Тэргэнцэр дээр 18 жил амьдарсан Т.Нямбат хүүгийн тухай манай уншигчид лав санаж байгаа байх аа. Т.Нямбат хүү О.Сумъяадорж өвөөтэйгөө хоёулахнаа хотын баруун захад уулын орой дээр жижигхэн шавар байшинд тэтгэвэр, халамжийн мөнгөөр л амь зуудаг тухай өнгөрсөн намар манай сонин сурвалжлан нийтэлж байсан билээ. Эмч нарын хайхрамжгүйгээс болж Т.Нямбат төрөхөөс тархины саажилттай болж тэргэнцэртэй болсон эмгэнэлтэй тавилантай. Хүүгээ эрүүл саруул болгохоор өвөө нь олон жил хөөцөлдөөд тусыг олж чадаагүй. Одоо эцэст нь хөл хүрэх газаргүй болсон гэдэг. О.Сумъяадорж гуай “Намайг түрүүлээд үхчихвэл хүү маань хэцүүдэх байх даа. Хүүгээ л эрүүл болгох юмсан” гэж байв.

Сурвалжлагын мөрөөр сайхан сэтгэлт хүмүүс, аж ахуйн нэгжүүд тусламжийн гараа сунгаж хүнсний ногоо, нүүрс бэлэглэж байлаа. Түүний дараа ч их дээд сургуулийн оюутнууд, төрийн бус байгууллагууд санаачлан мөнгөн тус­ламж, тэргэнцэр зэргээр тусалж байсан сайхан мэдээг О.Сумъяадорж гуай дуулгасан юм. Энэ дашрамд өвөө, хүү хоёрт тусалсан хүмүүст талархсанаа илэрхийлье. Харин тусламжийн гараа сунгасан тэдгээр хүмүүсийн дунд хүүг хөгжүүлж хөл дээр нь босгоё гэсэн санал, санаач­лага гараагүй нь харам­салтай. Нэг ёсондоо хөгж­лийн бэрхшээлтэй хүүхдүүдийг анхаардаг төрийн байгууллагынхан таг байсан юм.

Т.Нямбат шиг хөгжлийн бэрхшээлтэй 11360 хүүхэд манай улсад бий. Хараа, хэл яриа, хөдөлгөөн зэрэг бэрхшээлтэй хүүхдүүд жил ирэх тусам нэмэгдэж байгааг албаны хүмүүс халаглан ярьсаар. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдаж байгаа нэн тэргүүний асуудал бол тэднийг нийгэмшүүлэх, сэргээн засах, хөгжүүлэх явдал. Манай улсад ийм үйл ажиллагаатай үлгэр жишээ байгууллагыг олоод өгье гэсэн ч үнэндээ алга. Энд тэнд гадаадын санхүүжилттэй, буцалтгүй тусламжаар хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийг л нэрлэж болох.

Уг нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас нийслэлийн дүүргүүд, орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх төв байгуулах сураг гараад багагүй хугацаа өнгөрөв. Дүүрэг бүрт, цаашлаад аймаг бүр ийм төвтэй болоод хөгжлийн бэрх­шээл­тэй хүүхдүүдийг эн­гийн хүүхдүүдийн адил сурч боловсрох цаг тун удахгүй ирнэ ээ гэж С.Эрдэнэ сайд зөндөө ярьж байсан. Гэвч 2014 онд гэхэд таван дүүрэгт ийм төв байгуулахаар төсөвт тэрбумаар яригдах мөнгө суулгасан ч газар олдоогүйгээс санхүүжилт нь буцсан гэдэг. Одоо арга ядахдаа энэ талаар дахин судалгаа явуулж байгаа гэж салбарын яамны мэргэжилтэн ярилаа. Ингээд дүүрэг бүрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулах ажил лөөлөө болж, Т.Нямбат шиг олон охид, хөвгүүд гэртээ дахиад шигдэхээс аргагүйд хүрэв.

Гэхдээ тэдэнд хаягласан бас нэгэн төв бий. Монгол Улс өөрийн хөрөнгөөр биш гаднаас хөрөнгө татаж хийх гэсэн ажил. Жаахан ичмээр ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амьдралд инээх нэг алхам урагшилж байвал гадаад, дотоодын хөрөнгө ч яамай. Тэр нь БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үндэсний хөгжлийн төв нэртэй. Бас л 2013 оноос сураг нь гарч С.Эрдэнэ сайд энд тэндгүй ярьж явлаа.

Үндэсний хэмжээнийх гэж тодотгосон нь Монгол Улсын хаана ч амьдардаг бэрхшээлтэй хүүхдүүд эмчлүүлэх, сувилуулах, асруулах, хөгжих үүд хаалга нээлттэй гэсэн үг. Үндэсний хөгжлийн төвийг байгуулах ажлыг одоогоос хоёр жил орчмын өмнө буюу 2014 оны наймдугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын дарга Си Жиньпин манай улсад айлчлах үеэр баталгаажуулж, хоёр тал гэрээнд гарын үсэг зурсан юм. Өмнөд хөршийн Засгийн газраас 30 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөгийг буцалтгүй тусламж өгөхөөр болсон. Тэр хөрөнгөөр 500 хүүхэд үйлчлүүлэх хүчин чадалтай, 240 хүүхдийн ортой хөгжлийн төв босно. Тэнд улс даяар байгаа 11360 хүүхдийг сэргээн засч хөгжүүлэх, нийгэмшүүлэхээс гадна тэдний эцэг эх гэр бүлийнхэн, сэргээн заслын мэргэжилтнүүдийг дадлагажуулна. Бас дээр нь нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарт зориулсан сургалт явуулах гээд цогц төв босох зураг төсөлтэй. 2014-2018 оны хооронд барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.

Энэ төвийг байгуулах газар нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо. “20 орчим мянган га талбай бэлэн болсон. Арваннэгдүгээр сард барилгын шав тавина” хэмээн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам Хүүхдийн төв сувиллаас өнгөрсөн оны есдүгээр сард зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр албан ёсны мэдээлэл өгч байсан юм. Хүүхдийн төв сувилал ихрүүд, хараа хяналтгүй хүүхдийг харъяалж авдаг ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч чадахгүй эцэг эхчүүд хүүхдүүдээ авчраад “хаячихдаг”. Тэдний хувьд Д.Батдулам даргын мэдээлэл тун таатай байсан.

Тэгээд ч хүүхдүүд нь дүүрэг бүрт хөгжлийн төвтэй болж чадаагүй ч аз нь гийж ийм сайхан ордонтой болох нь гэж хоёр жилийн өмнө олон эцэг эх баярласан нь гарцаагүй. Гэрээ байгууласнаас хойш хоёр жил орчим, салбарын яамны хэлтсийн даргын мэдээллээс хойш долоон сар өнгөрөв. Үндэсний хөгжлийн төвийн барилгын шав тавих ажил юу болов, хүүхдүүд хэзээ хөгжлийн төвтэй болох эсэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн бүсгүйгээс тодрууллаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сард барилгын шавыг тавиагүй. Ирэх дөрөвдүгээр сард тавихаар болсон гэнэ. Долоон сар битгий хэл долоо хоногийн өмнө ч ажлаа урагшлуулж байвал сайн биш үү. Хугацаа өнгөрсөн шалтгааныг лавшруулж асуувал “БНХАУ-тай хэлэлцээрийн төвшинд байгаа” гэлээ.

Барилгын шугам сүлжээний ажлыг Монголын тал хариуцаж, хоёр тэрбум төгрөг төсөвлөжээ. Одоогоор гүйцэтгэгчийг сонгох тендерийн шалгаруулалт маргааш болохоор зарлагдсан гэж байна. Хэлтсийн өөр нэг мэргэжилтний ярьснаар “Хугацаа оройтсон нь БНХАУ-ын талаас болсон. Тэднийх барилга, тоног төхөөрөмжийг хариуцах учраас гүйцэтгэгч компаниудаа сонгоно. Хятадын барилга барих туслан гүйцэтгэгчдийг сонгосон, удахгүй үндсэн гүйцэтгэгчийг сонгох юм билээ. Түүний дараа барилгын ажил хэзээ, яаж эхлэх нь тодорхой болно” гэлээ.

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан хугацаанаас хойш барилга ашиглалтад орох дөрвөн жилийн хугацаа талдаа ороод байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард шаваа тавиагүй, ирэх дөрөвдүгээр сард тавьж чадах эсэх нь бүрхэг болжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хаягласан олон ажил ийнхүү сураг алдарсаар. Нэг ёсондоо төгсдөггүй үлгэрийг тэдэнд ярьсаар. Үлгэр уг нь сайхнаар төгсдөг. Төгсдөг үлгэрийг л тэдэнд ярья, С.Эрдэнэ сайд аа.