Сонгинохайрхан уулын хишиг барилдааныг үзлээ. Гайгүй сайхан барилдаан болох шиг санагдсан даа. Харин улсын арслан Н.Батсуурь, заан Ч.Санжаадамба, улсын начин Т. Баасанхүү нар барилдсангүй.

 

Тэднийг яагаад онцолж үгүйлээд байна вэ гэвэл тэд барилдааныг өөрчилдөг бөхчүүд. Даангүй начин Т.Баасанхүү элдэвтэй барилдаанаараа хэнийг ч шороодуулдаг бөх. Сар шинийн болон саяхан болсон улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаануудад тэр ёстой шуугиулж их шөвөгт үлдэж байсан шүү дээ.

 

Түүнийг амладаг бөх тун цөөрсөн. Ингээд саяын барилдааны манлай бөх, улсын харцага Ц.Содномдоржид үгээ хэлье. Таныг харцага цол нь багадаал байгаа сайн бөх гэж боддог. Үүнтэй олон хүн санал иийлэх байх. Иигэж хэллээ гээд өөрийг чинь онгирч овойхгүй гэдэгт итгэж байгаа шүү. Юуны өмнө бөхийн цагаан зам чинь улам өлзийгөө өгч энэ жилийн наадмаар цолоо ахиулаарай. Улсын баяр наадмын түрүү бөх болоод зогсож байхын ерөөл өргөе.

 

Тэгэхдээ бас захих үг байна аа. Сайн бөх хүнд эрхэмлэж явах хэдэн гол зүйл бий. Өөрийн чинь хувьд барилдааны явцад хааяа элдэв зан гаргачих гээд л байх юм. Хэзээ билээдээ. Ноднин ч юмуу. Нэг барилдаан дээр улсын гарьд Б.Гончигдамбын гарыг хөшиж сануулга авч байсан удаатай. Тэгвэл энэ удаа бас үзэгч бидэнд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн явдал гаргасан юм. Тавын даваанд улсын начин Бо.Батжаргалыг, долоогийн даваанд улсын начин Ч. Баянмөнх гарыг дээр өргөж хаяхдаа дэндүү омог гаргалаа шүү дээ. Баяр чадлаар ааглах нэг өөр боловч өрсөлдөгч бөхөө хайрлах бодол бас байх учиртай.

 

Гэтэл өөрийн чинь тэр шидэлт “Гарьд магнай” киноны цагаан Жигмэдийн барилдааныг л санагдуулсан шүү. Үзэгчид бид ингэж ярилцаж байлаа. Бас үзүүр, түрүүнд үлдчихээд шударга барилдахгүй арга саам хийж нэг хэсэг таахалзах дүр үзүүлэв. Тэр дүр чинь үзэгчдэд бас таалагдаагүй. Барьц сонгохыг хүлээсэн бөхийг бөх сонирхогчид огт таашаадаггүй л дээ. Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш ухаардаггүй гэдгийг урьтал болгож харцага танд үүнийг л хэлэх гэсэн юм.

 

А.Хангай