Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтад хэрэглэж байгаа сурах бичгүүд сүүлийн жилүүдэд өгөөжгүй болсон гэхэд болно.

Өдгөө 12 жилийн сургалттай болсон нь маш их шүүмжийг дагуулдаг. Зургаан настай нэгдүгээр ангид элсэн суралцаж анги улирах асуудал гарч байгаа талаар сонсох тийм ч таатай байгаагүй. Уран зохиолын хичээлийн цагийг сургалтаас хасаж монгол хэлний хичээлтэй уялдуулж зааж эхэлсэн гэж яамнаас нь мэдэгддэг. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл "час" хийсэн сурах бичиг хэвлэгдэн гарахгүй байна.

2005 оноос унших бичиг, монгол хэлний сурах бичгүүдийг нэгтгэжээ. Өөрөө хэлбэл, монгол хэлний сурах бичигт, унших бичгийн хичээлийн сэдвүүд багтсан байгаа юм. Харин 2014 оноос эхлэн бага ангид унших бичгийн хичээл орохоо больж, монгол хэлний хичээлийг ганцааранг нь үлдээжээ. Монгол хэлний хичээлтэйгээ нягт уялдаа холбоотой явдаг байсан холбоо тасарч. Үүний улмаас "Одоогийн хүүхдүүд ном уншихаа больсон. Чөлөөт цагаа интернэтэд өнгөрүүлдэг" гэдэг шүүмжээр дүүрчээ. Ингэж шүүмжлэхийн оронд сурах бичгүүдэд ямар эх, унших зохиол багтаж вэ гэдгийг судлаад нэг үзээрэй гэж эцэг, эхчүүдэд зөвлөж байна.

Энэ талаар материал цуглуулах хэрэг гарлаа. Нэлээдгүй олон номын дэлгүүрүүд болон ховор ном худалддаг хувь хүмүүс, багш нараас өмнө нь сургалтад хэрэглэж байсан цагаан толгой, унших бичиг, монгол хэлний номыг сураглаж эсийг тус олов. Гэхдээ чамлахаар чанга атга гэж цөөнгүй хэдэн номыг олж, одоо сургалтад ашиглаж байгаа сурах бичигтэй харьцуулалт хийлээ. Харьцуулалтын явцад, сурах бичигт багтсан үг хэллэг, үгийн баялаг, сонгосон эх, сэдэв жилээс жилд чанаргүй болж, хүүхдийг номын амтанд оруулах зүйл үгүй болсон нь тод харагдлаа. Тухайлбал, хоёрдугаар ангийн сурах бичгээс эхлээд сул үг, ярианы үг маш их ихээр сурах бичигт оржээ. Мөн сурах бичгүүдийн агуулга хүүхдийнхээ нас, сэтгэхүйд дэндүү ахадсан байв.

Ийнхүү өөрийнхөө харьцуулалтыг хийж дууссаны дараа эрдэмтэн, багш нарын үгийг сонсож ярилцахаар тэдний эрэлд гарлаа. Олон жилийн туршлагтай "хал үзэж халуун чулуу долоосон" ахмад багштай уулзаж түүнээс ярилцлага авахыг хүсэхэд "Өөрийн хийсэн зүйлийнхээ алдааг хэлэх болж таарах нь ээ" гээд тэрбээр зөвшөөрсөн юм.

Монгол хэл, Уран зохиолын хичээлийн сурах бичгүүдийн талаар болон цаашдаа сурах бичгийг ямар аргаар чанартай, үр өгөөжтэй болгох талаар Ерөнхий боловсролын Монгол хэл, Уран зохиолын сургалтын хөтөлбөрийн агуулга арга зүйн багийн гишүүн, судлаач эрдэмтэн ... багштай ярилцлаа. /Тэрбээр өөрийн нэрээ гаргахыг зөвшөөрөөгүй болно./

-Монгол хэл, уран зохиолын хичээлийн сургалтын талаар яриагаа эхэлье?

-Манай улсын Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, уран зохиолын хичээлийн сургалт нь эртнээс уламжлалтай бөгөөд 1921-оны ардын хувьсгалтай зэрэгцэж анхны сургууль байгуулагдахад Тоо, Монгол хэл гэсэн хоёр хичээлийг голлож үзсэний үргэлжлэл юм. Хамгийн голлож олон цагаар ордог үндсэн хичээлүүдийн нэг. Одоо болтол энэ хичээлүүдийг үзэж байгаа. 1940-өөд оноос хойш крилл бичиг сургалтанд шилжсэнтэй холбогдуулж Монгол хэлний уламжлал сургалт агуулгад өөрчлөлт орсон. Тухайлбал, 1930-аад оны үед 20-иод оны Монгол хэлний хичээлийн сургалтыг дагаад Унших бичиг, Үг хөгжлийн хичээл, Цэвэр бичгийн хичээл гэж задалсан. Энэ нь сурагчдыг монгол хэлээрээ цэвэр, хичээнгүй бичиж сургах, зөв найруулж бичихэд, зөв уншиж сургах, уншсан зүйлээ зөв тайлбарлаж, уншсанаа ярьж сургах, хэл ярианы соёлд сургах зэрэг монгол хэлний хичээлийн хамгийн чухал зүйлүүдийг хуучны сургалтад ордог байсан юм. Энэ байдал харин 2014 оноос алдагдсан.

Монгол хэл, уран зохиолын багш, судлаач хүний хувьд их эмзэглэж яваа асуудал бий. Өмнө нь сургалтад ордог байсан их үр өгөөжтэй УНШИХ БИЧИГ хичээлийг өөрчилсөнд харамсдаг. Монгол хэлний хичээлээрээ Монгол хэлнийхээ бүтэц, зүй тогтол дүрэм, зөв бичих зүй, үгийн баялагийг нэмэгдүүлэх дасгал ажлуудыг хийдэг. Харин бага ангидаа унших бичгийн хичээлийг долоо хоногтоо 3-4 цаг үздэг. Ингэснээр хүүхэд багаасаа номтой нөхөрлөж сурдаг. Ялангуяа уншсан зохиолоо сайхан ярьдаг болдог. Тухайн уншсан зохиолоо сайхан ярьдаг, шинэ үгийн утгын тайлдаг, ном унших хүсэл эрмэлзлэлтэй болж уран зохиолын номтой нөхөрлөж сурдаг ийм хичээл байсан юм.

Харин 2004 оноос эхлээд хичээлийн интаграцци буюу нэгдмэл хичээл гэж ярих болсон цагтай холбогдуулж өмнө нь үздэг байсан Унших бичиг хичээлийг Монгол хэлний хичээлтэй нэгтгэсэн. Тэгээд нэг нэрээр Монгол хэл гэж ганцхан хичээл бага ангидаа үзэж байгаа.

Дунд ангиасаа уран зохиолын хичээл үздэг. Цаг нь багассан тал бий. Уран зохиолын хичээлээр монгол аман зохиол, эрт эдүгээгийн уран зохиол, Өрнө дорнын зохиолуудыг уншсан хэвээрээ байгаа. Бага ангийн хүүхдүүдийн тухайд дөнгөж эх хэлэндээ сурч байгаа унших, бичих чадварыг эзэмшиж байгаа энэ үед нь унших бичиг гэдэг хичээлийг зориуд оруулах нь чухал. Үүнийгээ сэргээж, цаг өгөөд оруулж өгч болно л доо.

Өнгөрсөн жилээс эхлээд Иргэний боловсрол /унших бичгийн хичээл/ гэдэг хичээл нэгдүгээр ангиас тавдугаар анги хүртэл ордог болсон. Иргэний боловсрол гэдэг хичээл нь хүүхдэд ёс суртахууны хүмүүжил олгох үүрэгтэй хичээл л дээ. Хаалтан дотор “УНШИХ БИЧИГ” гэж оруулж ирсэн. Гэтэл энэ хичээлээр Монголын гэх тодотголтой хүүхдийн хүмүүжил, соёлтой холбоотой "Оюун түлхүүр" сургуулиас эхлүүлээд монгол гэсэн зүйлүүдийг уншихаасаа илүүтэй Солонгос, Японы зохиолыг маш муу монгол орчуулгатай зөвхөн асуулт, даалгавар боловсруулсан сурах бичиг гэж хэлэхэд тун хэцүү ном гарсан. Сонгож авсан сэдэв нь явцуу. Хүний ёс суртахууны төлөвшилтэй холбон зөв хүн байх, буруугийн тухай шүүмжлэх хүрээнд л эргэлдсэн зүйлийг уншуулахаар орсон нь хүүхдийн сонирхолд нийцэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ дотор уран сайхны сэтгэлгээд нь нэмэр болох үлгэр, домог, уул усны магтаал, шүлэг, туулиас гадна төрөл бүрийн сэдэвтэй шинжлэх ухаан, танин мэдүүлэх, монголын амьдрал, мал аж ахуйтай холбоотой сэдэв сонгож оруулсан зүйл байхгүй.

Агуулгын хувьд тун хязгаарлагдмал хичээл. Иргэний боловсрол гэдэг хичээлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод цахим ертөнцөөр их шуугиж байгаа. Агуулга, алдаа ихтэй гээд байгаа нь үнэн. Миний санаж буйгаар хуудас болгонд Монгол агуулгатай зүйр цэцэн үгийг оруулсан нь алдаа ихтэй. Тухайлбал, Хүмүүн гэдэг үгийг буруу бичсэн байна лээ. Би засаж өгсөн. Дахин засвар оруулж хэвлэнэ гэж байсан. Энэ хичээл нэгэнт сургалтын төлөвлөгөөнд оруулсан юм чинь агуулгыг өргөжүүлээд өмнө нь үзэж байсан унших бичгийн хичээл болгомоор байна. Тэгвэл хүүхэд уншихын зэрэгцээ төрөл бүрийн сэдэвтэй эхийг уншиж танин мэдэх, хүмүүжил, төлөвшилд нь ихээхэн дэмтэй. Жишээлбэл, Бусад хичээлтэй холбогдох байгалийн шинжлэлийн сэдэв, газар зүй, гадаад ертөнц, хүний амьдралын тухай гээд цаашид нь сурахад нэмэр нөөлөг болох өргөн агуулгатай унших бичиг гэдэг хичээлийг сэргээгээсэй гэсэн бодолтой явна.

-Шинэчилсэн бага ангийн монгол хэлний сурах бичгүүдийг өмнө нь сургалтад хэрэглэж байсан сурах бичгүүдтэй харьцуулалт хийж үзлээ. Ингэхэд жилээс жилд сурах бичигт орсон сэдэв, эх хумигдаж. Нэг ёсондоо үгийн баялаггүй болсон нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл бидний ярианы хэллэгүүд ихээр орсон байна?

-Энэ бол аргазүйн талын юм. Сурах бичиг зохиогч, редактор, техник редактор гээд маш олон хүний бүрэлдэхүүнтэй зохиож байгаа. Өмнө нь монгол хэл, математик ч бай нэг юм уу, хоёр зохиогчтой байсан. Ингэхэд тэдэнтэй эргээд хариуцлага тооцох боломжтой байдаг. Гэтэл одоо сурах бичгийн хөтөлбөрийг 20-30 хүний бүрэлдэхүүнтэй багууд хийж байна. Дараа нь сурах бичиг зохиоход их дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтнууд, дунд сургуулийн багш нар арга зүйч нар гээд 5-8 хүний бүрэлдэхүүнтэй олон баг мөчилж, мөчилж сэдэв сэдвээр нь авдаг. Тэр нь үхрийн бөөр шиг зүүмэл болчихсон. Өөрөөр хэлбэл, нэгдмэл биш дотроо хүн бүр өөр өөрийн арга зүйгээр хийдэг учраас холимог өрөөсгөл сурах бичиг зохиогоод байгаа юм.

Чи сая их зөв зүйл хэллээ. Монгол хэлний сургалтад хүүхдийн үгийн баялаг, үгийн санг баяжуулах, дээр үед үг бүлэглэх гэж ярьдаг байсан яриа бичгийн дадлага хичээл, үгийн утга тайлбарлах, хэлц үг, хүндэтгэлийг үг, утга шилжсэн үгээр хүүхдийн үгийн баялагийг нэмэгдүүлэх ажил монгол хэлний сурах бичигт маш их дутагдалтай байгаа юм.

-Нэгдүгээр ангийн сурах бичиг үсгээ нүдэлж, үгээ холбож сурахад зориулагджээ. Харин хоёр, гуравдугаар ангийн монгол хэлний сурах бичигт нь зохиож бичих, дуурайн бичих гэсэн ажлуудыг түлхүү тусгажээ. Долоо, наймхан настай хүүхдүүд зохиож бичиж чадах уу?

-Бага ангийн цөм хөтөлбөр дотор хүүхдийн нас, идэвхийн онцлогоос нь хэтэрсэн хүнд талдаа орсон зүйлүүд байгаа. Тухайлбал, оньсого зохиох бүлэг сэдэв байна. Оньсого зохионо гэдэг нь тийм ч амар ажил биш. Хэн хүний амар хялбараар зохиочихдог зүйл биш.

Мөн захидал бичих сэдэв орсон байна лээ. Гэтэл өнөөдөр хуучин шигээ захиа бичдэг соёл байна уу, үгүй юу? Харин үүнийхээ оронд утсаар ярих соёл хичээл заавал ямар юм.

Тэр захиа бичих ёсыг нь харахад “Сайн байна уу?” гээд эхэлж байна. “Сайн байна уу” гэдэг нь захианы үг биш. Хоёр хүн улаан нүүр тулаад уулзаж байгаа одоо цагт хэрэглэдэг аман ярианы үг. Захианы үг бол хандсан үгээр эхэлнэ. “Өршөөлт Ван Хатанбаатар таны түмэн амгаланг ир-сүү” гээд Сүхбаатарын захиа эхэлж байх жишээтэй. Хэнд хандаж байна тэр үгээрээ хандаж хэлдэг захидлын ялгааг хүртэл сурах бичигт гаргаж өгөх хэрэгтэй л дээ.

Оньсого зохионо гэдэг бол хийсвэр сэтгэлгээ нь хөгжөөгүй хүүхдэд дэндүү ахадсан зүйл. Хүүхэд оньсого зохиож байна гээд өөрийн үгээрээ зохиодог. Тэр дотор нь монгол үг, монгол сэтгэлгээ ч байхгүй. Тэгэхээр аман зохиолыг хэт хялбарчилж, амархан зохиож болдог гэдэг сэтгэхүйг хүүхдэд суулгачих вий дээ гэж би эмзэглэж, боддог. Иймэрхүү амьдралд хэрэгжиж өгөхгүй зүйлүүд оруулсан байгаа нь маш их дутагдалтай сурах бичиг болсон. Би өөрөө зүйр цэцэн үг, ертөнцийн гурвыг зохиож үзсэн, чадаж байна лээ. Харин одоо болтол зохиож чадахгүй байгаа юм нь Оньсого.

Оньсого нь маш нарийн, гүн утга санаа агуулсан. Хэрвээ бага ангид оньсого үзэж байгаа бол олон монгол оньсоготой танилцуулах тэр оньсогыг таах, яагаад утгыг нууцалж далдалсан байна, ямар хийсвэрлэх сэтгэлгээ, зүйрлэсэн хэлц санааг оруулсан байгаа талаар нь маш сайн задлан шинжилгээ хийж ажиллан хүүхдэд маш олон сайхан монгол оньсогыг цээжлүүлэх хэрэгтэй л дээ.

-Сурах бичгүүдэд журамласан 700 үгнээс хүртэл оруулчихсан. Энэ үгийг хамгийн анх Ё.Отгонбаяр гуай сайд байхдаа тушаал гаргаж журамлуулсан байдаг юм байна лээ. Тэгээд одоо хариуцах эзэнгүй болчихсон?

-Монгол хэлний тухай хууль их хурлаас батлагдаж 2015 оны долоон сарын нэгнээс эхлэн хэрэгжсэн. Энэ хуулийн нэг чухал заалт нь одоо хэрэглэж байгаа крилл монгол бичгийн дүрмийг өөрчлөхгүй. Харин үгийг яаж бичих тухай нийтээрээ даган мөрдөх журамласан толь зохиохыг хуулийг хэрэгжүүлэх ёстой Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний зөвлөлд даалгасан байгаа. Саяхан үндэсний зөвлөл шинээр байгуулагдсан. Даргаар нь манай боловсролын яамны сайд ажиллана. Их сургууль, шинжлэх ухаан хүрээлэнгийн академи, хэвлэл мэдээллийн төлөөлөл, нийслэлийн засаг дарга хүртэл зөвлөлд нь орсон. Тэгээд эрдэмтэдээ оролцуулаад зүгээр толь бичиг л гаргачих ёстой байгаа юм. Хамгийн идэвхитэй өргөн хэрэглэдэг үгийг л журамлаад өгчих хэрэгтэй. Тэрнээс биш “цээж” гэдэг үгийг “чээж” гэж бичээд байна тэгэхээр “чээж” гэж бичнэ гэлгүйгээр толь гаргахыг монгол хэлний хуулиндаа суулгаж өгсөн. Энэ ондоо багтааж журамласан, зөв бичгийн нэгдсэн дүрмийн толь бичиг гаргах байх. Тэр болтол ингээд алдаатай алдаагүй, сайн муу гэдгээрээ тогтворгүй явах нь ээ.

Монгол хэл залгамал бүтэцтэй хэлний бүлэгт багтдаг учраас үгийн язгуурын үндэсний араас олон зүйлийн дагавар /400 гаруй дагавар нөхцөлтэй/ нөхцлийг дагуулахаар “гээх”, “гээхгүй” гэсэн асуудал үүсээд байна. Суртахуун гэдэг үгийг “а”-тэй бичих үү “хуун” гэсэн нөхцлийг шууд залгаж байгаа юм уу гээд маргалдаан үүсдэг. Энэ маргааныг эцэслэхэд л толь бичиг хэрэгтэй байгаа юм. Мөн хэл бичгийн багш нарын маргалддаг нөхцөл, дагаврыг оруулж өгвөл сайн. Крилл бичгийн дүрмийг заахгүйгээр зөв бичиж сурна гэж хэзээ ч байхгүй. Дүрэмжүүлж, зохиосон бичиг учраас дүрмээр заах асуудал маш чухал.

-Тэгээд дахиад л сурах бичгүүдээ солих уу?

-Дүрэмтэй, дүрэмгүй сурах бичиг 3-4 жилд агуулга нь өөрчлөгдөж, хөтөлбөр нь өөр болж шинэжлэгдэж байдаг учраас өөрчлөхөөс өөр аргагүй. Зөвхөн монгол хэлний хичээл дээр ч биш ерөнхий боловсролын сургалтын сурах бичгүүд 4-5 жилийн дотор шинэчлэгдэж гардаг. Өмнө нь хэвлэгдсэн сурах бичгийн нөөц нь дуусч, агуулга, арга зүй, эх зэрэг нь цаг үеэ дагаж өөрчлөгдөж байдаг юм. Хэрвээ бүх нийтээрээ даган мөрдөх зөв бичих дүрмийн толь гарчихвал бүх сурах бичиг, хэвлэл мэдээллийн байгууллагууд тэрхүү дүрмээ баримтлаад явбал энэ асуудал цэгцэрнэ.

-Сурах бичигт багтсан эхүүд жилээс жилд хумигдаж, яруу сайхан үг хэллэгтэй сэдэв цөөрчээ. Эх хэлээ мэдэхгүй болох гээд байгаа юм биш биз дээ?

-Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын сурах бичигт монголын эртний бөгөөд орчин үеийн сонгодог шилдэг зохиолыг авч соржилж уншуулах ёстой.

Дэлхийн уран зохиолоос тухайн хүүхдийн нас, сэтгэхүй, сонирхол онцлогт тохирсонг маш сайн орчуулагтайгаар нийтлэх хэрэгтэй байгаа юм. Анги дэвших тусам хүүхдийн нас, сэтгэхүй, хөгжил нэмэгдэж дэвшдэг. Тэгэхээр нэгдүгээр ангидаа үзэж байсан эх нь хоёрдугаар ангидаа арай гүнзгийрнэ. Ингэж явсаар нөгөө яриад байгаа оньсогоо арван нэг, арван хоёрдугаар ангидаа өөрсдөө зохиодог болох хэрэгтэй л дээ. Бага ангидаа оньсогоо сайхан цээжилдэг. Харин дараагийн ангидаа оньсогоо задалж, бүтэц, тайлбарыг нь зааж байгаад ахлах ангидаа хүүхэд өмнөх ангидаа олж авсан мэдлэг сууриндаа түшиглэж өөрсдөө зохиодог, эссэ бичдэг, бүтээлч чадварт суралцах хэрэгтэй л дээ. Нэг үгээр хэлбэл, багаасаа их рүүгээ, энгийнээсээ нарийн руу, хөнгөнөөсөө хүнд рүү гэсэн сургалтын зарчмын дагуу явах ёстой.

Сурах бичигт редактарын нэг л зөвлөл байж тэр нь нэгдүгээр ангиас арван хоёрдугаар анги хүртэлх бүх сурах бичгийг хянадаг байвал их сайн ном бүтнэ. Харамсалтай нь энэ сүүлийн жилүүдэд яригдахаас биш хэрэгжихгүй байгаа юм. Тэгэхээр энэ маргаан үүсгээд байгаа дүрмээс авахуулаад бүгд жигдрээд ирнэ. Олон хүний бүрэлдэхүүнтэй байх тусмаа өөр өөрсдийнхөөрөө бичиж их олон нэр томьёо хэрэглээд байна. Тухайлбал, уран зохиолын онол гэхээр хүншүүлэл, аминчлал хэтрүүлэл ихэсгэл, багасгал гээд бий. Үүнийг л журамлаж нэг нэр томьёотой болох хэрэгтэй байгаа юм.

-Одоо сурах бичгийг зохиоход юу анхаарах хэрэгтэй юм?

-Нэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн сурах бичгийг тэр жил томилогдсон редакторын баг ажиллаад гаргана. Энэ бага хоёрдугаар ангийн монгол хэлний сурах бичгийг зохиодоггүй. Ингэхээр нөгөө өмнөх жилийн оруулж өгсөн сэдэв, эхтэйгээ хэр нийцэж, агуулгын залгамж холбоо байна уу, хөнгөнөөс хүнд рүү ахисан зүйл байгаа эсэхийг хэн ч эргэж хардаггүй.

Зөвхөн нэг удаа хийсэн номоо л уншина. Дараагийн ном ямар агуулгаар гарах нь уу, хөтөлбөрт юу гэж зааж өгсөн байна гэдгийг хэн ч сөхөж хардаггүй. Энэ зөвхөн монгол хэл, уран зохиолын сурах бичиг дээр гардаг зүйл биш. Сурах бичгийг муутгаж байгаа нь залгамж холбооны асуудал байгаа юм.

-Одоо хоёрдугаар ангид үзэж буй монгол хэлний сурах бичигт “Цэцэгхэн хотын тагжгарууд” гээд нэгэн эхийн гарчгийг өгчээ. Тагжгарууд гэдэг үг ямар утгыг агуулж байна?

-Тагжгаргууд гэж дүрслэх үг юм. Гэхдээ ярианы хэлэнд голдуу хэрэглэдэг. Мөн жоохон доромж утгатай. Бичгийн хэлэнд тэр болгон идэвхитэй хэрэглээд байдаггүй. Ярианы хэлэнд л хэрэглэдэг үг дээ. Тэрнээс утга зохиолын цэвэр сайхан найруулгад зохимжгүй. Өөрөөр хэлбэл, этгээд үг юм шиг эсвэл бүдүүлэг үг, муугаар хэлбэл хараалын үг болохоор байна.

-Сурах бичигт хүүхдэд өгөөжгүй үг хэллэг, эхүүд орсон байхад багш нар яагаад анхаарахгүй байна?

-Уг нь сурах бичгүүд олон шүүлтүүрээр ордог юм. Хамгийн эхлээд хөтөлбөрийн баг ажиллана. Тухайн хөтөлбөрийг үндэслээд зохиогчдын баг гарна. Үүний хажуугаар хянаж, үнэлгээ өгдөг баг байдаг. Тэгээд агуулгын редактор бий. Дараа нь номонд аль үсгийг тод хараар бичих үү, аль хэсгийн налуу үсгээр бичих үү, ямар хэмжээтэй зураг байх уу гэдгийг техник редактор хариуцдаг. Маш олон хүний багийн бүрэлдэхүүнтэй хийсэн хүмүүсийн бүтээл гараад байгаа. Тэгсэн хэрнээ жилээс жилд сурах бичгийн чанар олон хүн оролцох тусам улам муудаад байгаа нь харамсалтай байна.

Монгол угсаатан чинь Америк, Өрнө, Англичууд шиг багаар ажиллаж чаддаггүй юм байна. Багаар ажиллах тусам балаг алдаагаа ерөөсөө бусдад жихээд өөрөө цэвэр үлдэнэ. Нэг зохиогчтой байвал яах аргагүй л тэр хүнтэй л хариуцлага тооцно. Тэгэхээр хариуцлагаа ухамсарлаж маш сайн зохионо. Бага болохоор нэг нь багын ахлагч болдог. Тэр хүн нь багаа зангидаж нэг цул сурах бичиг бүтээж чадаж байна уу гэдэг бас эргэлзээтэй болоод байна.

Алдаатай, түүхий шүүрхий сурах бичиг гараад байгаа нь цаг хугацаанд хавчигдаж хийж байгаатай холбоотой. Есдүгээр сарын нэгэнд хичээл эхэлнэ. Найм, долдугаар сард хэвлэх ёстой байдаг. Маш богино хугацаанд түргэн түүхий юм хийгээд байна.

-Сурах бичгүүдийг судлахад Я.Гончиг агсны зохиож байсан унших бичгүүд их уншууртай ном болон гарч байжээ?

-Багшийн их сургуулийн унших бичгийн заах арга зүйг хариуцсан ахмад багш байсан. Их олон жил унших бичгийн номыг дагнаж зохиосон.

 

 

Уншигч авхай та Уран зохиол хичээлийг сургалтаас бүрэн хасагдаагүй гэдгийг ойлгосон биз ээ. Сургалтад бага ангид үзэхээр Иргэний болосрол нэртэй болж оруулж ирсэн байна. Гэтэл тэрхүү ном нь ч тэр, агуулга нь ч тэр хүүхдэд заахад явцуу бүтээл болжээ. Өмнө нь буюу 10 жилийн сургалттай байх үед хоёрдугаар ангиас эхлээд унших бичгийн хичээл монгол хэлний хичээлээсээ гадна тусдаа цагтайгаар ордог байсан нь хүүхдийг номонд хорхойтой болгож, хүмүүжил болоод ёс суртахуунд хөгжлийг өгч иржээ.

 

Үргэлжлэл бий...