Давс хэдийгээр хоол, хүнсэнд аятайхан амт оруулан идэх дур хүслийг өдөөж өгдөг, мөн хүний биеийн эд эсийн шингэний солилцоо хэвийн явагдахад чухал үүрэгтэй ч хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болох нь дэлхийн эрдэмтэдийн судалгаагаар нотлогдсон. Бид ээжээсээ төрөхдөө давсны амт, түүний ид шидийг огт мэдэхгүй төрдөг нь сайхан боловч, нэмэгдэл хоолонд орох үеэсээ давсны амтанд аажим аажим дассаар нэг л мэдэхэд хоол ундыг давсгүйгээр төсөөлөх чадваргүй болсон байдаг.

Давсны хэт өндөр хэрэглээ зарим төрлийн өвчнийг сэдрээх эх үндэс болдог аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага насанд хүрсэн хүн хоногт таван грамм ба түүнээс бага давс хэрэглэхийг зөвлөдөг.

ДЭМБ, НЭМҮТ зэрэг байгууллага хамтран монголчуудын давсны хэрэглээг судлахад Улаанбаатар хотын нэг иргэн хоногт 11.1 грамм, зарим аймагт 15.4 грамм давс хэрэглэж буй нь харагдсан байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 83.6 хувь нь таван граммаас их давс хэрэглэж байгаа нь тогтоогджээ. Давстай цай уудаг хүмүүс давсгүй цай уудаг иргэдээс хоёр грамм давс илүү хэрэглэдэг байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага насанд хүрсэн хүн хоногт таван грамм ба түүнээс бага давс хэрэглэхийг зөвлөдөг.

Давсны илүүдэл хэрэглээ нь цусны даралт ихсэх, яс сийрэгжих болон зүрхний шигдээс, тархины цус харвалт, ходоодны хавдар зэрэг өвчний анхдагч эрсдэлт хүчин зүйл болж, олон сая хүний амь насанд нөлөөлж байна. Давсны хоногийн хэрэглээг таван грамм хүртэл багасгахад тархины цус харвалтыг 24, зүрх судасны өвчнийг 18 хувиар бууруулж, эдгээр өвчнөөс үүдэлтэй нас баралтаас сэргийлэх боломжтойг ДЭМБ тогтоосон байна. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн санаачилгаар манай улс 2020 он хүртэл давсны хэрэглээг бууруулах стратеги батлаад байгаа. Үүний хүрээнд “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ одоогоор тийм ч сайн үр дүн мэдрэгдэхгүй байгааг албаны хүмүүс онцоллоо.

Хүн амын давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд зөвлөмж өгч буй аж. Талх нарийн боов үйлдвэрлэгчид, лаазалсан бүтээгдэхүүн, нийтийн хоолны сүлжээ газруудын давсны хэрэглээний судалгааг гаргах их ажлыг эхлүүлээд байна.

Улаанбаатар хотын нэг иргэн хоногт 11.1 грамм, зарим аймагт 15.4 грамм давс хэрэглэж буй нь харагдсан байна.

“Талх чихэр” компани л гэхэд талхны давсны агууламжийг бууруулж чаджээ. Тус компани жилд 22 тонн давс хэрэглээнээсээ хасав. Зарим зоогийн газар жилд 150 килограмм давс хэмнэдэг болсноо тайлагнаад байгаа аж. Ийн бүтээгдэхүүний давсны агууламжийг багасгахад борлуулалт нэмэгддэг болох нь өндөр хөгжилтэй орнуудын туршилтаас харагджээ.

Жил бүрийн гуравдугаар сард “Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөнийхөн давснаас татгалзах кампанит ажил өрнүүлдэг. Тус байгууллагынхан дэлхийн 95 оронтой хэрэглээг бууруулахад хамтран ажилладаг юм.

Давс багатай ямар ямар хүнсний бүтээгдэхүүн байдаг талаарх мэдээлэл хомс тул шууд сонголт хийхэд төвөгтэй. Харин хүнсний бүтээгдэхүүний шошго дээрх мэдээллийг сайтар унших нь эрүүл сонголт хийх хамгийн зөв арга юм. Импортын ихэнх хүнсний бүтээгдэхүүний шошго дээр давсыг“Sodium”,зарим эсвэл“Salt”гэсэн үгээр илэрхийлж, тухайн бүтээгдэхүүний 100 граммд агуулагдах хэмжээг милиграмаар бичдэг. Хэрэв хүнсний бүтээгдэхүүний шошгод 100 граммд агуулагдах давсны хэмжээг Sodium (натри)–р илэрхийлсэн бол сонголт хийхдээ та дараах зөвлөмжийг дагаарай.

бүтээгдэхүүний давсны агууламжийг багасгахад борлуулалт нэмэгддэг болох нь өндөр хөгжилтэй орнуудын туршилтаас харагджээ.

- 100 граммд 120 мг (ойролцоогоор 0.12гр) ба түүнээс бага натри агуулж байх - Давс багатай (Эрүүл сонголт тул та өдөр бүр хэрэглэж болно)

- 100 граммд 120-600 мг (ойролцоогоор 0.12-0.6 гр) натри агуулж байх - Дунд зэргийн давстай (Хэрэв танд цусны даралт ихсэлт зэрэг давстай холбоотой эрүүл мэндийн асуудал байхгүй бол ийм хүнсийг хааяа хэрэглэж болно)

- 100 граммд 600 мг (ойролцоогоор 0.6 гр) -аас ихнатри агуулж байх - Давс ихтэй (Хэрэглэхээс татгалз)

1 грамм натри нь 2.5 грамм давстай тэнцэх тул 0.12гр натри нь 0.3 грамм, 06 грамм натри нь 1.5 грамм давстай тус тус тэнцдэг.

Хэрэв хүнсний бүтээгдэхүүний шошго дээр“Salt”(эсвэл Cоль) гэж шууд бичсэн байвал сонголт хийхдээ дараах зөвлөмжийг дагаарай

- 100 граммд 0.3 грамм ба түүнээс бага байх - Давс багатай (Эрүүл сонголт тул та өдөр бүр хэрэглэж болно)

- 100 граммд 0.3-1.5 грамм байх - Дунд зэргийн давстай (Хэрэв танд цусны даралт ихсэлт зэрэг давстай холбоотой эрүүл мэндийн асуудал байхгүй бол ийм хүнсийг хааяа хэрэглэж болно)

- 100 граммд 1.5 граммаас ихбайх - Давс ихтэй (Хэрэглэхээс татгалз)

Хэрэглэгч бүр хүнсний бүтээгдэхүүний шошгыг сайтар шалгаж, ямар хүнсний бүтээгдэхүүн давс ихтэй болох, ялангуяа гэртээ давс ихтэй ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдгээ мэдэж авах, улмаар хэрэглээгээ хэрхэн бууруулахаа үе шаттайгаар төлөвлөж, хэрэгжүүлэх хэрэгтэй.

Хүн бүр давс багатай хүнсийг сонгон хэрэглэх, гэрийнхээ хоолны давсыг багасгах, цайгаа давсгүй ууж сурахыг найз, нөхөд, гэр бүлийн гишүүдэд санал болгох, давсны хэрэглээгээ багасгах хүсэл эрмэлзэлтэй, эсвэл зөв сонголт хийж буй хэн нэгэнд сэтгэл санааны дэм өгч урамшуулж байх хэрэгтэй. Энэ бүгд нь давсны хэрэглээг бууруулах, давснаас хамааралтай өвчин эмгэгээс хүн амыг сэргийлэхэд хувь хүний зүгээс үзүүлж буй оролцоо, том дэмжлэг юм. Тиймээс давсны хэрэглээг бууруулахад айл өрх, аж ахуйн нэгж, иргэн бүрийн оролцоо, дэмжлэг их чухал.

Т.Буянаа