Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тиймээс өнөөдрийн шүүхийн тогтолцоо 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болох юм. Ингэснээр аймаг бүрт давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт анхан шатны шүүх байхаар болж байгаа.

Тодруулбал шүүх дараах байдлаар шинэчлэгдэн байгуулагдана. Ингэснээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа давж заалдах шатны 19 шүүх 26 болж, дүүргийн 8 шүүх 16 болж, нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдан анхан болон давж заалдах шатны 99 шүүх 115 болж нэмэгдэх юм.

Шүүгчдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр 13 аймагт байгуулагдах давж заалдах шатны шүүхэд 38 шүүгч буюу орон нутгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 55,8 хувийг нүүлгэн шилжүүлэх бөгөөд дээрх ажлыг хэрэгжүүлэхэд нийтдээ 2.5 тэрбум төгрөг шаардагдах юм байна. Бид энэ талаар ШЕЗ-ийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчираас тодрууллаа.

 

- Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд ШЕЗ-ийн зүгээс ямар байр суурьтай байна вэ?

- Шүүх байгуулах тухайн хуулийн холбогдох зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж ҮХЦ-ийн дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлт 2016 оны 06-р сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр болно. Дүгнэлттэй холбоотойгоор Шүүх байгуулах тухай хуулийн Нийслэл дэхь давж заалдах шатны шүүх болон захиргааны хэргийн давж заалдах шүүхээс бусад аймаг дунд байгуулсан давж заалдах шатны шүүхийг, Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс бусад дүүргийн шүүхийг өөрчлөн байгуулахаар хуулийн төслийг бэлдээд байна.

Аймаг бүрт давж заалдах шатны шүүхийг байгуулна. Гэхдээ Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан дагнасан шүүхийн тогтолцооноос ухрахгүй гэсэн бодлогыг баримталж байгаа. Тэгэхээр аймаг тус бүрт байгуулах шүүх маань эрүү, иргэний хэргээр дагнасан танхимтай байхаар хувиарласан.

Долоон дүүрэгт шинээр эрүү, иргэний хэргээр дагнасан шүүх байгуулна. Бага хангай дүүргийн хүн амын тоо харьцангуй бага. 4000 орчим хүн амтай, сүүлийн долоон жилийн дунджаар тус дүүргийн шүүх жилдээ эрүүгийн долоо, иргэний 27 хэргийг шийдэж байна. Энэ нь бусад дүүргийн шүүхтэй харьцуулахад ачаалал багатай. Тэгэхээр Бага хангай дүүрэгт шүүх байгуулах нь оновчгүй. Тиймээс Налайх, Бага хангай дүүргийн дунд нь шүүх байгуулахаар зохицуулалт хийсэн байгаа. Өөрөөр хэлбэл Бага хангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Бага хангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх гэж байгуулагдана л гэсэн үг.

 

- Шинээр шүүх байгуулахад 2.5 тэрбум төгрөг шаардлагатай. Санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх вэ?

- Шүүх байгуулах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд 2.5 тэрбум төгрөгийн тооцоо гарч байгаа. 2.5 тэрбум төгрөг Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсөвт байхгүй. Хуулийн танилцуулгад Засгийн газрын нөөц сангаас гаргуулна гэж тооцоо хийсэн байгаа. Хууль батлагдаад гарахад төсөв мөнгө нь хэрхэн шийдэгдэхийг УИХ-аас шийдэх байх.

 

- Шүүх байгуулахад байдал нөхцөлөөсөө шалтгаалаад өөр өөр зардал гарч байгаа байх. Хаана шүүх байгуулахад хамгийн их төсөв шаардлагатай байна вэ?

- Эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөө цагт бид аль болох зардал гаргахгүй байхаар тооцоо хийсэн. 13 аймагт давж заалдах шатны шүүх шинээр байгуулахтай холбогдолтойгоор ихэнх зардал гарч байгаа.

 

- Шүүх байгуулахтай холбоотойгоор шүүхийн байгууллагад хэчнээн ажлын байр гарч байгаа вэ? Мөн ажилтан албан хаагчдаас цомхтгож байгаа юу?

- Тийм асуудал бол гарахгүй. Шүүгч нар байрлаж байгаа газраасаа өөр аймаг рүү нүүнэ.

 

- Шүүхүүдийг салгахаар ажилчин албан хаагчдыг хэрхэн хувиарлаж байгаа вэ?

- Энэ асуудал дээр шүүгчдэд хүндрэлтэй асуудал гарч байгаа. Өмнө нь ажиллаж байсан шүүх, амьдарч байсан газраасаа гэр бүлээрээ нүүгээд ирсэн байдаг. Одоо шүүх байгуулах гэхээр дахиад нүүх шаардлага гарч байгаа. Тэр шүүгчийн гэр бүлийнхэн дагаад нүүж байгаа. Тэгтэл амьдрах байр, гэр бүлийнхний ажлын байр зэргээс эхлээд шийдэх асуудал их байгаа. Тийм учраас давж заалдах шатны шүүхийн шүүгч нарын хувьд аймаг хооронд нүүж байгаа болохоор энэ мэтээр хүндрэлтэй асуудлууд байгаа.

 

- Өмнө нь шүүгчид нүүдлэн шүүх хурал хийдэг байсан. Одоо шинэ төслөөр шүүх байгуулж байна. Аль нь илүү зардалтай байна вэ?

- Шинээр боловсруулсан төсөл дээр арай илүү өндөр зардал гарч байгаа. Яагаад гэвэл Орхон, Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийг тухайн орон нутгийн онцлогийг харгалзаад бүрэлдэхүүнтэйгээр нь үлдээж байгаа. Бусад аймгуудад нэг ерөнхий шүүгч, танхим тус бүрт нэг нэг шүүгч, танхим хоорондоо сэлгэн ажиллах боломжгүй гэхээр давж заалдах шатны шүүх хуралдаан хийх бүрэлдэхүүн хангалтгүй байгаа. Тэгэхээр гурван аймгийн дунд байгуулсан шүүхтэй үед нэг шүүгчид жилд эрүүгийн 31 хэрэг, иргэний 27 хэрэг оногдож байсан. Үүнийг гурван аймагт хуваагаад үзэхээр ачаалал нь бага болно. Гэхдээ орон нутагт томилолтоор ажиллах шүүгчийн зардал гурав дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан.

-Цаг гарган тодруулга өгсөнд баярлалаа.

Э.Золбоо

А.Баярмаа