ын нөмөр нөөлөг дор явсан тэрбээр өдгөө АН-ын гишүүн болж бууриа сэлгэсэн ч Ховд нутгаас дахин УИХ-д нэр дэвшихээр төлөвлөж яваа сурагтай.

 

 

 

О.Батнасан

Ховд аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаа эрхмүүдийн дунд Ховд нутгийн уугуул хүү О.Батнасан гэгч залуу боловсон хүчин яваа сурагтай. УИХ дахь МАН-ын зөвлөх, МАН-ын бага хурлын гишүүн тэрбээр төрж өссөн нутгийнхаа ахан дүүс, зон олныхоо захиасаар ийнхүү УИХ-д нэр дэвшихээр болсон байна. Ховд аймгийн булган сумын уугуул, тус сумын нутгийн зөвлөлийн дарга тэрбээр төрж өссөн нутгийнхаа хөгжил цэцэглэлд өөрийн хувь нэмрээ оруулах үүднээс “Ховд торгон нутаг” санг үүсгэн байгуулж нутгийн иргэдийнхээ үүх түүхийг сурталчилж, ирээдүй хойчдоо үнэтэй хувь нэмрээ оруулж яваа залуу боловсон хүчин гэдгээр нь Ховдчууд андахгүй.

 

 

 

 

 

 

 

 

Ш.Адьшаа

Нэгэн үеийн Гаалийн дарга нарын нэг Ш.Адьшаа энэ удаагийн сонгуулиар Ховд аймагт АН-аас нэр дэвших санаатай байгаа. 2012 оны УИХ-ын сонгуулиар Ховд аймагт бие даан нэр дэвшээд ялагдсаныхаа дараа эрх баригч АН-д элссэн түүхтэй. "Ховд аймгийн хөгжлийн төлөө сан" хэмээх ТББ-аараа Ховд аймагт цоллож явдаг мань эр Улаанбаатарт бол Монгол, Японы хамтарсан "Улаанбаатар мед" хэмээх эмнэлгийг байгуулсан нэгэн.

 

 

Д.Батбаяр

Нэгэн цагт арлын Япон орны сүмогийн дэвжээнд монгол улсаа төлөөлөн зодоглож явсан анхны сүмочдын нэг Күокшүзан Б.Батбаяр ч энэ удаагийн УИХ-ын сонгуулиар Ховд аймагт АН-аас нэр дэвшихээр төлөвлөж байгаа гэнэ. Тэрбээр өнгөрсөн 2008 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшин УИХ-д сонгогдон ажиллаж явсан удаатай. Ховд нутгийн уугуул хүү энэ удаагийн сонгуулиар нутгийнхаа уул усанд ихэд сүсэглэн, бас ч үгүй УИХ-д дахин сонгогдох “шаансаа” хүлээн бэлдэж суугаа гэнэ шүү.