Орон нутгаас оюутнууд ирээд эхэлчихэж. Хотынхон тэднийг “хурган цагаан” гээд нэрлэчихэж. Хөөрхий хөдөөний хүүхдүүд их хотод анх удаа орж ирж байж болно.

Сургууль, албан байгууллага энээ тэрээ юм асуусных нь төлөө эргүү мангар, хөдөөний тэнэг гэж дуудаж доромжлох хотын залууст хандаж хэдэн үг хэлмээр санагдчихлаа. Бид бүгдээрээ хөдөө-нийх. Би л гэхэд хар багаасаа хотоор “тэнэсэн” хэрнээ оюутан болж ирчихээд Гандангаас Багшийн дээд рүү алх­чихдаг байсан. Автобусаар явахаар төөрчих юм шиг санагдаад, автобусанд суухаар тоормозлохоор нь уначихна гэж айгаад л алхчихна. Одоог бодвол машин тэрэг бага, байшин барилга ч эмх цэгцтэй байж. Баруун дөрвөн зам, Төв шуу­дан хоёроор багцаалаад төв зам дагаад л алхчихдаг байж билээ. Манай ангийн хөдөөнөөс ирсэн манай ангийн хүүхдүүд амьдардаг, байрладаг газ­рууд руу­гаа ихэнхдээ л алхчихна. Энд тэгж төөрсөн, хөглөснөө ярьж баахан инээлддэгсэн. Нэг удаа хөдөөнөөс ирсэн хоёр эгч нэг удаа маань стипендээ авчихаад дэлгүүр хэсэхээр сугадалцаад л гарч өгч дээ. Хүнсний 20 дугаар дэлгүүрийн зүүн хаалгаар нь орж, нэг нэг поончиг авчихаад гарч ирээд, баруун талынх нь хаалгаар “Өө, энд бас нэг дэлгүүр байна” гээд орсон чинь нөгөө дэлгүүр нь байсан гээд маргааш өглөө нь хичээл дээр ирж яриад бөөн инээдэм болж билээ. Энэ бол цагаан инээд, цагаахан наргиан. Эхний нэг жил иймэрхүү хөгтэй явдлууд өдөр бүр л тохиолдоно. Бие биедээ ярина. Одоо бол ийм нэгэн явдлаа нэг нэгэндээ ярьж хөгжилдөх нь бүү хэл хүн амьтан мэдчихвий, шоолохвий, эргүү тэнэгээр минь дуудахвий гэж болгоомжилно.  Нийгэм, хүний сэтгэхүй, хүн чанар ингэж өөрчлөгдсөн байна. Хөдөө гадаанаас ирсэн нэгэндээ тусалъя гэхээсээ доромжилж гутаахаа урь­тал болгодог болчихож. Хо­тынхон хөдөө очихоороо яадаг билээ дээ. Морь малаа ялгахгүй, айраг хоормогоо мэдэхгүй будилдаг биш билүү. Тэглээ гээд тэднийг тэнэг, мангар гэдэг бил үү. Харин ч юу байгаагаараа дайлж, мэдэх чадахаа хэлж, заахыг л хичээдэг. Би хөдөөнийх гэж хэлүүлэх дуртай. Хөдөө явах дуртай. Зуны дэлгэр цагт болж л өгвөл хөдөө явахыг бодно. Гүү мал сааж, айраг бүлж, өрөм загсааж, ааруул тавих дуртай. Морь унаж адуунд явах дуртай. Их хотын хөл хөдөлгөөнд стресстэж ядарсан бие адууны хөлс, малын бууцны үнэрт сэргэдэг юм. Би монгол хүн болохоор монгол ахуйдаа болж л өгвөл ойр амьдарч, хөдөөнийхөнтэй тав гурван үг солихдоо дуртай. Тэнд жинхэнэ амьдрал буцалж, тэд л энэ амьдралын утга учрыг таниулдаг юм. Эзгүй талд мал хариулж яваа залуу болон хотод “PC” тоглоомын газар хонож байгаа залуу хоёрыг харьцуулаад бод. Хэн нь ухаантай байна. 

Хөдөөнөөс ирсэн охид хотын охидыг хараад “ийм гоё болох юмсан” гэж хамгийн түрүүнд л атаархаж бодно. Элдэв чамин зүүлт чимэг, донж маягтай хувцас, ухаалаг гар утас, үсний засалт гээд тэдний шохоорхлыг татах юм мундахгүй. Бааранд орж, тамхи татаж, шар айраг шимж үзэхийг хүснэ. Үзээгүйдээ, мэдэхгүйдээ хүсэж, атаархаад байгаа юм биш. Нутагт нь бүх юм бий.

Гагцхүү тэр нутагт нь их хотынх шиг хаана юу байгаа нь мэдэгдэхгүй толгой эргэм олон байшин барилга байхгүй, дүрэм журамгүй жолооч нар байхгүй, урсдаг шаттай дэлгүүр байхгүй, усыг нь татдаг жорлон байхгүй, ажил гэр рүүгээ дүүжилдэг цахилгаан шат, өглөө оройгүй ордог халуун хүйтэн шүршүүр л байхгүй. Тиймдээ л тэнэг мангараараа дуудуулж, будилаад байгаа юм.

“Саяхан хөдөөнөөс орж ирсэн оюутнууд нэртэй хог шаарнууд хотоор дүүрэн байна” гэж нэгэн залуу өөрийн блогтоо бичжээ.  Бас нэг нь “Улаанбаатар хотоор дүүрэн хөдөөний, гэр хорооллын халтар залуус хэдэн мянгаараа хөлхөж байна. Тэд бол халтар, соёлгүй, өмхий, бүдүүлэг...” хэмээн үзэн ядсан байх юм. Хөдөөний оюутан хүн биш юм гэнэ. Хотын залуус л хүн юм гэнэ. Яагаад гэвэл тэд соёлтой юм байх. Цахилгаан шатанд сууж, бааранд орж, паркт зугаалж, троллейбус мэдэж, урс­даг шатаар өөд уруу явж үзсэн болохоор хотын соёлтой залуус бол­чихдог юм гэнэ.  Жил жилийн намар их хотын хөл хөдөлгөөнийг хөдөөний оюутнууд тэлдэг нь үнэн. Тэдний хэд нь төгсөөд нутаг буц­дагийг хэн ч тоолж мэдэхгүй. Хүн биш хөдөөний оюутан хүн болж хотжоод үлдэхийг л бодно. Яа­гаад гэвэл дүүгээ, хүүхдээ хотынхонд хөдөөний мангар гэж цол­луулахгүйн тулд, соёлтой хотын­хон дунд амьдруулахын тулд “муу­хай” нутаг руугаа зүглэхгүйг л хичээнэ. Хот, хөдөөгийн ялгаа хэзээ ч арилахгүй. Арилгах гээд ч нэмэргүй. Хотынхон нь хотдоо, хөдөөнийхөн нь хөдөөдөө амьдраад бо-лоод л байна. Хотынхон хаан шиг эрхэмсэг, хатан шиг ярвагар байж болно. Харин хүнээрээ л баймаар байна.  

 

Б.Оюунгэрэл