Ямар ч хамаагүй амлалт өгдөг, тэрнийхээ хариуцлагыг хэзээ ч хүлээдэггүй улстөрчийг популист гэнэ гээд байгаа шүү дээ. Тэгэхээр манай улсын төрийн эрх барьж буй улстөрчдийн ихэнх нь популистууд болж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэдийн саналыг авахын тулд ямарч хамаагүй аргыг хэрэглэж улс төрд орж, төрийн мөнгө болон эрх мэдлээр өөрийн хүслээ гүйцээгээд үр хүүхдүүдээ тансаглуулаад, амжчихвал тэдний хүсэл биеллээ олж байгаа нь тэр. Түүний дараа монгол улс сөнөх сөнөхгүй байх нь тэдэнд огтхон ч хамаагүй. Хэрэв байдал эвгүйтээд, хууль хяналт шалгаж, ард түмэн чичлээд ирвэл баян тансаг, хөгжчихсөн улсад очоод, зовох юмгүй, амар жимэр сайхан амьдарчихна. Үүний хамгийн сонгодог жишээ гэвэл С.Баяр байна.

Тэрбээр 1988 онд МАХН-д элсэж байсан бөгөөд 2005 оны нэгдүгээр сараас МАХН -ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Харин 2007 оны 10 сард болсон МАХН-ын 25-р их хурлаар тус намын даргаар сонгогдож, 2007 онд Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдон ажилласан түүхтэй. Сайдаар ажиллаж байх хугацаандаа Оюутолгойн ордыг ашиглуулах гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулж, ажлаа бүтээснийхээ дараахан элэгний өвчтэй гэдэг шалтгаанаар ажлааас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, түүний албыг Сүхбаатарын Батболд хүлээн авсан байдаг. Ингээд С.Баяр УИХ-ын 2012 оны сонгуульд ч нэр дэвшээгүй. Чимээ сураг нь алдарсан.

Арга ч үгүй биз ээ. Түүнийг Ерөнхий сайд байх үед 7-р сарын нэгний үймээн болж, "Үймээний үед цагдаа иргэдийг буудаагүй хэрвээ буудсан байвал би хариуцлага хүлээнэ" гэж албан ёсоор Ерөнхий сайд С.Баяр мэдэгдэж байсан билээ. Гэтэл цагдаагийн ажилтанууд зэвсэг хэрэглэн иргэдийн амь насыг хохироосон нь тогтоогдсон гэдгийг тухайн үеийн цагдаагийн удирдлага генерал, хурандаа нар баримтаар нотолж, уг хэргийг шүүхэд шилжүүлж, холбогдох хүмүүс нь эрүүгийн хариуцлага хүлээсэн байдаг.

Үүнээс гадна С.Баярыг Ерөнхий сайд байхад " Оюу толгойн ордыг ашиглах компанитай Тогтвортой байдлын гэрээ"-г Монгол улсад ашиггүй нөхцлөөр байгуулсан нь өнөөдрийг хүртэл маргааны үндэс болж байгаа. Эл асуудлуудтай холбогдуулан С.Баярыг олон хүн буруутгасаар байдаг юм.

Гэтэл өнгөрсөн жил С.Баярын 24 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө нь АНУ-д байдаг, 3 сая долларын үнэтэй тансаг хаусныхаа гадаа зүлэг усалсан шигээ амьдарч байгаа гэх мэдээлэл баримттай гарсан байдаг. Түүнийг Манхэттэн дэх хаусныхаа зүлгийг услахаас гадна АНУ дахь 6 ч тансаг хаусаа нааш цааш нь гүйлгэж борлуулсан шигээ тансагхан тааваараа амьдарч байгаа тухай нь УИХ-ын гишүүн Г.Уянга олон нийтэд дэлгэж, шалгах шалтаг шалтгааныг нэмээд авсан.

Дээрх тансаг хауснуудаа Оюутолгойн гэрээний хөлсөнд авсан гэх мэдээлэл байсан учир түүнийг АТГ шалгаж байсан юм. Харин эл хэрэг тэгэсхийгээд намдсан байгаа. Тэгвэл саяхан АТГ-ын дарга Н.Ганболд өөөрийн хүсэлтээр ажлаа өгөхдөө эл хэргийн талаар ярихдаа “Үүнийг хэлэхэд эвгүй байна. Гэхдээ С.Баярын хэргийг прокуророос хаасан байгаа” гэж ам алдав.

Яагаад түний хэргийг хаав. Хэн хааж өгөв гэдэг ч асуудал бий. Хамгийн гол нь түүнийг Тэгвэл амьд үгүй нь мэдэгдэхгүй болтлоо сураг тасарсан С.Баяр намын хуралдаа сууж, фэйсбүүктэй болж бүр болоогүй бусдад өрөвдүүлэх, тэдэнд таалагдах тактик баримталж, өөрийгөө магтсан нийтлэл бичээд ил гарч ирлээ. Тэрбээр фэйсбүүкээрээ дамжуулан дурсамж нийтлэлээ бичихдээ “Бусдад тусладаг, хүнийг ялгаж харьцдаггүй, ажил албаа нэр төртэй хашдаг. Эх орондоо хайртай, монгол хоолоо санадаг, хонины толгой идэх дуртай” хэмээн өөрийн далд пиараа хийжээ. Сонгууль бүрийн өмнө төрөл арилжсан мэт зан ааш нь хувирдаг, жирийн иргэдэд хайртай болчихдог энэ мэт популистуудаас болгоомжлох хэрэгтэй байх шүү. Одоо тэр улстөрд иргэн ирж, юу зарж, ямар ажил амжуулах гэж буйг ч таах арга алга.

Үргэлжлэл бий

Н.Ганаа