Эрдэнэт хүний амь эрсдэхээс нааш бид нийгмийн аливаа асуудлаа АСУУДАЛ гэж харахаа больчихсон хэрэг үү? Кино театрын гадна алхаж явсан нэгэн залуугийн дээрээс барилгын төмөр унаснаас хойш л барилга барихад хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахих ёстойг том, жижиг гэлтгүй компаниуд санасан болов уу. Биологич залуугийн алтан амиар Тост, Тосонбумын нурууг тусгай хамгаалтанд авахаар боллоо. Гудамжны болон гэрийн тэжээвэр нохой нэг л өдөр бяцхан хүүхдийн аминд хүрснээр гудамжны нохой устгахад жил бүр тэрбум шахам төгрөг төсөвлөдгийг мэдэж, түүний үр дүнг нэхэх болов. Он гарсаар улаанбурхан өвчин дэгдэж хэдэн амь үгүйрч байгааг хэвлэл, мэдээллээр хэдэн сар бичиж, нийтэлсэн ч үрээ алдсан эхийн гашуун захидал л бүхний сэтгэлд хүрж, 50 гаруй нялхас хорвоог орхисон хойно сэхээрч байх шиг.

бяцхан хүүхдийн аминд хүрснээр гудамжны нохой устгахад жил бүр тэрбум шахам төгрөг төсөвлөдгийг мэдэж, түүний үр дүнг нэхэх болов.

Асуудал заавал улс орны эрх ашигт нөлөөлж, хөгжил шийдэл дагуулснаараа томордоггүй, асуудал улс орны иргэн бүрийн өдөр тутмын хэвийн амьдралд нөлөөлөөд ирэхээр амин чухал болж байгааг бид харж байна. Улаанбурхан өвчин олон гэр бүлд тохиолдож, эрүүл, аюулгүй амьдрах эрхэд нөлөөлж байсан ч бид улаанбурхангүй улс болтлоо асуудлыг шийдвэрлэж байсан атал энэ гайтай сонгуулийн хавар асуудлаа танихаа больчихов. Дөрвөн жил улс орныг хэн удирдах нь чухал ч, түүнээс урьтаад өдөр бүр хүн бүхний амьдралд тулгарч байгаа асуудлаа “таньж” сурахсан.

үрээ алдсан эхийн гашуун захидал л бүхний сэтгэлд хүрж, 50 гаруй нялхас хорвоог орхисон хойно сэхээрч байх шиг.

Заавал хэн нэгний алтан амийг авч байж асуудлаа таньж сурмааргүй байна. Цаашид төр засгийн тэргүүнүүд хүний амийг золиослохгүйгээр асуудлаа таньж сурмаар байна.

Дөрвөн жил улс орныг хэн удирдах нь чухал ч, түүнээс урьтаад өдөр бүр хүн бүхний амьдралд тулгарч байгаа асуудлаа “таньж” сурахсан.

Т.Буянаа