УИХ-ын гишүүн Н.Батбаяр шиг сэтгэж, бас түүний хэлснээр хийвэл хөгжил дэвшлийн үүд аяндаа нээгдэж, хүний хорвоод монголчууд шиг баян, тансаг үсрэнгүй улс гэж байхгүй болох бололтойдог шүү.


Тэр ч байтугай хүмүүсийн ярьдгаар нас бол ердөө л тоо гэдэг шиг өр, тэр дундаа улсын өр гэдэг юу ч биш. Тиймээс өглөг болгоод өөрчилчихье гэдэг санаачилга УИХ-ын чуулганы байнгын хорооны хуралдаан дээр яригдав.


Саяхан буюу энэ сарын 13-нд Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Харин өчигдөр тэрхүү хуулийн төсөл болоод холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн. Эрхэм гишүүний хэлж буйгаар "Монгол Улсын хувьд олон улсын түвшинд зээлжих зэрэглэл ахин арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өр, зээлийн талаар нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль, эрх зүйн орчны хувьд зөвхөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж байсан тул Засгийн газрын зүгээс өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан бие даасан хууль гаргах шаардлага үүссэн...


...Гэвч сүүлийн үед өрийн асуудлаар улстөржих болж цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтийн дунд Засгийн газар, улсын нийт гадаад өртэй холбоотой буруу, сөрөг ойлголтыг төрүүлж, олон нийтийг төөрөгдүүлж байгаатай холбогдуулж өрийн тухай асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх нь цаг үеийн тулгамдсан асуудал болж байна гэж үзсэний үндсэн дээр уг хуулийн төслийг боловсруулсан" ажээ.


Гэвч байнгын хороогоор дээрх төслийг хэлэлцэх үед эгээ л Монгол үгийн тайлбар толийн талаар цэц булуулдаж байна уу гэлтэй байлаа. Тэр ч байтугай хуулийн төсөл нь бүхэлдээ ердөө л үг сонголтыг л өөрчлөх талаар байгаа юм.


Товчхондоо хуульд байгаа "өглөг" гэж гэрээнд заасны дагуу тодорхой хугацаанд төлөгдөж байгаа хүү, үндсэн төлбөр болон холбогдох бусад төлбөрийн үүргийг, "өр" гэж гэрээнд заасан хугацаанаас хэтэрсэн өглөгийг нэрлэнэ хэмээн өөрчлөх юм байх. Цаашилбал "өрийн баталгаа" гэснийг "зээлийн баталгаа", "өртэй" гэснийг "өглөгтэй", "өргүй" гэснийг "өглөггүй" "өрд" гэснийг "өглөгт" гэж тус тус өөрчилсүгэй гээд л болчихож. Үүнийг нь эсэргүүцэж Ч.Хүрэлбаатар гишүүн "Батбаяраа чиний нэрийг бонд болговол яаж байна. Эсвэл чамайг өр, өглөг гэж дууддаг болж болох уу. Батбаяр гэдэг нэрийг солиод банди гэдэг хүн болгоё. Ингэж завхруулж болохгүй. Өртэй хүн өөдөлдөггүй. Өттэй ямаа таргалдаггүй" гэдэг үг байдаг. Одоо энэ мэт үгнүүдийг өөрчлөх болж байх шиг байна. Нэрэндээ байгаа юм биш Батбаяр аа. Энэ өрийг чинь бид эргүүлээд л төлнө.

 


Хүнээс зээлж авсан бол бид тэр хүнд өртэй л болж байгаа. Буцаагаад л төлнө. Түүнээс өрийг өглөг гээд биччихээр бүх зүйл засагдчихна гэж байхгүй. Тиймээс бид эдийн засгийн асуудлуудыг агуулгаар нь засч янзлах ёстой. Гэтэл зүгээр өрийг өглөг гэж оруулж ирээд яаж байгаа. Улс орноор дайжигнаад байгаа юм уу. Тэнэглэлд хязгаар байгаа. За Батбаяр аа, үнэхээр би өөрөөс чинь айж эхэлж байна. Миний хөгшин нэг эмнэлэгт үзүүлчихээд ирвэл ер нь яасан юм бэ. Өөрийгөө зас, тархи, толгойгоо цэгцэл, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж амьдар. Гадаад, дотоодын эдийн засгийн онолын чиглэлийн сэтгүүлүүдийг сайн унш. Бусад оронд болоод байгаа зүйлийг сайн үз, мэд. Үг, үсгээр хөөцөлдөөд нээх сайн үр дагавар авч ирэхгүй шүү" хэмээсэн. Харамсалтай нь Н.Батбаяр гишүүний хувьд тэрхүү "Өр" гэдэг үгнээс ихэд цэрвэж буй нь бүр илэрхий "Хүрэлбаатар гишүүн өр гэдэг үгийг өглөг гэдэг үгээр солиод утга өөрчлөгдөхгүй гээд байна. Өөрлөгдөнө. Тухайлбал, танай нам МАХН нэртэй байсан байх аа. Гэтэл хувьсгал гэдэг үгийг болохгүй гэж хасаад МАН болсон байх аа. Өөрчилсөн байгаа биз. Гэтэл танай намд ямар үр дагавар ирсэн билээ. Тиймээс үг гэдэг бол цаанаа утга учиртай хэмээн муйхарлан тайлбарласаар байв. Хуулийн төслөө дэмжүүлэхийн тулд ёстой л зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэгч болж "Н.Алтанхуяг 2012 он Ерөнхий сайд болсон нь 1981 онд шийдэгдсэн зүйл. Яагаад гэвэл тэр хүн 1981 онд Алтантуяа нэрээ Алтанхуяг болгосон учраас. Улмаар намын дарга болсон. Намын дарга болоод Ерөнхий сайд болсон. Үгийн зөрүү гэдэг чинь асар их учиртай юм аа" гэсээр байв.


Энэ бол Монгол Улсын эдийн засаг, ирээдүйтэй холбоотой хуулийн төсөл мэт байснаа задаргаа нь ердөө л нэр болж хувирсан хэрэг. Үнэхээр нэрийг нь солиод л аливаа асуудал шийдэгдчихдэг бол сайнаар барахгүй үйл болно биз. Хэрвээ нэр тийм чухал байгаад өр гэдгийг өглөг болгох гээд байгаа бол нэг мөр бүхий нэрээ солиод үзэхэд юу нь болохгүй гэж.


Эхний ээлжинд өргүй улс болохын тулд дэлхийн хамгийн баян Катар улсын нэрийг түр зээлчихье. Газар нутгаа тэлэхийн тулд ОХУ гэж дуурсагдаад явъя. Олон хүн амтай болохын тулд урд хөрш БНХАУ-ын нэрийг авъя. Ард иргэдээ аз жаргалтай болгохын тулд Дани улсын нэрийг авчихаж яагаад болохгүй гэж.

Эх сурвалж: