Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьтод энэ сарын 25-нд хоёр хүн рүү чоно дайрсан билээ. Тус иргэдийн хувьд 30-40 насны эхнэр, нөхөр байсан бөгөөд хоёр сартай хүүхэдтэйгээ салхинд гарахаар зуслангийн байшиндаа ирсэн байсан аж. Агаарт хүүхэдтэйгээ салхилж байхад нь галзуурсан чоно архиран нөхрийх нь гуянаас хазсан бөгөөд тухайн үед тэрээр хүүхдээ тэвэрч байжээ.

Энэ үед хазуулсан эр хүүхдээ эхнэртээ өгч амжсан байна. Нөхөр Г эхнэрээ хүүхдээ зугтаалгах гээд чоныг саатуулах үед эхнэр Т лүү шууд дайран хонгоны хэсгээс нь хазжээ. Нөхөр нь чонын хүзүүнээс угз татан эхнэрээсээ холдуулахад азаар тэр хавьд тугал явж тааран нөгөө галзуу чоно тугал руу дайран тэр гурван иргэний аминд орсон байна.

Нөгөө галзуурсан чоно хөрш айлын хашаа руу орох үед нөхөр Г хөрш айлынхаа хаалгыг нүдэн чоно явж байна хүрзээр алахыг гуйжээ. Ингээд хөрш айлын залуу галзуурсан чоныг хүрзээр цохин унгаснаар аюулгүй болгосон байна.

Чононд хазуулсан иргэдийн хувьд айж, цочирдсон бөгөөд нэн даруй ГССҮТ очжээ. Чононд хазуулсан эрэгтэйн гуянд чонын шүд зоогдсон байсан аж. Эхнэрийн хувьд хонгоны тус газрын махнаас бага зэрэг урсныг эмнэлгийн байгууллагынхан яаралтай арга хэмжээ авсан бөгөөд одоогоор биеийн байдал сайжирч байгаа гэнэ. Хоёр иргэнд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин хийсэн юм. Эмэгтэйн хувьд төрөөд хоёр сартай хөхүүл хүүхэдтэй бөгөөд эмч нар вакцин хийсэн тул 14 хоног хүүхдээ хөхүүлж болохгүй гэжээ. Хүүхэд нь хөхөөр хооллодог тул хуурай сүүндээ цадахгүй байгаа гэнэ.

Галзуурсан чоно тус иргэнийг хазахаас өмнө хоёр үхэр, хоёр нохойг урсан байна. Тиймээс хоёр нохойг тэр нь устгаж, хоёр үхэрт Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээ хийж байгаа гэнэ.

Манай улсын хувьд 1972-2014 онд 36 хүн галзуу өвчнөөр өвчилсөн бөгөөд эдгээр хүмүүсийн 52.2 хувийг нохойд, 22.7 хувийг малд, 15.7 хувийг чононд уруулж, 6.9 хувийг үнэгэнд хазуулсны улмаас халдвар авч нас барсан байдаг.

Галзуурсан чонын хувьд дайралдсан хүн мал руу халддаг тул байгаль орчны хамгаалалт болон онцгой байдлын мэргэжилтнүүд зуслангийн бүсээр эргүүл тандалт хиймээр байна.

Т.Буянаа