Маргааш Энэтхэгийн Хатагтай спикер Сумитра Махажан айлчилна
2016/04/17
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан даваа гаригт манай улсад ирнэ. Тэрбээр УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар манай улсад энэ сарын 18-22-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийх юм.
Айлчлалын үеэр Сумитра Махажан энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын зарим арга хэмжээнд оролцоно.
Мөн УИХ-ын дарга З.Энхболдтой албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Бас хатагтай Сумитра Махажанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бараалхах юм.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан нар Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийнхэнд товч ярилцлага өгнө.
Түүнчлэн Парламентын дарга нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд хандивласан зайн туяа эмчилгээний “Bhabhatron II” аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлтийн ёслолд оролцоно.
Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ануул Мишра нар Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим (Лок Сабха)-ын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурах юм.
Хатагтай спикер Сумитра Махажан тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Энэтхэг Улсын парламентын Дээд танхим /Ражяа Сабха/, Доод танхим /Лок Сабха/-ын зарим гишүүд, парламентын Доод танхим /Лок Сабха/-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, албаны бусад хүмүүс орсон байна.