МАХН-ын дарга Н.Энхбаярын шийдвэр ойрын үед тун эрс тэс байж, улс төрийн хүрээнд хөдөлгөөн буй болгож байна. МАН-тай эвсэл байгуулахаар квотоо хүртэл тохирсон байсан ч АН-ын лидерүүдийн "Өршөөл үзүүлье, гуравдагч хүчний томоохон эвслийг байгуулж удирд" гэсэн саналыг хүлээн авч, нөхцлөө чангатгах замаар МАН-тай эвсэл байгуулах тохиролцоог зогсоосон юм.

 

Гэсэн ч МАН, АН-ынхан түүнийг хуурсан нь удалгүй ил болсон бөгөөд намын жагсаалтаар УИХ-д нэр дэвшин, сонгогддог заалтыг байхгүй болгох замаар МАХН-ыг парламентад суудалгүй болгох төлөвлөгөө боловсруулагдсан нь улс төрийн хүрээнд нэгэнт тодорхой болсон. Тэгвэл Н.Энхбаяр дахин хувирч, МАН-тай эвсэл байгуулах санал гарган, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдтой уулзахаар хөөцөлдөж буй аж.

 

МАХН-ын МАН-д хандан гаргасан уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

УРИАЛГА

 

Манай орны улс төр, эдийн засгийн өнөөгийн хүнд хэцүү нөхцөл байдалд санаа сэтгэл зовсон ахмадууд 2015 оны 11 сарын 04-нд МАХН, МАН-ын удирдлагуудад өргөх бичиг барьж, УИХ-ын 2016 оны сонгуульд хоёр нам эвсэж оролцох нь зүйтэй гэсэн саналаа илэрхийлсэн билээ.

 

Ахмадуудынхаа өгсөн энэ саналд МАХН хүндэтгэлтэй хандан МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар хоёр удаа хэлэлцэн “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэх урилгыг МАН-д явуулж, тус арга хэмжээг хамтран зохион байгуулсан. Улмаар хоёр тал УИХ-ын 2016 оны сонгуульд эвсэл болон хамтран оролцох тухай асуудлаар хэлэлцээр хийх ажлын хэсгийг байгуулан ажиллалаа.

 

Манай намын ажлын хэсэг эх орноо өнөөгийн хямралт байдлаас гаргахад хоёр намын хамтын хүчин чармайлт хэрэгтэй гэдэг зарчмыг тууштай барьж ажиллаж ирсэн гэдгийг тэмдэглэж байна.

 

МАХН, МАН-ын ажлын хэсгүүдийн хэлэлцээрүүдийн явцад холбогдох хуулиудын хүрээнд танай талын тавьсан саналд хүндэтгэлтэй хандаж ирсэнийг Та бүхэн сайн мэдэж байгаа бизээ.

 

МАХН 2016 оны 4 сарын 19-ний өдөр ээлжит Бага чуулганаа зарлан хуралдуулж, МАН-тай эвсэх асуудлаар ажиллаж байгаа ажлын хэсгийн санал дүгнэлтийг нухацтай хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргаагүй байсан билээ.

 

Гэтэл МАН-аас, МАХН-тай эвсэхгүй гэсэн шийдвэрийг 2016 оны 4 сарын 19-ний 18:00 цагийн үед гаргасанд гүнээ харамсаж байна.

 

Бид манай хоёр нам эвсэж УИХ-ын сонгуульд оролцох нь монголын ард түмэн, эх орны эрх ашгийн асуудал мөн учир ард түмнийхээ эрх ашгийн төлөө гэсэн зарчмаа тууштай барьж, тэдний итгэлийг биелүүлэх нь манай хоёр намын үүрэг байх ёстой гэж үзэж байна.

 

Хуулинд нам, эвсэл сонгуульд орохоо 4 сарын 29-нд албан ёсоор мэдэгдэх тухай заасан байгаа учир хоёр нам эвсэх асуудлыг шийдвэрлэх цаг хугацааны боломж бололцоо байгаа гэж үзэж байна. Иймд та бүхнийг яарч гаргасан шийдвэрээ эргэн харна уу хэмээн уриалж байна. Энэ талаар 4 сарын 19-нд болсон МАХН ба МАН -ын дарга нар, ажлын хэсгийн гишүүдийн өргөтгөсөн уулзалтаар ярилцахад манай тал хоёр нам эвсэл болох асуудлыг эерэгээр шийдвэрлэх боломж бололцоо цаг хугацааны хувьд ч хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд ч, зохион байгуулалтын хувьд ч байна гэдгийг тэмдэглэж, хоёр нам эвсэж сонгуульд орох асуудалд эерэг хандах нь зөв гэсэн байр сууриа хэд хэдэн удаа тодорхой илэрхийлсэн билээ.

 

Иймд МАН-аас манай хоёр нам УИХ-ын 2016 оны сонгуульд эвсэн орох асуудлаар эерэг шийдвэр гаргах талаар 04 сарын 22-ны өдөртөө багтаан ажиллахыг дахин уриалж байна.

 

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН БАГА ЧУУЛГАНААС