Ухамсартай нь залгиж, ухамсаргүй нь гудманд нус, цэрээ хаясаар байна
2016/03/09
Хотын гудамжаар дүүрэн залуучууд гоё харагдаж байна. Их сургуулийн гудамжинд өдөржин оюутны хөл хөдөлгөөн өрнөнө. Олуулаа элдвийг ярилцан инээлдэнэ. Бас олуулаа шүлсээ, нусаа, цэрээ хаяна.
Эрүүл ахуйн тухай хууль энэ сарын эхнээс хэрэгжиж эхэлж буй. Шинэхэн хуулийг иргэд хэр дагаж мөрдөж байгаа талаар бяцхан судалгаа хийж үзлээ.
Спортын төв ордны өмнөх талбайн сандал дээр суугаад 10 минут ажиглалаа. Энэ хугацаанд нийтдээ 80 орчим хүн хоёр тийшээ алхлаа. Тэдний 53 нь эрэгтэй. Үлдсэн нь мэдээж эмэгтэйчүүд. Эрчүүд ихэвчлэн тамхи татаад алхана. Хамгийн харамсалтай нь 53 эрэгтэйгээс бараг хоёр хүн тутмын нэг нь ямар нэг байдлаар шүлс, нусаа ил задгай хаяж байх. Тамхиныхаа ишийг хүртэл цогтой чигээр нь замын хажуугийн бургас руу хаяж байна. Эрчүүдийн дунд нас тогтсон хижээл эр, төрийн албан хаагч бололтой залуу хүртэл байв.
Саяхан орсон цас олон хүний хөлийн хөлөөр мөстсөн байх. Тэр мөсний хаа нэгтээ хэн нэгэн нуц цэрээ хаясан байх нь харагдлаа. Автобусны зогсоол, ТҮЦ, сургуулийн хашааны булан өнгөрөх бүртээ шүлсээ хаяна.
Гудманд шүлс, цэрээ хаясан залуучуудтай зориуд уулзан шинэ хуулийн талаар хэр мэдээлэлтэй байгааг нь асуухад 26 настай Г “Ийм хууль байдаг юм уу, сая л мэдлээ. Үүнээс хойш ахиж шүлсээ хаяхгүй ээ, уучлаарай” гэв. 11–р ангийн сурагч 17 настай эмэгтэй Б “Би ямар ганцаараа хаясан юм уу. Бусдад нь хэлээч, хүмүүс хаяад л байгаа биз дээ” хэмээн уцаарлангуй хариулав. Харин МУБИС –ын баруун талын автобусны зогсоол, явган зорчигчийн хүлээлгийн сандлын буланд нусаа нийчихээд алхаж буй 60 гаруй насны өвөөтэй уулзаж уг хуулийн талаар хэлж, сануулаад, яагаад нусаа ил задгай нийж, орчноо бохирдуулж байгааг асуухад “Хүү минь ээ болдоггүй юм уу, уучлаарай. Наадах чинь уг нь зөв хууль юм. Хүмүүсийн ухамсарт нөлөөлөхүйц хууль юм. Гэвч энэ олон хүнийг хэн нь шүлсээ хаяж, хэн нь түүнд хэлж, сануулах ёстой юм” гэв.
Ер нь л дийлэнх хүмүүс “Телевизийн мэдээгээр гарч байсан. Хариуцах эзэн нь, торгох хүн нь тодорхой бол хэрэгжих л байх. Тамхины хяналтын хууль шиг тэгээд замхарна. Хэн нь хэндээ хэлэхэв дээ. Одооны залуучууд тэгж болохгүй шүү гээд хэлвэл аягүй бол зодно” гэх зэргээр хариулж байв.
Эрүүл ахуйн тухай хууль хэрэгжээд гурав хонолоо. Хуулиа мөрдөж, биелүүлж байгаа иргэн энэ өдрүүдэд л лав харагдахгүй байгаа нь харамсалтай . Монголын хууль гурав хоногт гэдэг нь энэ болой. Энэ бүхэнд хэн хариуцлага хүлээх вэ, хууль санаачлагчид аа. Ухамсартай нь шүлсээ залгиж, ухамсаргүй нь гудманд цэрээ хаясаар...
Өндөр хөгжилтэй орнуудын соёлжсон иргэд гудманд ил задгай бие засах нь бүү хэл, шүлсээ ч хаядаггүй. Зөрчсөн тохиолдолд их хэмжээний мөнгөөр торгодог юм. Тухайлбал, манайхны сайн мэддэг Хятад, Япон, Сингапур зэрэг улсад ийм байдаг байна. Япон улсад олон нийтийн газар шүлсээ хаяж байгаад баригдсан тохиолдолд 1000-10000 иенээр /17020-170200 төгрөгөөр/ торгох юм. Улмаар ял шийтгэл авч байсан эсэх тэмдэглэл дээр "Тийм" гэдэг тэмдэглэгээтэй болдог. Азийн бар гэгддэг Сингапур нь хамгийн их торгууль оногдуулдаг орнуудын нэг. Энд олон нийтийн газар шүлсээ хаясан тохиолдолд 500 ам.доллар хүртэл торгодог байна.
Харин Өмнөд Солонгос улсад олон нийтийн газар шүлсээ хаясан тохиолдолд 40 ам.доллар хүртэл торгоно. Бээжин хотын эрх баригчид олон нийтийн газар шүлсээ хаясан хүний торгуулийн хэмжээг 10 дахин нэмж, 70 ам.доллар болгосон байна. Харин үүний оронд нулимахдаа алчуур хэрэглэхийг санал болгов. Эдгээр алчууруудыг Бээжингийн ёс зүйн хороо сайн дурын ажилтнууд гудамжинд үнэгүй тараадаг байжээ. Гадны жишээ гэхэд ийм байна.
Эрүүл ахуйн тухай хуулийн 20.1.8.нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаахыг хориглосон. Уг заалтыг зөрчсөн иргэнийг 22.4.дэх заалтаар 20 мянган төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгоно гэсэн хуулийн заалт бий. Гэвч гэмт хэрэг, авто осол, замын хөдөлгөөн, мөрдөн байцаалт гээд цагдаа нар завгүй байна. Хуульд хэн хяналт тавих вэ?
Хууль сайн хэрэгждэг орнуудад иргэд нь торгуулахаас айгаад шүлсээ ч хаяж чаддаггүй бол манайд энэ үйлдэл бүр хэвшил болчихчээ. Ямартай ч хууль батлагдчихлаа. Одоо хэрэгжүүлэх л хэрэгтэй байна гэдгийг хууль санаачлагч нарт хүргэе.
З.Хуяг
newscom.mn
Зочин · 2016/03/09
Зочин · 2016/03/09
MONGOL ZALUUCHUUD YMAR CH SOELGUI GUTLAA ARCHIJ ORJ IRJ MEDHGUI GUDMAND SHULSEE TSEREE HAA HAMAGUI HAYNA PIZDA GICHII GEJ HARAANA.HUNII URDUUR DAIRNA.ESVEL ZODOH GEJ DAIRNA ALNA SHUU GENE.UNEHEER MUUHAI BOLSON BNA LEEEEE DEE.SOTSIALIZMIIN UED ZALUUS IIM BGAAGUI YMAAA .ODOO DUND ERGEM NASNIIHAN CH BAS BALAIR BUDUULEG DEERELHUU BOLSON BNA LEE UUCHILAARAI MONGOLCHUUDAA GASHUUN UNENIIG L HELLEE.