“Мүүнийх” гэгдээд буй Б.Насанбаяр өчигдөр “Eagle” телевизээр “Баримт, Сэдэв” хэмээх нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгөв. Тодруулбал фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч Э.Цэрэн бүсгүй түүнийг “Мүүний шашин хэмээх гаж урсгалтай холбоотой, мөн Монголын Боловсролын системд Мүүнийн нөлөөг оруулж байна” гэх зэргээр олон нийтэд мэдээлэл түгээж, мүүн хэмээх байгууллага манай улсад 1990 оны дундуур орж ирээд, одоог хүртэл амжилттай хөгжиж байгаа болохыг удаа дараа сануулж, мүүнд хамаатай хүмүүсийг ийнхүү зарлахдаа хамгийн аюултай нь Б.Насанбаяр гэж байв.

Ингээд олон нийт бодохдоо БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр Монголын боловсролоор дамжуулан мүүнийг түгээж байна хэмээн ойлгов. Тиймдээ ч өчигдөр Э.Цэрэн, Б.Насанбаяр нарыг “Eagle” телевиз ярилцлагад урьсан боловч Э.Цэрэн ирээгүй аж. Б.Насанбаяр болохоор нэлээд хэдэн бичиг, баримт бүрдүүлсэн бэлтгэл төлөвлөгөө сайтай ярилцлагад очсон харагдав.

Харин уг нэвтрүүлгийг үзсэн үзэгчид “Эртнээс төлөвлөсөн, төлбөртэй, тавилттай жүжиг байлаа. Олон дахин уйлж, өрөвлүүлэх тактик хэрэглэлээ” гэцгээж байна. Мөн ингэж бодоход хүргэсэн гол шалтгаан нь хөтлөгчид байв. Тодруулбал судлаач гэх автортой хоёр эрэгтэй хүнээр ярилцлагаа хөтлүүлжээ. Хамгийн гол нь тэд үзэгчдийн хүсэн хүлээгээд байгаа ямарч асуултыг асуусангүй, зүгээр л та ямар шашинтай, таны нөхөр ямар шашинтай вэ, яаж гэр бүл болсон гээд л ярилцлага эхлүүллээ.

Б.Насанбаяр ярихдаа “Жил бүр засал номоо хийлгэдэг, Буддын шашинтай, хүүхдүүд маань хүртэл ламаас авсан сахиус зүүдэг. Монголчууд яаж гэр бүл болдог билээ. Тийм л янзаар гэрлэсэн” гэв. Уг нь Мүүн гэдэг нь шашин биш, мөнгө угаах гаж урсгал гэж олон улсад үздэг юм билээ. Тэгэхээр түүний ямар шашин шүтдэг нь үүнд хамаагүй баймаар юм. Харин Мүүнд ямар хамаатай юунаас болоод, Мүүнээр овоглогдох болов гэдэг л сонин байлаа уг нь үзэгчдэд. Монголчуудын ихэнх нь буддын шашинтай учир ингэж яривал олон нийтэд таалагдана гэж бодсон байж болох юм тэр. Мөн манай дунд сургуулиудад багш солилцоогоор Солонгос багш хичээл заадаг, Боловсролын яамны гаргаж буй бодлого төлөвлөлт зэрэг Мүүнтэй холбоогүй зүйлийг Мүүний хариулт болгож Б.Насанбаяр бэлтгээд, үүнийг зориудаар асууж байв.

Мөн тэрбээр ярилцах явцдаа хоёр гурав дахин уйлав. Монгол тулгатны зуун эрхэм зэрэг нэвтрүүлгээр оролцогчид нь уйлахаар үзэгчдэд илүү хүрч, өрөвч ард түмэн өрөвддөг гэдгийг мэдээд бодлогоор уйлсан гэж харагдлаа. Үүнээс гадна нэвтрүүлгийг итгэл үнэмшилгүй, бүдүүлэг, ёс зүйгүй болгосон бөгөөд тавилттай хэмээн хардахад хүргэсэн нэг гол зүйл нь гэвэл хөтлөгчдийн хийж буй төгсгөл байлаа. Өөрөөр хэлбэл хоёр хөтлөгч олонд хэрэгтэй хүлээж байсан асуулт юу ч асуугүй мөртлөө “ Хурц асуулт асууж зовоосон бол уучлаарай, Мүүнд ямарч хамаагүй хүн байхад Мүүнийх гэдэг нь харамсалтай байна. Э.Цэрэн бас таныг буруу ойлгосон байж болох юм байна. Та хоёр уг нь ойлголцчихвол зүгээр юм байна” гэх утга бүхий зүйл ярьсаар ярилцлагандаа баахан дүгнэлт хийгээд дуусгав.

Хөндлөнгөөс харахад төлбөртэй гэж харагдаж байгаа ч нэг ёсондоо тэр хоёр тархиа “угаалгасан” санагдав. Эсвэл тавилттай жүжигт мэргэжлийн бус хүмүүс жүжиглэж чадахгүй байгаа нь тэднийг тэнэг харагдуулсан байж болох. Хэн ч түүнийг Мүүнд хамаатай бас хамаагүй болохыг одоогоор нотлоогүй байгаа. Өчигдөрийн хэдхэн минутын ярианаас түүнийг Мүүний хүн биш гэж ч ойлгож болохгүй, мөн Э.Цэрэнгийн ярьж бичиж байгаагаар ч ойлгох аргагүй. Ямартай ч тэд ярих зүйлээ ярьсан харин эцсийн дүгнэлтийг үзэгчид хийх ёстой байлаа. Ийм ч ёстой юм. Хэн ч хамаагүй сэтгүүлч түүнтэй ярилцлага хийсэн бол арай ч ийм “ядуу” ярилцлага хийхгүй байх гэж харамсав. Хэнийг, юуг, хэзээ судлаад хэн судлаач гэдэг нэр өгчихсөн нь ч мэдэгдэхгүй хоёр нөхөр өчигдөр үнэндээ гутамшигтай харагдав.

Харин нэвтрүүлэгт Э.Цэрэн очоогүй нь Б.Насанбаярт том оноо болж чадлаа. Үзэгчид Э.Цэрэнг айгаад зугтаасан гэж ойлгох шиг болов. Тийм ч байж болох юм. Яагаад Э.Цэрэн ирээгүй болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Хамгийн гол нь мөнгө хүчтэй болсон өнөө цагт үзэгчид аливаа зүйлийг ойлгохдоо авах гээхийн ухаанаар хандаж, тархиа угаалгахаас татгалзах хэрэгтэй байгаа юм.

 

Н.Ганаа